Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Ч.Ууганбаяр: Жолооч нарын торгуулийн мөнгөний зарцуулалтыг ил болго

Ч.Ууганбаяр: Жолооч нарын  торгуулийн мөнгөний зарцуулалтыг ил болго
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 19
УИХ-ын хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталж, ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон.
Тус хуулиар жолооч, явган зорчигчийн эрхийг үүргийг нэг бүрчлэн зааж, хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах заалтыг оруулжээ. Жишээ нь, согтуугаар жолоо баривал хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сар хасч, давтан согтуугаар жолоо баривал эрүүгийн хэрэг үүсгэж, 30 хоног баривчлахаар тусгасан. Хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхлэх тус хуулийн талаар жолооч нар хэр их мэдээлэлтэй байгаа талаар тодрууллаа.
Ч.Ууганбаяр: Жолооч нарыг торгосон мөнгийг юунд зарцуулахыг ил болго

-Жолооч зөрчил гаргах бүрдээ торгуулах заалтууд маш олон байсан. Жишээ нь, жолооч бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгуулна гэж заасан байсан. Энэ мөнгө хаана, юунд зарцуулахыг мэдэхгүй байна. Энэ нь яагаад ил тод байж болохгүй байгааг гайхаж байна. Улирал, сар бүрээр нь жолооч нарыг торгуулиас олсон орлого, зарцуулсан зүйлтэйгээ олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Хурд хэтрүүлбэл 48 мянган төгрөгөөр торгоно. Одоо энэ машинууд ямар хүчин чадалтай ямар машинууд байгаа билээ. Ганц гишгээд л 60 гараад явчихна. Тиймээс энэ хурдаа уян хатан болгох ёстой гэж бодож байгаа. Ер нь аюулгүй байдлыг хангаж торгуул ногдуулж байгаа нь зөв л дөө. Гэхдээ торгосон мөнгөө яаж, юунд зарцуулахыг мөн ил тод болгох ёстой.

Ч.Ганзориг: Чанга хууль гаргаж иргэдийн хариуцлагыг өндөрсгөх нь зөв
-Өнөөдөр интернетээс шинэ хуультай танилцсан. Анх удаа согтуугаар жолоо баривал 380 мянгаар торгоод, 6-24 сар жолоо барих эрхийг нь хасна гэсэн байсан. Хэрвээ давтан согтуугаар жолоо баривал 30 хоног баривчилна гэж заасан. Эдгээр заалтыг маш зөв гэж бодож байна. Чанга хууль гаргаж иргэдийн хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй. Хөдөлгөөнд оролцоод явах хэцүү шүү дээ. Тал талаас шахаж, дайраад үнэхээр хүндрэлтэй байдаг. Хорооллын замд ч жолооч нар хурд хэтрүүлдэг. Хүүхдүүд тоглож байгаа газар 20 миллийн хурдтай явах дүрэмтэй. Гэтэл 40-60 миллийн хурдтай давхидаг. Үүнийг хариуцлагыг нь чангатгаж, дүрмээр нь явуулдаг байх ёстой.

Ганболд: Хэт ядарсан үедээ жолоо баривал торгоно гэдгийг ойлгохгүй байгаа

-Хуулиа сурталчлах асуудал чухал байна. Ард иргэд нь дагаж мөрдөх ёстой хуулиа батлаад л орхиж болохгүй. Энэ шинэ хуулиас би нэг л зүйлийг ойлгохгүй байгаа. Хэт ядарсан үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байсан. Хэт ядарсан гэдгийг юу гэж ойлгох уу гэдгээ тодорхойлох ёстой. Хэт ядарлаа гээд хүн бүрийг торгоод байх магадлалтай. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин, дөрөв дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэдийг бас тодорхой болгож өгөх ёстой. Иргэд тэр бүр мэдэхгүй шүү дээ. Тиймээс ийм дүрэм зөрчсөн тохиолдолд тэдэн төгрөгөөр торгоно гэж тодорхой болгох ёстой шүү дээ.

Т.Чинбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж олон хүн амь насаараа хохирч байна

-Хууль хэрэгжихээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулиа сурталчлах хэрэгтэй. Гэнэт л нэг өдөр шинэ хууль хэрэгжээд эхэлдэг, хүмүүс нь сайн мэдээлэлгүй байна. хууль чангарах тусам жолооч нар дүрмээ бариад явах хэрэгтэй. Ер нь хүн бүхэн дор бүрнээ дүрмээ бариад явахад ямар ч асуудал гарахгүй шүү дээ. Чанга хууль гаргасан нь зөв гэж бодож байна. Манайхан угаасаа чанга юманд л дуртай юм шиг байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж олон хүний амь насаараа хохирч байна шүү дээ.

Б.Баасандорж: Жолооч хүн өндөр хариуцлагатай байх ёстой

-Хэд хоногийн өмнө шинэ хууль уншсан. Зарим заалт нь монголын амьдралд нийцэхээргүй байна гэж харсан. Хэт ядарсан үедээ машин жолоодвол торгоно гэж байсан. Жолоочийн хэр зэрэг ядарсан байгааг хэн хэрхэн тогтоох вэ гэдэг асуудал сонин байна. Үүнийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 380 мянгаар торгоно гэж байсан. Үүнийг зөв гэж бодож байгаа. Жолооч хүн хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа учраас хариуцлагатай байх ёстой.

Б.Дунгармаа: Жолоочийн хариуцлагыг сайжруулсан хууль байх хэрэгтэй

-Шинэ хуулийн талаар мэдээлэл маш бага байгаа. Хуулиа баталчихаад олон нийтэд танилцуулах хэрэгтэй шүү дээ. Хүмүүсийн дам ярианаас л сонсож байна. Машин барьж байхдаа утсаар яривал, бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно, ер нь их чанга хууль болсон гэж сонссон. Замын хөдөлгөөний хууль чанга байх нь зөв гэж бодож байна. Тэгж байж л манайхан хөдөлгөөнтэй соёлтой оролцоно. Явган зорчигч гэрлэн дохио зөрчсөн тохиолдолд торгоно гэж байсан. Тэр нь зөв гэж бодож байна. Жолооч нараас гадна явган зорчигчид хөдөлгөөнд саад болж гарцгүй газраас гэнэт гарч ирдэг. Хэн хэнд нь хариуцлага хүлээлгэдэг байх нь зөв.

Т.Энхбаатар: Чанга хуультай байж жолооч нар хариуцлагатай болно

-Интернетээс замын хөдөлгөөний шинэ хуулийг харсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 гаруй мянган төгрөгөөр торгоно гэж байсан. Үүнийг зөв гэж бодож байна. Жолооч хүн олон хүний амь нас эрүүл мэндийг хариуцаж яваа учраас дүрмээ баримталж аюулгүй хөдөлгөөнд оролцох үүрэгтэй шүү дээ. Хариуцлагагүй жолооч нараас болж олон хүний амь нас эрсдэж байна. Ялангуяа манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд жолооч нарыг хариуцлагатай болгох хэрэгтэй шүү дээ. Чанга хуультай байж жолооч нар хариуцлагатай болох байх.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн