Open iToim app
Улс төр | 3 мин уншина

​Г.Уянга: С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой

Нийтэлсэн 2015 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн Г.Уянга бие даагчдын зөвлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. Тэрээр Таван толгойн "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан үйлдэлд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой хэмээлээ. Учир нь Таван толгойн 200 ажилтныг халах гэрээг 2011 онд МАНАН-гийн Засгийн газар хийсэн хэмээлээ.
Тэрээр “Таван толгойн ажилчид асуудлаа яриад маш их удсан. УИХ-ын дарга, гишүүд, Аюулгүйн зөвлөлд байж болох бүх хэлбэрээр хандсан. Гэтэл тэднийг тоогоогүй өдий хүрсэн. “Эрдэнэс Таван толгой”-н ажилчид ажлын байраа л хадгалж үлдэх гэсэн. “Эрдэнэс Таван толгой”, “МакМахон” компанийн охин компани болох TTJVCO компаниар зүүн цанхиас нүүрсээ олборлуулах гэрээ 2011 онд хийсэн. Гэтэл тэд баруун цанхиас хоёр дахин үнэтэй олборлолт хийгээд байсан. Энэ нь Монгол Улсад алдагдалтай байсан учраас 2014 онд УИХ-ын ажлын хэсэг шалгаад өндөр өртөгтэй олборлож болохгүй, олборлолтын өртгөө хямдруул гэдэг үүрэг өгсөн байна. Тэгсэн TTJVCO компани “олборлолтын өртгөө бууруулах юм бол бид танай ажилчдаар олборлуулалхгүй. Хятад ажилчдаа оруулж ирж, олборлуулна” гэсэн. Ингээд Монголын төрийн өмчийн компанийн 200 ажилтныг зэрэг зэрэг халах асуудал яригдаж эхэлсэн юм. Тэгэхээр эдгээр ажилчин өөрсдийнхөө төлөө тэмцэх нь зүйн ёсны хэрэг. Тэд төрийн өмчид компанид ажиллаж байгаа төрийн ажилчид. Бид компанийн удирдлагуудаас “ер нь яагаад заавал TTJVCO компаниар олборлуулах ёстой юм бэ” гэж асуусан. 2011 онд МАНАН-гийн Засгийн газар TTJVCO компаниар 2017 он хүртэл олборлол хийлгэнэ гээд гэрээ байгуулчихсан. Хэрвээ гэрээгээ цуцлавал бид 100 сая.ам долларын өрөнд орно” гэсэн. Ийм алдагдалтай гэрээ хийж, алдагдатай нүүрс олборлот хийлгэж, төрийг ийм олон зуун ам.долларын алдагдал оруулах гэрээг МАНАН хийсэн. Тэгэхээр энэ хэрэгт гарцаагүй Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Б.Батбилэгийг ажлаас нь халаад бамбай хийгээд энэ асуудлыг хаах гэж байна. Б.Батбилэгээс бамбай хийгээд рад нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь үлдэж болохгүй. Уул уурхайн. Сайд Р.Жигжидийг огцруулах ёстой ч огцроод ч багадна. С.Баярцогт ТУЗ-ийг тэргүүлдгийнхээ хувьд огцрох ёстой гэхдээ мөн л багадна. Засгийн газар энэ хариуцлагыг хүлээх ёстой. Засгийн газрыг огрцуулах маш том хүндэтгэх шалтгаан бол энэ үйл явдал мөн гэж бодож байна” гэв.
Г.Уянган гишүүн өнгөрсөн тавдугаар сараас Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн билээ. Одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зураад байна вэ гэх асуултад тэрээр “Хараахан бүрдээгүй байна. Бүрдмэгц би хэвлэлийн хурал хийнэ. “Шударга ёс эвсэл”-ийн бүлэгийн хурал дээр зарчмын байр сууриа хамгаалах ёстой гэсэн шаардлага тавих гэж байна. Хамгийн түрээнд энэ гарын үсгийг бүрдүүлэх субект нь “Шударга ёс эвсэл” байх ёстой. Би энэ гарын үсгийг бүрдүүлэх гэж хөөцөлдөөд яваад байгаа зүйл байхгүй. Асуудлыг л ойлгуулах гэж гишүүдтэй уулзаж ярьж байгаа зүйл бий. Үүнийг ойлгсон, Оюутолгойгоо авч үлдье гэж санаа зовж байгаа гишүүн өнөөдрийн парламентад 20 хүрэхгүй л байна. Энэ бол том эмгэнэл” гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн