Франц Шубeртийн нэрэмжит нарийн мэргэжлийн консeрваторийн анхны монгол оюутан, Морин хуурч Б.Санжаажав 2016 оны есдүгээр сард Монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох “Морин хуур” хөгжмийг Франц Шубертийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторийн сургалтын системд нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг оруулсан юм байна. Түүнийг саналыг сургуулийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш хуралдан хэлэлцсэний үр дүнд Франц Шубертийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид албан ёсоор Морин хуурын хөгжмийн ангийг нээх шийдвэрийг гаргасан аж. Морин хуурч Б.Санжаажав тус сургуулийн сургалтын албатай хамтран Морин хуурын ангийн 4 жилийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрийг үндсэн сургуулийн хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус сургуулийн захирал Даниела Эгг морин хуурын ангийн бакалаврын зэргийн 4 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг албан ёсоор баталсан аж. Ингэснээр Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид албан ёсоор “Морин хуур” хөгжмийн анги нээгдэж байгааг Морин хуурч Б.Санжаажав мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Монгол үндэстний морин хуур хөгжмийн зэмсэг олон улсад мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн сургалтын системд нэвтэрч буй энэхүү үйл хэрэг нь өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд болон Монгол улсын соёл, урлагийн түүхэнд анхны тохиолдол болж байна. Үндэсний урлагаа дэлгэрүүлэн олон улсад сурталчлан таниулж буй бодит үйл хэрэг боллоо. Цөөхөн Монголчууд бидний агуу их өв соёл, морин хуурын эгшиг аялгуу дэлхий дахинаа цуурайтаж, дэлхийн сонгодог хөгжимтэй хөл нийлүүлэн эгшиглэх цаг ирлээ. Монгол морин хуурын амьд ая эгшигт хүмүүний сэтгэл уярч хөвчийн дэлхий хөглөгдөж байг” гэжээ.
Монгол Улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюунтнууд Франц Шуберт-ын нэрэмжит консерваторид нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж байна.
Гадаадын оюунтнуудын хувьд Монгол улсын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй монгол үндэсний соёл, урлагтай танилцан суралцах боломж нээгдэнэ. Мөн ингэснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ч өндөр ач холбогдолтой.
Тайлбар: Франц Шубертийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторийн захирал хатагтай Даниела Эгг, Морин хуурч Б.Санжаажавын хамт. Франц Шубертийн нэрэмжит консерваторит "Морин хуур"-ын ангийг албан ёсоор нээх хамтын гарын үсэг зурсан эрх, гэрээг хүлээн авч буй мөч.