Манай iToim агентлагийн хичээлийн цагаар интернэт сүлжээг унагах, сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд хязгаарлах санал дэвшүүлсэн цуврал нийтлэлүүдээ хүргэж байгаа. Бидний санаачилгад БСШУ-ны сайдаас эхлээд Нийслэлиийн боловсролын газар, Сурагчдын холбоо, зарим сургууль МҮОНТР-ийн ММ агентлаг зэрэг олон байгууллага нэгдээд байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:
iToim.mn-ийн цуврал нийтлэлүүдийг бүгдийг анхааралтай уншсан. Та бүхний дэвшүүлсэн санаачилгыг бид дэмжиж байгаа, ажил хэрэг болгоход хамтарч ажиллахад бэлэн байна. Бид хичээлийн 45 минутыг үр дүнтэй ашиглах чиглэлээр өнгөрсөн жил нэлээд хэд хэдэн ажил хийж, сургуулиудад чиглэл өгөөд явж байгаа. Ухаалаг утасны хэрэглээг хязгаарлахыг Нийслэлийн боловсролын газраас дүрэм журам гаргаад шууд захиргаадах боломжгүй. Тийм учраас сургуулиуд дүрмээ шинэчлэн боловсруулахдаа энэ чиглэлээр анхаарахыг БСШУЯ болон холбогдох газруудаас санал авч нэгтгэн гаргаж сургуулиудад хүргүүлсэн. Энэ дүрэмд “Суралцагч нь хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж хичээлийн цагаар гар утас, интернэтийг багшийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, бусдадаа зүй ёсны шаардлага тавих үүрэгтэй” гэж сурагчийн үүрэг болгон оруулж өгсөн. Үүний дагуу зарим сургууль санаачилга гаргаад ухаалаг утсыг сургууль дээр хэрэглэхгүй байх дүрэм журам хүртэл гаргаад явж байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.Мөн сургуулийн дүрмийн хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага гэсэн хэсэгт багш, сурагчид хичээлийн цагаар гар утас хэрэглэх, хичээлийн цагаар сургалтаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Нөгөө талаар эцэг эхчүүдийг энэ ажилд идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Ер нь эцэг, эхчүүдийн оролцоо хяналт бага байдаг. Ухаалаг утастай холбоотой бас нэг чухал асуудал нь барьж байгаа утсаараа хүүхдүүд хоорондоо өрсөлдөж, тэгш бус байдлыг анги, сургуульд бий болж байна. Зарим нь үнэтэй утас барьж байгаа бол нөгөө хэсэг нь энгийн утас барьдгаас ялгавартай байдал бий болдог. Үүнийг арилгах үүднээс сургууль дээр үнэтэй утас хэрэглэхийг хориглож байгаа. Гэхдээ эцэг эхчүүд өөрсдөө санаачилга гаргаж, сургуулийн захиргаатай хамтран хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх санаа гаргавал үр дүнтэй.
Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ:
-iToim агентлагаас ухаалаг утас, 3G-ийг сургуулийн орчинд хязгаарлах санаачилга гаргаж, цуврал нийтлэлүүд гаргаж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа санаачилсанд талархаж байна. Нийгэмд тулгамдаад байгаа маш чухал сэдэв. Цаашдаа орхилгүй, байнга бичиж, эцэг эхчүүд хүүхдүүдэд сануулж байгаасай гэж хүсч байна. Дунд сургуулийн багш нартай хийсэн олон удаагийн хурал уулзалтаар багш нар “хүүхдүүд хичээл дээрээ утсаа оролдоод, фэйсбүүкт ороод суучих юм. Хичээлийн үр дүн муу байна. Зарим хүүхэд 24 цагийн бараг унтахаас бусад бүх үед утсаараа оролдож, онлайн орчинд амдарч байна” гэж хэлдэг болсон. Сургуулийн орчинд, хичээл дээрээ хичээлээ хийх ёстой байтал фэйсбүүк ухаж, чатлаад байгаа нь хүүхдүүдийн хичээлийн идэвх, цаашлаад сурч боловсрох, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Энэ асуудлыг сургуулийн дотоод журмаараа л шийдэх боломжтой. Манай холбооноос сургуулиудад ухаалаг утсны хэрэглээг бууруулъя, сургууль дээр өндөр үнэтэй гар утас бариулдаггүй байх уриалга гаргаж байна. Сурагчид өндөр үнэтэй утас барьснаар утасны хулгай, дээрэм нэмэгдэж байна. Мөн үнэтэй, хямд утас барьснаараа хүүхдүүдийн хооронд ялгаварлал бий болж байгаа. Зарим сургуульд 80 мянган төгрөгөөс илүү үнэтэй утас хэрэглэдэггүй байя гэсэн санаачилга гаргаад, хэрэгжүүлж байна. Энэ шиг зөв хандлага гэж үзэж байгаа. Бусад сургуулиуд ч бусдаасаа суралцаж, дотоодоо дүрэмдээ ухаалаг утсыг сургуулийн орчинд хэрэглэхийг хориглох хэрэгтэй байна.
Есдүгээр сарын 23-нд ангийн дарга нарын чуулга уулзалт болно. Энэ уулзалтаар танай iToim агентлагаас ирүүлсэн албан бичиг болон санаачилгын хүрээнд явуулж байгаа цуврал нийтлэлийн асуудлыг сурагчдын төлөөлөл болсон ангийн дарга нарт танилцуулна. Тэд маань, цаашдаа хамтарч ажиллана гэдэг найдаж байна
Нийслэлийн боловсролын газрын Хүүхдийн хөгжил, насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Бадамдоржоос нийслэлийн сургуулиудад хичээлийн цагаар ухаалаг утсыг хориглох боломж байгаа эсэх талаар тодрууллаа.
-Нийслэлийн сургуулиудын хэмжээнд сургуулиудад зөвлөмж өгсөн байгаа юм. Энэхүү зөвлөмжид ухаалаг утсыг хориглох заалт бий юу?
-Сургуулиудад зөвлөмж боловсруулж өгөхдөө сургуулийн орчинд ухаалаг, бас үнэтэй гар утсыг хэрэглүүлэхгүй байхыг тусгасан. Харин энэ чиглэлийг сургуулиуд хэрхэн биелүүлэхээ дотоод дүрэм, журмаар тодорхой болгох ёстой. Сургуулийн орчинд гарч байгаа гэмт хэргийн ихэнх үнэтэй гар утас барьсан сургуулийн сурагчдыг хууран мэхэлсэн залилсан тохиолдол гарч байна. Тиймээс сургууль бүр өөрийн онцлогтой тохируулан дүрэмдээ тусгах чиглэлийг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, сургуулиуд дотоод дүрмээрээ зохицуулж, сурагчдын холбоо, эцэг эхчүүдийн холбоотойгоо ярилцсан тохиолдолд ухаалаг утсыг хичээлийн цагаар хориглох бүрэн боломжтой .
-Сургуулийн гаргасан дүрмийг суралцагч бүрэн хэрэгжүүлнэ гэдгийг зөвлөмжөөрөө тусгаж өгсөн үү?
-Өгсөн байгаа. Сурагчийн эрх үүрэг заалтад, суралцагч нь сургуулиас гаргасан дүрэм, журмыг биелүүлэх, сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй гэж заасан. Сурагч бүр хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр сургуулиуд өөрийнхөө сургуулийн онцлогт тохируулан дүрмээ боловсруулахдаа хичээлийн цагаар ухаалаг утсыг хориглох асуудлыг оруулах боломжтой. Харин заавал оруулах ёстой гэдэг хатуу шаардлага тавиагүй. Эсвэл сурагчдыг хичээлдээ ороход нь утсыг нь хурааж аваад, тарахад нь өгдөг зохицуулалт хийх хэрэгтэй.
Дунд сургуулийн хичээлийн цагаар интернэт сүлжээг унагах, сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд хязгаарлах манай iToim агентлагийн санаачилгад МҮОНРТ-ийн ММ агентлаг нэгдэж ухаалаг утаснаасаа салахгүй, өдөржин утсаараа тоглох, фэйсбүүк ухсаар байгаад сэтгэцийн дон хэмээх өвчин ихээр тусч байгаа талаар сурвалжлага бэлтгэж олон нийтэд хүргэсэн юм. Энэ үеэр МҮОНРТ-ийн ММ агентлаг манай iToim агентлагийн хичээлийн цагаар интернэт сүлжээг унагах, сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд хязгаарлах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.