Засгийн газар 2017 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Төсвийн гадуур санхүүжүүлж байсан төслүүдийг нэгтгэж төсвийн төслөө боловсруулсан гэдгээрээ онцлог. Ирэх жилийн төсвийн нийт зардал 8.5 их наяд, орлого 5.9 их наяд төгрөг буюу төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөг байхаар тооцоолжээ. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2017 онд төсвийн алдагдлын хэмжээ нэг дахин буурч ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж байгаа. Засгийн газрын хувьд орлогоо хэт өөдрөгөөр төсөөлөөгүй, бодит байдалдаа нийцүүлэн тооцсон гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолсон. Ингээд 2017 оны төсвийн төслөөс зарим орлогын тооцооллыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 82.1 хувь буюу 4.905.6 тэрбум төгрөгийг татварын орлого, үлдэх 17.9 хувь буюу 1.069.2 тэрбум төгрөгийг татварын бус орлого бүрдүүлэхээр байна.
“Оюутолгой” төслийн далд уурхай, “Таван толгой цахилгаан станц”, “ДЦС-3 өргөтгөл”, “Тавантолгой”, “Гацуурт” зэрэг зарим томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр тооцжээ.
Уул уурхайн салбараас 2017 онд нийт 1.004.4 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа нь 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 37 хувиар өссөн дүн юм. Ирэх онд уул уурхайн салбарын орлого ийнхүү өсөхөд “Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацуурт” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр нийт 195.1 тэрбум төгрөгийн орлогыг нэмж Уул уурхайн салбарын орлогын нийт тэнцвэржүүлсэн орлогод эзлэх хувь Уул уурхайн салбарын орлогод зөвхөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн гаалийн болон татварын байгууллагад төлсөн татварын орлого болон ногдол ашиг багтсан болно. Мөн томоохон төслүүдийг хөдөлгөснөөр импортын албан татварын хэмжээг 3.9 тэрбумаар нэмэгдүүлэх боломжтой гэж төсөвт тооцжээ.
Ирэх онд “Оюутолгой” компан 850 мянган тонн, “Эрдэнэт Үйлдвэр” 650 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төсвийн төсөлд тооцсон бөгөөд зэсийн баяжмалын экспортоос нийт 637.7 тэрбум төгрөг, үүнээс 183.8 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. 2017 онд зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 4800 ам.доллар байхаар төсөөллөө. Харин төсөвт коксжих нүүрсний үнийг тонн тутам 52 ам.доллар, боловсруулаагүй нүүрсийг 32 ам.доллар байхаар тооцов. Нүүрсний экспортын хэмжээг 23 сая тоннд хүрэхээр төсөөлсөн бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2017 онд нийт 317.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 7.8 тэрбум төгрөг, Улсын төсөвт 108.3 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 201.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
Монголбанк, арилжааны банкуудад тушаасан алтны хэмжээ 2016 онд 14 тоннд хүрэх төлөвтэй байна. Харин ирэх жил 14.8 тонн алт тушаахаар төсөвт тооцжээ. Түүнчлэн, “Оюутолгой” компанийн экспортлох зэсийн баяжмалд нийт 4.8 тн алт агуулагдахаар тооцсон байна. 2017 оны төсөвт нэг унци алтны үнийг 1.255 ам.доллар байхаар тооцож, төсөвт 47.1 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна.
Хувьцааны ногдол ашиг Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн менежментийг сайжруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийн орлогоор ирэх онд 17.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгалаа. Төсөвт байгууллагын өөрийн орлогоор 2017 онд 252.3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцов. Харин доор дурдсан төрийн өмчийн хуулийн этгээдийг хувьчилж, өмч хувьчлалын орлогоор нийт 120.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.
Навигацийн орлого нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх дотоодын болон олон улсын агаарын хөлөгт үзүүлсэн аэро-навигацийн үйлчилгээний орлого, буулт, хөөрөлтийн орлого, зорчигч үйлчилгээний орлого болон онгоцны буудлын хоолойн үйлчилгээ, онгоц зогсолт зэрэг орлогуудаас бүрддэг юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд ойролцоогоор 96 мянган удаа нисэж өнгөрдөг бөгөөд тэдгээрт үзүүлэх навигацийн үйлчилгээнээс олох орлого нь нийт навигацийн орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Ирэх онд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өсөлт, дотоодын болон олон улсын нислэгийн өнгөрөлтийн тоо болон зардлын өсөлтөөс хамаарсан эрсдэлийг тооцож, навигацийн орлогоор нийт 144.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцлоо.