Open iToim app
Анализ | 12 мин уншина

Хадгаламжийн орлогоос татвар авснаар банкнаас мөнгө зугтах, зээл дутах эрсдэлтэй

Хадгаламжийн орлогоос татвар авснаар банкнаас мөнгө зугтах, зээл дутах эрсдэлтэй
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 23
“Хадгаламжийн даатгалын корпорац”-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж иргэд банкнаас хадгаламжаа татаж байна уу. Ер нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн үү?
-Банкны системийн нийт хадгаламжийн хэмжээ 11 их наяд төгрөг байна. Өнгөрсөн зургаа, долдугаар сард хадгаламж буурах хандлагатай байсан. Наймдугаар сард бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж байна. Банкны системийн нийт хадгаламжийн долоон их наяд нь иргэдийнх . Далан хувь төгрөгийнх, 30 хувь нь ам.долларын хадгаламж байна. Ер нь энэ жилийн хувьд хадгаламжийн өсөлт зогсонги байна . Энэ нь ДНБ-ий өсөлт саарч, эдийн засаг тэлэхгүй байгаатай холбоотой. Энгийнээр тайлбарлавал, аж ахуйн нэгж, иргэдийн орлого нэмэгдэхгүй байгаа учраас хүмүүсийн хуримтлал нэмэгдэхгүй байна. Эдийн засаг 17 хувиар өсч байх үеийнх шиг харилцах хадгаламжийн хэмжээ 20, 30 хувийн өсөлт үзүүлж чадахгүй болсон. Өмнөх онтой харьцуулах нэг хүрэхгүй хувь буюу 300 тэрбум төгрөгийн л өсөлттэй байгаа.
-Иргэдийн хадгаламжийн хэмжээ буурсантай холбоотойгоор банкуудын зээл олголт дагаад буурсан гэсэн үг биз дээ?
-Хүмүүс орлогоосоо тодорхой хувийг хэрэглээндээ зарцуулдаг. Хэрэглээ, орлого хоёрын зөрүүгээр илүүдэл бий болбол хуримтлуулдаг. Гэтэл өнөөдөр иргэд олсноо зөвхөн хэрэглээндээ л чадан ядан хүргэж байна . Зарим аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаагаа танаж, хэрэглээгээ багасгаж байна. Жишээ нь, арилжааны банкууд бизнесээ өргөжүүлэхийн тулд аймаг, сумдад салбар нэгжээ байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд банкууд энд, тэнд салбар нээлээ гэж дуулдаагүй. Бүх аж ахуйн нэгж л ийм байдалд ажиллаж байна.
-Зээл олголт багасаагүй ч, эхний найман сарын байдлаар банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Энэ хэрээр хадгаламж эзэмшигчдийн мөнгө үнэгүйдэж байна гэж ойлгож болох уу?
-Банк бол санхүүгийн зуучлагч. Санхүүгийн зуучлагчийн хувьд иргэдийн итгэлийг олж мөнгийг нь хадгалж, бусдад зээлүүлж, энэ хоёрын зөрүүнээс ашиг олдог. Банкны нийт эх үүсвэрийн 10 хувь нь эздийнх, 90 хувь харилцагчдын мөнгө байдаг. Эдгээрийг нийлүүлээд 100 хувь гэж үзвэл чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 10 хувийг эзэлбэл банкны эзний хөрөнгө байхгүй болж байна гэсэн үг. Эзний хөрөнгө байхгүй болсон тохиолдолд Төв банкнаас албадлагын арга хэмжээ авахаас өөр аргагүй болдог. Санхүүгийн хүндрэлд орж татан буугдсан өмнөх банкууд бүгд эздийнх нь хөрөнгө байхгүй болсонтой холбоотой. Тэгэхээр чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь энэ эрсдэл ойрхон байна гэдгийг сануулж байгаа юм.
-Одоогоор чанаргүй зээл нийт зээлийн 7.3 хувийг эзэлж байна гэжээ. Нийт активын хэдэн хувьд хүрвэл аюултайд тооцох вэ?
-Дунджаар банкуудын нэгдсэн балансын 60-70 нь зээл байдаг. Нийт активын шүү. Харин чанаргүй зээлийн хэмжээ нийт активын 10 хувьд хүрвэл тухайн банк оршин тогтноход хүнд болно . Нөгөө, банкны эзний 10 хувийнх нь таван хувь нь алга болсон гэсэн үг.
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэж ярьж байна?
-Хадгаламжийн хүүгээс татвар авах нь шинэ зүйл. 2010 онд Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж, батлахад хадгаламжийн хүүгээс орлогын татвар авах асуудал яригдсан. Хадгаламжийн хүүгээс татвар авч түүнийгээ орлого гэж үзнэ. Тиймээс хүн амын орлогын 10 хувийн татвар хасагдах ёстой гэж үзсэн. Гэхдээ 2008 оны хямралтай холбоотойгоор хадгаламжийн хүүгээс татвар авах хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан юм. Энэ хугацаа нь өнгөрсөн 2014 онд дууссан. Өнгөрсөн жил Төсвийн тухай хуулиар хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй, харин 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хүүгийн орлогоос татвар авч байсан. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар хууль хэрэгжих гэж байна.
-Энэ хууль хэрэгжээд эхэлбэл хадгаламжийн хэмжээ улам л буурах юм биш үү. Хадгаламжийн хүүгээс татвар авах нь эерэг, сөргийн аль нь илүү байх бол?
-Эдийн засаг хүндрэлтэй, хадгаламжийн хэмжээ бодит хэмжээгээрээ өсөж чадахгүй байгаа энэ үед хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь бас нэг дарамт л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай үед дарамт нэмэгдэж иргэд банкнаас мөнгөө татаж, банкны зээлийн эх үүсвэр буурна. Эдийн засагт зээл гаргахгүй байвал аж ахуйн нэгжүүд томорч, тэлж чадахгүй. Ийм сөрөг талууд бий. Гэхдээ Татварын хууль, Хүн амын орлогын албан татварыг төвлөрүүлэх ёстой учраас хэрэгжүүлэх ёстой. Талх хийгээд орлого олж байна уу, мал хариулж олсон орлого байна уу, эсвэл хуримтлуулсан мөнгөний хүүгээс орлого олж байна уу гэдгийг үл харгалзан орлого олж байгаа учраас тэгш татвар авах ёстой гэдэг зарчим үйлчилж байгаа юм. Сайн тал нь бүгд ижил татвар төлнө гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь цаг хугацааны хувьд зөв шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хадгаламжийн орлогоос татвар авна гэхээр банкнаас мөнгө зугтах аюул давхар гарч ирэх эрсдэлтэй .
-Хэрвээ хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авбал иргэд банкнаас өөр санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж, мөнгөө ашигтай эргэлдүүлэх нөхцөлийг хайж эхлэх байх. Хадгаламж зээлийн хоршоо, эсвэл иргэд хоорондын зээл гэх мэтээр.
-Мэдээж тэгнэ. Жишээ нь, өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны хүү банкны хадгаламжийн хүүгээс өндөр байна. Банкин дахь дундаж хадгаламжийн хүү 15 хувь байхад Засгийн газрын үнэт цаасны хүү 16 хувь байна. Дээр нь, Засгийн газрын үнэт цааны хүүгээс орлого олбол татвар авахгүй гэсэн хуультай. Тэгэхээр иргэд санхүүгийн өөр хэрэгслийг сонгох магадлал нь өндөр. Банкны системээс үнэт цаасны зах зээлд мөнгө шилжих нь зөв хандлага. Гэхдээ энэ гэнэтийн өөрчлөлт нь банкны салбарын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах үйл ажиллагаа ямар байдлаар хэрэгжих нь ойлгомжгүй байгаа. Ер нь эдийн засагчийн байр сууринаас харахад татварын байгууллага ажлаа хийж чадахгүй харагдаж байна. Татварын байцаагчид очиж татвараа авах ёстой байтал аж ахуйн нэгж нь аваад татварын байгууллага нь хүлээгээд суудаг боллоо. Хоёр байгууллага хамтарч ажиллахад нэг нь нөгөөгөөсөө татварыг нь суутгаж авсангүй гэдгээр хэрэг үүсгэж, шүүхэд дуудагдаж байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн нягтлангууд татварын байцаагч болж хувирч байна шүү дээ. Тэгэхээр хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах процесс нь банкуудыг "та нар хүүг нь төлсөн юм чинь орлогоо ав" гэж тулгах магадлал өндөр. Энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч, банкуудын хооронд маргаан үүснэ. Татварын ерөнхий газар хүүгийн орлогоос татвар хурааж аваа гэвэл эргээд татвар, банк хоёрын хооронд нэлээд том маргаан үүснэ. Аль аль талдаа тодорхой маргаантай асуудал үүсгэхээр харагдаж байгаа.
-Нийт хадгаламж эзэмшигчдийн хэдэн хувь нь 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай вэ?
-Маш бага буюу нийт хадгаламжийн нэг хувийг эзлэхгүй байгаа. Өнгөрсөн онд 100 саяас дээш төгрөгийн хадгаламжаас хүүгийн орлогоос татвар авахаар болсны дараа иргэд хадгаламжаа тасдах, багасгах хандлага ажиглагдаж байсан. Жишээ нь, 300 сая төгрөгөө гурав хуваах байдлаар байршуулж, аль болох зугтах аргыг хэрэглэж байна.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, далд байгаа эд, хөрөнгийг ил болгох боломжтой болсон гэж ярьж байгаа. Энэ хуулийн үйчлэлийн хүрээнд хадгаламжийн хэмжээ өсөх үү. Ер нь өмнө 2008 онд баталсан хуулийн дараа нэмэгдэж байсан уу?
-Мэдэгдэхүйц их хэмжээгээр өсөхгүй. Ер нь эд хөрөнгөө нууна уу гэхээс бэлэн мөнгөө нуухгүй. Мөнгөө хадгалаад зоорилоод, гудсан доороо хадгалаад байна гэсэн ойлголт маш бага. Учир нь манай улсын нийт мөнгөний 10 хүрэхгүй хувийг гүйлгээнд байгаа бэлэн мөнгө эзэлдэг. Энэ бол олон улсын стандартад нийцсэн тоо. Тэгэхээр статистик талаас нь харахад олон иргэн бэлэн мөнгөө гудсан доороо хадгалах боломжгүй. Харин Монголдоо биш, гадаадад нуусан ямар нэгэн дансаа ил болгож, дотооддоо оруулж ирэх боломжтой. Ер нь Өршөөл, Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжихэд гол татвартай холбоотой тооцооллоо хийдэггүй байсан учраас хууль батлагдсаны дараа банкны хадгаламж өссөн тохиолдол гарч байгаагүй.
-Нэг доллар 2000 төгрөгтэй тэнцэж байна. Үүнийг эрх баригчид бодит ханш гэж тайлбарлаж байна. Таны харж байгаагаар энэ бодит ханш уу, хөөрөгдөл үү?
-Өнөөдрийн 2000 төгрөгтэй тэнцэж байгаа ханшийг бодит гэж хэлэх нь харьцангуй ойлголт. Зарим эдийн засагч, хоёр толгой хөдөлсөн бол ханш 1500 төгрөг рүү орно гэж ярьж байсан. Тэр үед мэдээж 1500-ыг бодит ханш биш, 2000 руу буцаж очих ёстой гэж хэлэхгүй. Хэрвээ нэг доллар 2000 төгрөгтэй тэнцэх нь бодит ханш юм бол яагаад улсын нөөц багасч байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Бодит, тогтвортой хэмжээнд зах зээл тэнцвэртэй байвал улсын гадаад валютын нөөц буурахгүй, Монголбанк ч их хэмжээгээр интервенц хийх шаардлагагүй. Гэтэл ханшийг барих гэж улсын нөөцийг урсгаж байгаа учраас 2000-ыг бодит ханш мөн гэж хэлэхэд эргэлзээтэй.
-Нийт хадгаламжийн 30 хувь нь долларынх гэлээ. Хоёр жилийн өмнө 10 гаруй хувийг эзэлж байсан санагдаж байна. Долларын хадгаламж нэмэгдэж байгаа нь эргээд зах зээлд хомсдол үүсгэж ханш өсгөөд байгаа биш үү?
-Хоёр жилийн өмнө нийт хадгаламжийн 20 хүрэхгүй хувийг долларын хадгаламж эзэлж байсан. Харин төгрөгийн ханш сулрахад төгрөгт итгэх итгэл буурч, ам.доллар руу шилжиж эхэлж байна. Цаашид төгрөгийн ханш суларсаар байвал энэ тоо улам л нэмэгдэнэ. Энэ хэрээр төгрөг үнэгүй болно. Монгол Улс 1997, 1998 оны үед нийт хадгаламжийн 70-80 хувь долларынх байсан үе бий. Энэ үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга.
-Эрээнд монгол мөнгөөр юань авч болж байна гэж ярьж байна. Энэ нь ч бас төгрөг үнэгүй болж байгаатай холбоотой юу. Ингэж монгол төгрөгийн хил давуулж гүйлгээ хийх нь эрх зүйн хувьд байж болох уу?
-Хятад, Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд яригдах асуудал байх л даа. Төгрөгийг чөлөөтэй хөврөх чадвартай гэж үздэг ч АНУ-ын доллар, Японы иен шиг хаана ч очоод чөлөөтэй хөрвөдөг валют биш. Эрээн хотод Монголын олон бизнесмэн түүхий эд, хэрэглээнийхээ бараа, хүнс авдаг. Нөгөө талд Эрээнд манай үндэсний валютыг хүлээж авч байгаа нь төгрөг хүлээн зөвшөөрөгдөж, мөнгө гэдгээ баталж байна. Гэтэл гүйлгээнд байгаа монгол төгрөгийн тодорхой хэсэг Эрээнд эргэлдээд эхэлбэл мөнгөний нийлүүлэлт хяналтаас гарч байна гэсэн үг. Төгрөг бол үнэт цаас. Үнэт цаас гадагшилж байгаагийн цаана эрсдэлтэй олон зүйл бий. Зөв хэрэглээнд зарцуулагдаж байна уу, эсвэл тэнд монгол төгрөгийг устгагдаад байна уу, үгүй юү гэдгийг хянах бололцоогүй, эрсдэлтэй. Хэрвээ дотоодод биш, гадаадад монгол төгрөгийг устгаад эхэлбэл,үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж хувирна.
-Хадгаламжийн даатгалын корпорац байгуулагдаад гурван жил болж байна. Муугаар бодоход чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, банкуудын эздийн хөрөнгө шавхагдаж, банк санхүүгийн хүндрэл орвол танай байгууллага иргэдийн хадгаламжийг бодит эрсдэлээс сэргийлэх санхүүгийн чадамжтай болсон уу?
-Өнөөдрийн системийг эргээд харахад банк давамгайлсан систем хэвээр байна. Нийт мөнгөний 90 гаруй хувь банкин дээр эргэлдэж байна. Банк санхүүгийн систем эрсдэлд орж аль нэгэн банк дампуурах хүндрэл гарахад манай байгууллага голлон үүрэг гүйцэтгэж оролцоно. Өмнө нь улсын төсвөөс мөнгө гаргаж банкны алдагдлыг хаадаг байсан. Одоо тийм биш. Манай байгууллага банкны системээс сүүлийн хоёр жилд 70 гаруй тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлогыг бүрдүүлсэн. Дээр нь манайхыг анх байгуулж байхад Засгийн газар Монголбанкнаас эхлэлтийн хөрөнгө гэж хуваарилсан 100 орчим тэрбум төгрөг байна. Өөрийн үйл ажиллагаагаар олсон 30 тэрбум төгрөгийг нийлүүлж нийт 200 гаруй тэрбум төгрөгийн нөөц санг бүрдүүлсэн. Энэ нөөц сан нь дундаас доош сантай хэдэн ч банк хүндрэлээ гэж бодоход гарах эрсдэлийг даах санхүүгийн чадавхтай болсон гэсэн үг.
-Төсөв нэлээд өндөр хувиар тасарч, төсвийн тодотголыг Сангийн яам боловсруулж байна. Төсвийн зардлыг их хэмжээгээр танах төсөөлөлтэй байна. Зардлаа танахаас өөр сонголт байхгүй юу?
-Эдийн засгийн онолын хувьд хямралтай үед төсвөө тэлж, өргөжүүлэх бодлогыг баримталдаг. 2008 оны дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр Герман улс төсвөө тэлж хохирол багатай, хамгийн хурдан гарч чадсан байдаг. Герман улс төсвөө тэлж том төслүүдэд санхүүжилт хийсэн. Мэдээж еврог их хэмжээгээр хэвлэж, түүгээрээ асар их хэмжээний ажлын байрыг бий болгож, ажлын байраа хадгалж чадсан. Ажлын байр хадгалсны дүнд цалин тогтвортой, иргэдийнх нь амьжиргааны төвшин тогтвортой болсон. Тэр хэмжээгээр хэрэглээ нэмэгдэнэ. Хэрэглэж байна гэдэг нь үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний борлуулалт сайн байна гэсэн үг. Энэ бодлогыг баримталж хүндрэлээс богино хугацаанд гарсан. Төсвийг танана гэж байгаа бол ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй, ажлын байр нэмэгдэхгүй. Үүнийг дагаж орлогогүй, ажилгүй арми бий болдог. Орлогогүй учраас худалдан авалт байхгүй. Худалдан авагчгүй үйлдвэрлэл дампуурна. Төсвөө танаад л байвал эдийн засаг агшаад л байна. Эдийн засгийн хямралын үед төсвөө тэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх хэрэгтэй. Санхүүгийн салбарт өндөр хэмжээгээр зээл өссөнөөр зах зээл жолоодлогогүй болох аюултай байдаг. Яг үүнийх нь эсрэг зээл байхгүй бол үүнээс илүү аюултай гэж үздэг. Тэгэхээр энэ жишгээр төсөв танагдах тусам эдийн засаг агшиж, сүүлдээ агшилтаа зогсоож чадахгүй байдалд орох эрсдэлтэй.
-Өнгөрсөн хоёр жилд мөнгөний бодлогоороо эдийн засгаа тэлчихсэн юм биш үү?
-Мөнгөний бодлогоор биш, төсвөөр эдийн засгаа тэлсэн бол илүү үр дүнтэй байх байсан. Мөнгөний бодлого тэлсэн нь нэг талдаа эдийн засгийг дэмжих нэг хөшүүрэг болсон. Харамсалтай нь, нөгөө талд ханшаа барьж чадахгүй байдалд орчихлоо. Цаашид ханшаа барьж чадахгүй, улсын нөөц дундарсаар эдийн засгийн хүнд нөхцөл рүү чирч унагаах байдал үүсэх магадлалтай. Долларын ханш өндөр, монгол төгрөг үнэ цэнэгүй болж байхад улсын төсвөө тэлээд ч нэмэргүй болно. Дээр нь, гаднын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй боллоо. Гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх эдийн засгийн үзүүлэлт бүгд муу байна. Төсвийн өндөр алдагдалтай, өндөр ханшийн өсөлттэй байгаа үед хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.
-Сүүлийн үед арилжааны банкууд Засгийн газарт нэлээд хэмжээний зээллэг олгож байна. Хамгийн сүүлд 170 тэрбум төгрөгийг зээлж, төсвөөс авлагатай компаниудад вексель бичиж өгсөн. Энэ зээллэг нь эргээд банкуудыг хүнд байдалд хүргэхгүй юү?
-Вексель бол хатуу хуультай. Тодорхой хугацаанд хүчинтэй, төлбөрийн маш хатуу нөхцөлтэй хэрэгсэл. Үл маргалдах журмаар эргэн төлдөг хуультай учраас Засгийн газар хатуу нөхцөлтэй зээллэг дотоодоос авч байна гэсэн үг. Бондыг шинэ бондоор орлуулж болдог бол векселийг тэгэх боломж байхгүй. Тэгэхээр засаг улам хүнд хатуу нөхцөл рүү орж байна гэж ойлгож байна. Ирэх 2017 оноос Чингис бондын эргэн төлөлтийг хийх учраас төсөвт маш их ачаалал ирнэ . Дээр нь нэмж вексель гаргаснаараа бондын төлөлтөөс өмнө илүү ачааллыг үүрэх болж байна. Ирэх жил эдийн засаг сайжрахгүй бол векселийн зээл үл маргах журмаар дуудагдах учраас тэр үед улсын төсөв улам л хүнд байдалд орно.
-Засагт дахин зээл авах боломж байгаа юу?
-Зээлжих зэрэглэл буурч байгаа тохиолдолд манайд зээл өгөх хүн бол маш өндөр хүүтэй л олгоно. Анх 4.75, 5.25 хувийн хүүтэй авсан зээлээ хаахын тулд 10 хувьтай зээл л авна. Илүү их зардалтай мөнгө олж ирж, энэ нь эргээд өндөр алдагдал л болж хувирна.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгохыг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд байгаа. Удахгүй хэрэгжинэ гэж салбарын яам нь мэдэгдэж байна. Зарим эдийн засагч урьдчилгааг 10 болговол хямрал улам ужгирна гэлээ. Таны хувьд энэ шийдвэрийг хэр зөв гэж үзэж байгаа вэ?
-Нэг талдаа бага, дунд, орлоготой иргэдийг төрөөс дэмжих, нөгөө талд зах зээлийн хэвийн ажиллагааг хангахын тулд төрөөс үзүүлж байгаа дэмжлэг. Гэтэл халамж дэмжлэгт хэт анхаарч эхэлснээр зах зээлийн зарчим алдагдаж байна. Үүнээс сөрөг үр дагавар гаргавал жолоодлогогүй хүндрэл рүү орох эрсдэлтэй. Үүний бодит жишээ бол 2008 оны АНУ-ын хямрал шүү дээ. Үл хөдлөх хөрөнгийнх нь ханш савласнаас болж банк санхүүгийн байгууллага нь дагаж хямарсан. Ер нь 30 хувийн урьдчилгаа бол дэлхийн дундаж стандарт. Анх Сү.Батболд Ерөнхий сайд Сингапурын 30 хувийн урьдчилгаатай зээлийн онцгойлон жишээлж байсан. Урьдчилгаа төлбөрийн хамгийн бага хэмжээ нь 30 хувь. Үлдсэн 70 хувьд нь зээл олгодог. Одоо зээлдэгч 10 хувийг гарга, төрөөс 20 хувийг баталгаа болгож өгье. Үүнд банк зээл олго гэж байгаа юм. Банк 70 хувь биш 90 хувьд нь зээл гаргана гэсэн үг. Хуучин 30 хувийг нь төлөөд 70 хувийг 20 жилийн хугацаанд төлдөг байсан иргэдийн сард төлөх зээлийн хэмжээнээс өнөөдрийн 10 хувийг төлөөд 90 хувийг сар бүр эргэн төлөх хэмжээ өндөр байна. Төр хэдий 20 хувийн дэмжлэг үзүүлж буй нэртэй боловч иргэн хүний сар бүр төлөх зээлийн хэмжээ өмнөхөөсөө илүү нэмэгдэнэ. Энэ тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөхгүй, чанаргүй болох магадлал илүү нэмэгдэх бодит эрсдэлтэй харагдаж байгаа. АНУ-ын жишээг давтах гэж байгаа юм шиг ойртоод байна. Тиймээс ипотекийн зээлийн урьдчилгааг 30 хувиас буулгах нь эрсдэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн