Open iToim app
Дэлхий | 7 мин уншина

​Фаррелл Уильямс: Да Винчи Мона Лизаг яаж харж байсан, миний бүх уран бүтээл тэгж л эхэлдэг

​Фаррелл Уильямс: Да Винчи Мона Лизаг яаж харж байсан, миний бүх уран бүтээл тэгж л эхэлдэг
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 23

Фаррелл Уильямс. Магадгүй энэ нэр бидний олонхийн танил биш байж болох юм. Гэхдээ “Despicable Me” буюу манайд “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хэмээн орчуулагдсан хүүхэлдэйн зиноны дуу “Happy” дууны эзэн гэвэл хамаагүй танил байж болох юм. Үнэндээ хориод настай залуу уран бүтээлч шиг харагдаж байгаа ч тэрээр хөгжмийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч. Өдгөө 42 настай тэрээр Бритний Спирсийн “I’m a Slave for You” хит дуу, Шакирагийн “Did It Again”, Busta Rhymes, Jay-Z, Мадонна гээд уран бүтээлчдийн оргил үеийн хит дууг продсерлож байсан юм. “R&B”, хип хоп хөгжмийн салбарын шилдэг продюсер, шинэ үеийн хөгжмийн тодорхойлогч хэмээн нэрлэгддэг тэрээр саяхнаас өөрийн хөгжмийн соло карьераа эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрээр өмнө нь хит дуунуудыг продюсерлож, уран бүтээлчдийн “ард” байдаг байсан бол одоо түүний ээлж бололтой. Фаррелл Уильямс хөгжмийн хамгийн алдартай Грэммийн шагналын долоон удаагийн эзэн бөгөөд түүний зохиосон болоод дуулсан дуунууд биллбордын эхний байруудад байнга шахуу жагсч байдаг билээ. Тэрээр хөгжмийн бизнесээс гадна загварын бизнес эрхэлдэг. Түүний загварын хэв маяг залуучуудын дунд алдартай болоод байгаа юм. 
Тэрээр өөрийн хоёрдахь бие даасан цомог болох “Girl”-д багтсан “Freedom” дууныхаа клипийг өчигдөр олон нийтэд хүргэсэн юм. Фаррелл өөрийн соло карьераас гадна бусад уран бүтээлчдэд ч анхаарал хандуулсаар байгаа аж. Тэрээр ирэх долоо хоногт худалдаанд гарах дуучин Аделийн шинэ цомгийн ажилд хамтран ажилласан байна. Мөн тэрээр АНУ-ын Voice шоуны шүүгчээр ажиллаж байгаа билээ. Түүний “CNN”-д өгсөн ярилцлагаас хүргэж байна.
-Таныг өнөөдөр шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэж байгаа гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Би өнөөдөр /өчигдөр/ өөрийн “Girl” цомогт багтсан “Freedom” дуугаа дүрсжүүлэн олон нийтэд цацаж байна. Энэ дуу бол дотоод эрч хүчээ ашигла, ертөнц дээр гайхалтай зүйл олон гэдгийг илэрхийлсэн уран бүтээл болсон. Freedom дууны клип
-Та маш олон алдартай уран бүтээлчид тэр дундаа дуучин, хөгжимчинтэй ажиллаж байсан. Тэдний зарим нь таныг өвөрмөц дүрслэлтэй, онцгой чадвартай хэмээн тодорхойлсон байсан.
-Би бол хөгжмийн үнэнч шүтэн бишрэгч. Тиймээс би аливаа зүйлийг шүтэн бишрэгч талаас нь хийдэг. Зарим хүн энэ наран дор шинэ зүйл юу ч алга гэж хэлдэг. Харин би бол дэлхийн хааа нэгтэй байдаг шинэ зүйлийг биш миний дотор зөн совингоороо орж ирдэг шинэ зүйлсийг л сонсохыг хичээдэг. Ерөнхийдөө хүнээс шинэ зүйл хүлээлгүй өөрийн дотор байгаа шинэ зүйлийг л олохыг боддог. Хүмүүстэй хамтран ажиллахдаа зөвхөн өөрийнхөөрөө байж, өөрийн бие хүнийг мэдрэх, түүнийгээ надад ойлгуулах орчинг бий болгохыг хичээдэг. Тэдэнтэй хамт тэдний гүн рүү нь орж хэний ч өмнө сонирхож байгаагүй сонирхолтой талыг гаргахыг хичээдэг. Урьд өмнө, хэний ч сонсож байгаагүй зүйлийг олно гэдэг хамгийн чухал.
-Удаан хамт ажилласан уран бүтээлчдээс шинэ талыг нь олно гэдэг хэцүү шүү дээ.
-Чад Хюго бид хоёр маш олон алдартантай ажиллаж байсан. Бид тэр хүмүүстэй нэг өрөөнд хамт байгаадаа маш их бахархдаг, хүндэлдэг. “Хөөх хараач. Тэр Жэй Зи байна. Busta Rhymes байна шүү дээ” гээд л. Одоо ч бид яг л ийм хэвээрээ. Уран бүтээлчидтэй өдөр бүр шинээр танилцдаг. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллаж байгаа хүмүүсээ мэдэрч, хүндэлж чадвал тэд ч эргүүлээд тийм хэмжээний хүндэтгэл өгдөг. Би студид орж ирж буй хүмүүсийн гурван зүйлийг хамгийн түрүүнд хардаг. Нэгдүгээрт, тэд юу хүсч байгаагаа хэлж байгааг. Мөн тухайн уран бүтээлчийн энерги. Гуравдугаарт, тэдний хоолойны сонирхолтой талыг олж харахыг хичээдэг. Энэ гурван зүйлийг ажиглаад л тухайн хүний хоолой ингэж сонсогдож байна, ийм дуу дуулбал тохирно гэж хэлдэг. Ингэж ойлголцоод л шинэ дуу бүтдэг.
-Таныг өдөөх ямар нэг зүйл байдаг нь гарцаагүй. Юу танд эрч хүч өгдөг вэ?
-Би ийм зүйл л хийх ёстой гээд өөрийгөө хайрцаглачихаар би юу ч хийж чаддаггүй. Тиймээс дотоод мэдрэмж маань л миний эрч хүч юм болов уу. Би өмнө нь нэг сэтгүүл дээрээс “Pixar” студийн ерөнхийлөгчийн ярилцлагыг уншиж байсан юм. Түүний ярилцлагаас “Pixar”студид бүх ажилчны санааг хэрэгжүүлнэ гэх бодлого байдгийг мэдэж авсан. Ямар нэг санаа байхгүй байна гэдэг хамгийн муу зүйл. Тиймээс муу ч хамаагүй санаа л гаргаж байх хэрэгтэй. Хэрэгжүүлээд бүтэхгүй бол тэр л биз. Үүний дараа илүү сайхан санаа орж ирнэ шүү дээ. Үүнтэй ижил би зүгээр л төгөлдөр хуурныхаа ард суугаад, юу ч хамаагүй тоглож л байдаг. Ингэснээр би хөгжимд улам хайртай болж надаас шинэ хөгжим урсан гарч байдаг.
-Тэгэхээр ямар нэг зүйлд баригдалгүй өөрийгөө чөлөөлөх ёстой гэж үү?
-Тийм ээ. Эйнштейн хэлсэн байдаг шүү дээ. Ямар нэг зүйлийг үнэхээр хийхийг хүсэх тусмаа би түүнийг ажил алба мэт хүлээж авахаа больдог гэж.
-Хэн нэгний авьяасыг олон нийтэд таниулдаг хүн нь таныхаар хэн бэ?
-Мэдээж энэ бол хэвлэл мэдээллийнхэн. Мэдээллийн хэрэгслүүд бидний хийж буй ажлыг “галлаж” бусдад хүргэдэг шүү дээ.
-Тэгвэл таны үүрэг юу болж таарах вэ?
-Би бол продюсер. Хөгжимчин. Миний ажил бол Да Винчи Мона Лизаг зурахдаа түүн рүү харж байсантай адил уран бүтээлчидтэй ажиллахдаа тэдний сонирхолтой өнцөг, дүр төрхийг олж харах. Уран бүтээлчийн онцгой өнцгийн талаар ярьвал урт түүх болно л доо. Товчхондоо миний үүрэг бол хөгжим, дуучин хоёрыг холбох юмуу даа.
-Хөгжим, дуучин хоёрыг холбох явцад танд онцгой сэтгэгдэл төрүүлж байсан уран бүтээлчдээс нэрлээч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Хөгжим гэдэг бол дуугаар дотоод илэрхийллээ гаргах тийм л зүйл. Ээж тань ямар учраас чамд хоол хийж өгдөг билээ. Мэдээж чамайг өлсгөхгүй, эрүүл байгаасай гэсэндээ. Ээжийн хийсэн хоол ямар ч рестораны үнэтэй хоолноос илүү гоё амттай байдаг шүү дээ. Яагаад гэвэл тэр хоолонд жинхэнэ зүрх сэтгэл шингэсэн байдаг. Хөгжмийн зах зээл үүнтэй л адил. Хэн зүрх сэтгэлээсээ дуулж чадна тэр хүний уран бүтээл бусдад хүрдэг. Мэдээж бүх уран бүтээлч хүнд хүргэх үүднээс дуугаа дуулдаг. Гэхдээ бүх уран бүтээлдээ өөрийн сэтгэл зүрхээ зориулж чаддаг уран бүтээлч ховор гэж би хэлнэ. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн уран бүтээлч гэвэл би Жэй Зиг нэрлэнэ. Жэй Зитэй ажиллахад тэр хэзээ ч өөр ямар нэг үйлдэл, хүнд сатаардаггүй. Тэр маш сайн анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Бас Бейонси байна. Өөрийгөө дайчилж чаддаг гайхалтай хөдөлмөрч бүсгүй. Тэр бол хатан зөгий. Бейонси ямар нэг зүйл хийхийг хүссэн л бол заавал хийдэг. Энэ нь миний арга барилтай маш сайн тохирдог учраас бид гар нийлдэг. Тийм дайчин учраас л “Хатан зөгий” хүмүүст гайхалтай “бал” хүртээдэг байх.
Энд бас би Аделийг нэрлэмээр байна. Түүний ирэх долоо хоногт худалдаанд гарах “Venus” цомог дээр бид хамтран ажилласан юм. Адельтай анх уулзахад “За залуус аа, надад өдөрт 20 минутын л зав гарна” гэж байсан. Энэ маш бага хугацаа мэт сонсогдож байгаа ч тэр 20, 30 минутанд Адель өөрийгөө бүрэн дайчилж чаддаг. Үнэхээр гайхалтай уран бүтээлч. Энэ мэдээж түүний хүүтэй холбоотой байх. Адель сайн ээж байхыг хүсдэг. Гэхдээ цагаа үнэхээр үр бүтээлтэй хуваарилж чаддагийг нь хараад би үнэхээр биширсэн.

-Бейонси, Жэй Зи, Адель, бас өөрийн уран бүтээл гээд л. Та энэ бүхнийг яаж амжуулж байна аа. Би таны цагийн хуваарийг сонирхож болох уу?
-Нийгмийн амьдралд оролцох ямар ч зав байхгүй. Ингээд л болоо. Гэлээ гээд би тайван байна, би дуртай зүйлээ хийж байна. Энэ л хангалттай.
-Амжилтад хүрэх гол үндэс нь таныхаар?
-Таны сонгосон салбарт болж байгаа бүхий л үйл явдал, чиг хандлагын талаар үргэлж мэдээлэлтэй байх. Хамгийн гол нь өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй.
-Та 42 настай хэрнээ 27-той залуу шиг л харагдах юм. Үүний нууц нь юу вэ?
-Энэ миний сониуч зантай л холбоотой байх. Сониуч байна гэдэг оюун санаа нь үргэлж залуу байна л гэсэн үг.
-Та эцэг хүний хувьд хүүхдийнхээ боловсролын төлөө юу хийхийг хүсдэг вэ?
-Би энэ талаар тийм нарийн мэдээлэлтэй байхыг хүсдэггүй. Хийхэд тийм байх ёстой гэх заавраар хүүхдээ хүмүүжүүлэхийг хүсдэггүй. Бидний л нэгэн адил хүүхэд өөрөө бүхнийг харж, сонсож, өөрт тохиолдсон зүйлсээсээ туршлага сууж байг л дээ. Тиймээс би энэ бүхнийг урьдчилан зааж, түүнийг тийм хүн болох ёстой гэх нь утгагүй хэрэг. Хүүхэд өсгөх цорын ганц дүрэм бол зөн совин. Өөрийн зөн совингоороо л хүүхдээ чиглүүлж өгөх хэрэгтэй. Би зааж, сургах гээгүй чиглүүлэх гэснийг анзаарсан байх.
Шүршүүрт орж байхад, онгоцонд явж байхад, гүйж байхад миний уран сэтгэмж ажиллаж эхэлдэг. Энэ чинь л бэлэг шүү дээ. Нэг ёсондоо хүн ганцаараа байхдаа л өөрийгөө сонсож, мэдэрдэг. Чарли Браун хүүхэлдэйн кинон дээр томчуудын яриа “ва ва ва ва” гээд юу хэлж байгаа нь ойлгогдохгүй сонсогддог шүү дээ. Түүнтэй ижил ирээдүйн тань талаар бусдын хэлж байгаа зүйл яг л тийм сонсогдох ёстой. Чиний ирээдүй өөрийн тань цээжинд л явьж байх ёстой. Энэ нь миний явах ёстой зам гэсэн үг биш. Хүн өөрөө өөрийгөө л сонсдог байх ёстой. Ингэж байж л дараагийн суут зохиолч, шилдэг барилга бий болно шүү дээ. Хүүхдээ агуу байлгахыг хүсч байвал тэдэнд өөртэйгөө, өөрөөрөө байх боломжийг олгох хэрэгтэй. Төгс хүн л хүүхдэдээ өөрийн амьдралын замыг зааж сургадаг гэж би боддог. Заах биш чиглүүлэхэд л болно.Би төгс биш хүн. Төгсөөс маш хол хүн. Би амьдралаас суралцаж л байна. Тиймээс би хүүхдээ зөв чиглүүлэхийг л хичээдэг.
-Таны юугаа ч зориулж чадах тэр зүйл тань юу вэ?
-Гэр бүл. Гэр бүл гэдэг чинь гайхалтай шүү дээ. Миний гэр бүл бол намайг хүн гэдгийг, амьд байгааг мэдрүүлдэг тэр аз жаргалтай мэдрэмжүүдийн нийлбэр. Би хүүдээ, эхнэртээ, найзууддаа, гэр бүлийнхэндээ хайртай. Би ажлын хэнээтэй байлаа гээд бүх зүйлийг авч чадахгүй шүү дээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн