Open iToim app
Фото | 2 мин уншина

“Хаан жимс”-ийн чацарганы баяр боллоо

“Хаан жимс”-ийн чацарганы баяр боллоо
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 12
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог цогцолбороос хойшоо дөрвөн км-т “Хаан жимс” амралтын бааз бий. Хүмүүс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийнх гэвэл сайн мэдэх байх. Тус амралтын баазаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чацарганын баяр өнгөрсөн бямба гаригт боллоо. Баярт оролцохоор найз нөхдөөрөө, гэр бүлээрээ маш олон хүн хүрэлцэн ирснээс гадна Н.Алтанхуягийн өөрийнх нь ахалдаг явган аяллын “Оргил өөд” клубынхан иржээ. “Оргил өөд” клубынхан бямба гариг бүр Богд уул руу авирдаг юм билээ. Чацарганын баярын зочид бараг Хятадын тэрбумтан Жэк Ма-гаас хойш очсон томоохон зочид байх шүү. Биднийг очиход жүжигчин “банш” Батаа баярын арга хэмжээг хөтөлж, шүлэг дуу, бүжгийн тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн хүмүүст таван кг-ын тортой чацаргана жимс бэлэглэж байв. “Хаан жимс” жуулчны баазын баруун хэсэгт чацарганын бутны талбай бий. Баярт ирсэн хүмүүс эндээс жимсийг дураараа түүцгээх юм билээ. Уут, савтай, бүр савартай хүмүүс нэлээд харагдсан. Тэмцээний үеэр “Хуба хаяа” нэртэй чацаргана, үхрийн нүдний варень, савласан чацарганын жүүс танилцуулж байна лээ. Монгол хөрсөнд, эрүүл орчинд ургуулсан чацарганы үр, хальснаас шахсан тос, жимснээс гаргасан охь шүүсийг савлаж худалддаг болжээ. Гэр бүлээрээ ирж баярт оролцонгоо, амралтын өдрийг байгалийн сайханд өнгөрүүлж болох орчин бүрдүүлжээ. Дүнзэн байшин, дотроо шүршүүр, ариун цэврийн өрөө, wi-fi-тай гэр хоногийн 220 мянган төгрөгийн түрээстэй. Саяхан Зам тээврийн сайд хийж байгаад больсон М.Зоригтын хөлөглөдөг ATV машиныг хажууханд нь түрээсэлж унуулдаг ажээ. Мөн голтой, модон болон тороосон гүүртэй, хадтай, 70-80 хүн багтаж хурал хуй, хурим найр хийх боломжтой “Хаан гэр”, сагсны талбай, 100 хүний суудалтай томоохон ресторан энд байна. Ирсэн зочид 2-4 хүний ортой гэр, 2-8 хүний ортой дүнзэн байшингаас гадна “хуба хаяа” урцанд тухлах боломжтой юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн