Open iToim app
Фото | 2 мин уншина

ФОТО: Утааны эсрэг "БООЖ ҮХЛЭЭ" жагсаал боллоо

ФОТО: Утааны эсрэг "БООЖ ҮХЛЭЭ" жагсаал  боллоо
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 28
"Утааны эсрэг ээж, аав нарын холбоо" ТББ-аас "БООЖ ҮХЛЭЭ" утааны эсрэг жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тэд өмнөх жагсаалын үеэр үр хүүхдүүддээ амьсгалах агаар нэхэж, Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт утааны эсрэг арга хэмжээ, авч , хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлсэн юм. Тиймээс өмнө жагсаалаар тавьсан шаардлагынхаа хариуг авч, хэрэгжилтийг хангуулахаар дахин жагслаа. Олон хүн энэхүү Утааны эсрэг жагсаалд нэгдэж, уриа лоозонгоо барьж, санал шүүмжлэлээ хэллээ. Улс төрийн өнгө агуулгагүй, зөвхөн амьдарч байгаа орчин нөхцөл, хойч ирээдүйнхээ эрүүл мэндийн төлөө жагсч байгаа учраас хүмүүсийн дэмжлэгийг авсан арга хэмжээ болж чадлаа. Түүнчлэн энэ удаагийн жагсаалын нэг онцлог нь Никитон хамтлаг, Sweetymotion, Lemons, MR Dogs, Comedy Club зэрэг хамтлагууд, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Энхбаяр, дуучин Т.Дэлгэрмөрөн, Никитоны Батчулуун нар оролцож өөрсдийн зохиосон дуу, уран бүтээлээрээ утааны эсрэг нэгдэхээ илэрхийллээ. Хүн бүр л “Амьсгалах агааргүй болсон” тухай ярьдаг ч эцэг, эхчүүд нийлж жам ёсныхоо эрхийн төлөө тэмцэж байсан нь цөөн. Амьсгалах агаар нэхэж буй эцэг, эхчүүдийн жагсаал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл олоод аль” гэсэн тушаалыг Шинжлэх ухааны академид хүргүүлэхэд хүрч, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Агаарын бохирдлыг бууруулах бүх талын шийдлийг дэмжиж, хамтарч ажиллахаар болж, түүнийхээ эхлэл болгож нийслэлд шилжин ирэгсдийг түр хязгаарлах шийдвэр хүртэл гаргахад нөлөөллөө. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сан зэрэг үгүй болсон инcтитуцыг сэрээж, мөнгө иддэггүй, олныхоо төлөө ажиллах сэтгэлтэй хүмүүсийг хөдөлгөх болтугай. 
Эцэг, эхчүүд Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дараах шаардлагыг хүргүүлээд байгаа юм.
Засгийн газарт:
-Агаарын бохирдлоос болж айл өрхөд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах.
-Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан-Уул, Орхон болон аймгийн төвүүдэд суурилуулж, нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх.
-Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны нэгдүгээр сарын 15 гэхэд 25 хувиар бууруулах арга хэмжээ авах. 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт:
-Агаарын бохирдлын голомтод хордож буй жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг бохирдол багатай бүс рүү нүүлгэн шилжүүлэх. 
-Улаанбаатарын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах. 
-Агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах мэдээллийн цогц арга хэмжээг явуулах. 
-Нийслэлд агаарын чанар хэмжигч 15 ширхэг суурин станц шинээр суурилуулах. 
-Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хойш хотын утаанаас дайжиж сувилуулсан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудад зардлын 50 хувийг нөхөн олгох.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн