Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

​Г.Уянга: Сэтгэл судлалын шинжилгээгээр тухайн хүнд ямар мэргэжил тохирохыг тодорхойлж болдог

​Г.Уянга: Сэтгэл судлалын шинжилгээгээр тухайн хүнд ямар мэргэжил тохирохыг тодорхойлж болдог
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 18
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Г.Уянгатай ярилцлаа.
-Сэтгэцийн эрүүл мэнд гэж яг юу хэлэх вэ?
-Нийт хүн амыг дотор нь эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэж гурав ангилдаг. Одоогийн нийгэмд хүн бүр өдөр болгон сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөж байгаа. Архидалт, өвчлөл, гэмт хэрэг, осол ихэссэн нь хүмүүсийг гаднын нөлөөтэй стресст оруулдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг яагаад ярих ёстой вэ гэвэл өдөр тутам тохиолдож байгаа энэ бүх асуудал, стрессээс өөрөө өөрийгөө хамгаалахгүй бол сэтгэцийн эмгэгтэй болж болзошгүй. Сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг нойргүйдлээр илэрдэг.Нойргүй байна гэдэг нь стресст өртөж байна гэсэн үг. Сэтгэл санаа тайван бус, сэтгэл түгшилттэй байх нь мөн сэтгэцийн эмгэгт өртөж байгаагийн дохио. Эрүүл байхын тулд бие махбодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд амар амгалан байх ёстой. Сэтгэцийн өвчний дахилтыг улирлын чанартай тайлбарладаг. Ялангуяа хавар, намар сэтгэцийн өвчин дахих магадлалтай гэж үздэг. Мөн энгийн оюуны болон биеийн ажил хийж байгаа хүмүүст биеийн болон мэдрэл сульдлын шинж тэмдэгүүд илэрдэг.
-Тэгэхээр хүний сэтгэцэд өөрчлөлт орох анхан шат нь стресс мөн үү?
-Сэтгэцийн өвчин бүрийг стресстэй холбон тайлбарлаж болохгүй. Стресст орсны улмаас сэтгэцийн бүх өвчин үүссэн гэж хэлэхэд хэцүү. Стрессийг шалтгаант сэтгэцийн эмгэгийн өвчин гэж үзээд бүлэгт хуваадаг. Стрессээс шалтгаалахгүйгээр үүсдэг сэтгэцийн өвчнүүд ч бий. Тэр нь хурц солиорол, удамшил, бодисын солилцоо гэх мэт маш олон зүйлтэй холбоотой. Ер нь сэтгэцийн өвчний дийлэнх нь удамшдаг . Би өөрийн туршлагаасаа харахад сэтгэцийн өвчтэй хүмүүсийн удам эсвэл ойрын төрлийн хамаатан садных нь нэг хүн энэ эмгэгээр өвчилж байсан байж таардаг. Тиймээс удамших хандлагатай гэж үздэг. Түүнээс биш яг энэ генийн өөрчлөлтөөс ийм өвчин үүсчихсэн гэж батлагдсан зүйл аль ч улс оронд байхгүй.
-Нийгэм, орчин тойрны нөлөөллөөс шалтгаалаад стрессгүй амьдарна гэдэг бараг боломжгүй болжээ. Харин стрессээ хэрхэн тайлах хэрэгтэй вэ?
-Ннийгмийн өдөр тутмын амьдралд оролцож байгаа л бол стресстэхгүй байна гэж байхгүй. Стрессээс өөрийгөө хамгаалж явах нь хэт төвөгтэй. Хүн хоорондын харилцааны зөрчил, нийгэмтэйгээ дасан зохицох процессын явцад үүсэх сэтгэл зүйн хямрал ч гэж байна. Хамгийн гол нь стресст орсон бол тухайн үед л стрессээ тайлах хэрэгтэй. Гол нь стрессээ тухай бүрт нь тайлах л чухал . Стресдүүлж, бухимдуулсан асуудлыг аль болох бодохгүй байх, хөгжим сонсох, ном унших, өөрийн дуртай зүйлийг хийж стрессээ тайлах хэрэгтэй. Гэтэл стрессээ тайлахгүй бугшуулаад яваад байдаг. Тэр нь явсаар байгаад стрессээс шалтгаалсан эмгэг үүсгэдэг. Сэтгэл гутрал, айдас, сэтгэл түгшилтийг гэх мэт. Хүн стресст орсноор мэдрэл сульдлын шинжүүд ч үүсдэг. Оюуны чадвар буурна, аливаад идэвхгүй болох гэх мэт маш олон шинж илэрдэг.
-Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг яаж оношилдог вэ. Хэлж, ярьж байгаа, хийж байгаа үйлдлээр нь сэтгэцийн өвчтэй хүнийг шууд таньж болох уу?
-Бид хамгийн түрүүнд сэтгэцийн эмнэлзүйн үзлэгийг ярилцлагын аргаар хийдэг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүй, сэтгэл хөдлөл нь ямар байна, оюун ухаан, ой санамж нь хэр байна, бухимдал хэр зэрэг байна вэ гээд нарийн ярилцаад эцэст нь дүгнэлт хийдэг. Шаардлагатай тохиолдолд сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээнүүд хийдэг. Сэтгэл судлалын шинжилгээгээр энэ хүн ямар мэргэжил эзэмшвэл зохих вэ, ямар ажил хийж чадах вэ гэдгийг өөрийнх нь чадвар, нөхцөлд суурилан гаргадаг.
-Сэтгэцийн өвчин хавар, намар дахих гээд байдаг гэж байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Цаг агаар өөрчлөгдөхөд хүний бие махбодь дасан зохицож байгаа нэг хэлбэр. Агаарын өөрчлөлтөд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс дасан зохицох гэж бага зэрэг сульдаж, ядарч түүнээс болж өвчний шинж тэмдэг нь илэрч байна гэж тайлбарладаг.
-Манай улс сэтгэцийн өвчлөлөөр хүн амынхаа тоотой харьцуулахад ямар төвшинд байдаг вэ?
-Хүн амынхаа тоотой харьцуулахад сэтгэцийн өвчлөл сүүлийн үед бага зэрэг ихсэх хандлагатай байна. Эмчилгээний хувьд манайд хэрэглэж байгаа сэтгэцэд нөлөөтэй, тайвшруулах, сэтгэл засах эмүүд өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад олон жилээр хоцорсон яваа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдлаас шалтгаалж жагсаалтаас гарах дөхсөн эмүүдийг хэрэглэж байна. Учир нь 10, 20 жилийн өмнө л дэлхийн бусад улс орнууд хэрэглэж байсан эдгээр эм үнийн хувьд өртөг багатай байдаг. Гаж нөлөө бага, үйлчилгээ сайтай өндөр үнэтэй эмүүд зөндөө гарчихсан, түүнийг хөгжилтэй орнууд эмчилгээндээ хэрэглэж байна. Сэтгэцийн өвчний улмаас хяналтад орсон хүмүүст үнэгүй эм өгдөг.
-Сэтгэцийн өвчин улирлын чанартай гэж ярьсан. Өвчин сэдрэх үеэр өдөрт дунджаар хэдэн хүн эмнэлэгт ханддаг вэ?
-Миний ажиллаж байгаа кабинетын хувьд хавар, намартаа үзүүлэх өвчтөний тоо эрс нэмэгддэг. Үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо маш их байгаа. Би ганцаараа л гэхэд өдөрт 30 гаруй хүн үзэж байна. Насны хувьд 30-50 орчим насны хүн их үзүүлдэг. Яагаад гэвэл энэ насны хүмүүс ажил хөдөлмөр эрхлэдэг учраас оюуны ачаалал нэмэгдэж, ажилтай холбоотой стресст маш их өртөж байна. Мөн энэ насны хүмүүсийн олонхи нь гэр бүл зохиох гэж байгаа, гэр бүлтэй хүмүүс байдаг. Тиймээс гэр бүлтэй холбоотой асуудалтай хүмүүс их байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд маш их үйлчлүүлдэг. Нөхөр архи уудаг, зоддог, амьдралын боломж хүнд, стресстэй байна гэдэг шалтгаантай. Эрэгтэйчүүдийн хувьд нөгөө л нэг архины асуудал. Бүр архаг ядаргаанд орчихсон, өвчин нь ужигарчихсан, ажил хийхэд төвөгтэй болоод ирэхээр л эрчүүд эмчид ханддаг. Гэхдээ стрессийн төвшнөөр ярьвал эмэгтэйчүүдэд стресст илүү өртдөг.
-Ойр дотнын хүн нь сэтгэцийн өөрчлөлттэй боллоо гэхэд гэр бүлийнх нь хэрхэн харьцах ёстой вэ?
-Нөхөр нь архи уудаг гэр бүлийн зөвхөн эхнэр нь үзүүлээд, зөвлөгөө аваад, сэтгэл заслын эмчилгээнд яваад ямар ч үр дүнгүй. Нөхөр архи уусаар байхад өнөөдөр манайд ирж эмчилгээ хийлгээд, сэтгэл зүйн тайван байдлыг олж аваад эргээд гэртээ хариад дахиад л нөгөө стресстэй орчин угтана шүү дээ. Тиймээс нөхөр нь архинаас гарах эмчилгээнд орж, өөрийгөө ухамсарлах ёстой. Нэг архичин хүний ард 20-30 хүн сэтгэл зүйн хямралтай, стресстэй байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр гэр бүлийн сэтгэл засалд хамрагдах хэрэгтэй. Нөхөр дахиад архи уухгүй байлаа ч нэгэнт ан цав үүсчихсэн бол гэр бүлийн сэтгэл засал маш чухал. Манай эмнэлэгт ганцаарчилсан, гэр бүлийн, бүлгийн гээд сэтгэл заслын эмчилгээг нарийн мэргэжлийн эмч нар хийдэг. Шар хадны эмнэлэг заавал галзуу, солиотой хүмүүсийг эмчилдэг биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох үйлдэл хийж байгаа тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ нь сэтгэл гутралтай холбоотой юу?
-Энэ нь олон талын шалтгаантай. Түүний нэг нь шашны нөлөө. Сүүлийн үед аливаа нэг шашинд хэт итгэсэн хүүхдүүд өөрийгөө гэмтээх, амиа хорлох оролдлого хийгээд байгаа. Нөгөө талаас цахим орчин хэтэрхий хөгжиж, фэйсбүүк, интернэт орчинд хэт их автсанаас болж хүүхдүүд буруу мэдээлэл авч түүнээс болж сэтгэл санаагаар унах, гутрах тохиолдол их гарч байна. Ялангуяа хүүхдүүдэд энэ байдал илүү ажиглагддаг. Тиймээс дунд сургуулийн хичээлийн программд сэтгэл зүйн анхан шатны ойлголт өгөх хичээлийг оруулах хэрэгтэй. Цаг нь ч болсон гэж боддог. Харин бага насны хүүхдүүд сэтгэцийн өөрлөлттэй байх нь дотоод болон гадаад шалтгаантай. Дотоод шалтгаан гэдэг нь удмын чанартай. Ген, хромсомын өөрчлөлтүүдийг хэлж байгаа юм. Гадаад шалтгаанд нь жирэмсэн үеийн амьдралын хэмнэл ордог. Хүүхдийг 0-3 насанд нь биеийн болон тархины мэдрэлийн хүнд өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Гадаад шалтгааны гол зүйлд хоол, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол, архидалт, тамхидалт байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд ядаргааны өвчин их байна. Ялангуяа, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд аль болох ядрах, бухимдахаас хол байх нь чухал. Үүнээс болж оюуны болон сэтгэцийн ямар нэгэн эмгэг үүсэх магадлалтай гэж эрдэмтэд үздэг. Бэлгийн замын өвчлөл, тэр дундаа тэмбүү Монголд ихэсч байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Тэмбүү ихсэх нь оюуны хомсдолтой хүүхэд нэмэгдэхийн дохио. Өвчнөө нуусаар байгаад жирэмсэн болчихвол цусаар нь дамжин урагт нөлөөлж халдварладаг. Үүнээс болоод оюуны хомсдол ч юм уу, өөр ямар нэг сэтгэцийн эмгэгээр өвддөг. Бас нэг том шалтгаан нь эмчийн зааваргүйгээр янз бүрийн эм бэлдмэл их хэрэглэдэг. Энэ нь хүний сэтгэц, оюуны генд хүчтэй нөлөөлдөг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн