Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах хугацааг хоёр жилээр хойшлуулна

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах хугацааг хоёр жилээр хойшлуулна
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 30
2010 онд Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж, батлахад банкны хадгаламжийн хүүгээс орлогын татвар авч, төсөвт орлого бүрдүүлэхээр тооцсон. Гэхдээ 2008 оны хямралтай холбоотойгоор хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах хугацааг 2014 он хүртэл хойшлуулсан байдаг. Гэхдээ 2014 онд Төсвийн тухай хуулиар хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй, харин 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хүүгийн орлогоос татвар авч байсан юм. Татварын багц хуулийн хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах хууль бүрэн хэрэгжих юм. Тэгвэл бүх иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах хугацааг дахин хоёр жилээр хойшлуулах хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барих юм байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн пүрэв гаригт олон нийтэд хандаж хийсэн мэдээлэлдээ ч онцолжээ. Ерөнхий сайд “Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан иргэдийн төгрөгийн хадгаламжийн орлогод ногдуулах татварын хуулийн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх хугацааг хоёр жилээр буюу 2018 он хүртэл хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина” гэж хэлсэн. Мөн Монголын банкны холбооноос хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлсэн юм байна. Монголын Банкны холбооны саналд, “засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ саарч, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ үед хадгаламжийн хүүгээс орлого авах нь иргэд, харилцагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй” гэж дурджээ. Иргэд хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлбэл банкнаас эх үүсвэрээ буцаан татах зэрэг сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй тул хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах саналыг Монголын банкны холбооноос гаргасан байгаа юм. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн