Филиппиний Манила хотод өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын цэргүүдийг эсэргүүцэх жагсаал болжээ. 1000 гаруй хүн оролцсон энэхүү жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тарааж, 30 цагдаагийн ажилтан гэмтэл бэртэл авч, 26 хүнийг баривчилжээ. Тодруулбал, жагсагчид Манила хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадаа цуглаж эсэргүүцлээ илэрхийлэх үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий цацан тэднийг тараахаар оролдсон байна. Харин жагсагчид цагдаа нарын энэхүү үйлдлийг эсэргүүцэн Элчин сайдын яамыг эзлэхээр оролджээ. Үүний хариуд хууль сахиулагчид босогчдыг цагдаагийн машинаар дайран, хэд хэдэн хүн хүнд гэмтэл авчээ . “AР” агентлагийн бичлэгт харагдаж байгаагаар жагсагчид цагдаагийн машиныг бүслэх үеэр хурдтай ухарч, урагшлан хэд хэдэн удаа босогчдыг дайран өнгөрчээ. Мөн цагдаа нар жагсагчдыг модон бороохойгоор цохиж гэмтээсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын удирдагч Ренато Рейсийн мэдэгдэж буйгаар идэвхтнүүд АНУ-ыг Филиппинд цэрэг байрлуулахыг эсэргүүцэж байгаа юм. Харин энэхүү явдлын дараа буюу өчигдөр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Бээжин хотод болсон бизнес уулзалтын үеэр үг хэлэхдээ “Филиппин улс цэрэг, эдийн засгийн хувьд АНУ-аас тусгаарлаж байна” хэмээн мэдэгджээ. Тэрээр өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, хоёр улсын харилцааг сайжруулах асуудлаар хэлэлцсэн байна. Гэвч тэдний уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааны асуудал хөндөгдөөгүй аж. Хэлэлцээний явцад Хятад улс Филиппиний дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт тусламж үзүүлэхээр болж, Филиппинд есөн тэрбум ам.долларын зээл олгох боломжтой гэдгээ мэдэгджээ. Филиппин, Америк бол эртнээс батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж ирсэн, Азийг дахин тэнцвэржүүлэх гадаад бодлого явуулдаг АНУ-ын тус бүс нутаг дахь томоохон холбоотон билээ. Гэвч тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-тай харилцаагаа тасалж, асар их тусламж амласан БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Манила, Вашингтоны харилцаа Филиппинд өрнөж буй мансууруулах бодисын эсрэг дайнаас үүдэлтэйгээр муудаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн мансууруулах бодист донтогчид худалдаалагчидтай хийж буй тэмцлийг АНУ шүүмжлэн эсэргүүцэж байгаа юм. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филиппиний Ерөнхийлөгчийг хүний эрх зөрчсөн энэ үйлдлээ зогсоохыг шаардаж, цэргийн хүчээр үүнийг зогсооно хэмээн мэдэгдсэн юм. Мөн АНУ Филиппинд зэвсэг нийлүүлэхээс татгалзсан билээ. Харин энэ шүүмжлэлийн хариуд Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте “Америкууд бидэнд туслахгүй хэрнээ манай Засгийн газрыг шүүмжлэхээ урьтал болгож байна. Цаашид Филиппин улсад ийм байдлаар хандсаар байвал АНУ-аас харилцаагаа тасалж, Орос, Хятадтай илүү ойртоно” хэмээн мэдэгдэж байсан юм.
Ийнхүү Хятад ч тэр, Филиппин ч тэр Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаархи газар нутгийн маргаанд буулт хийж, АНУ-ын бодлогыг сөрөх бүс нутгийн түншүүд болж байна.