Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

​Ч.Уртнасан: Улаанбурхнаар 15-25 насныхан их өвчилж байна

​Ч.Уртнасан: Улаанбурхнаар 15-25 насныхан их өвчилж байна
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 5
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Ч.Уртнасантай улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Он гарсны дараагаар улаанбурхан, салхинцэцэг өвчний халдвар эрс нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа их, дээд сургуулийн оюутнууд өвчилж байгаа гэх юм. Энэ үнэн үү. Халдвар нэмэгдэж байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Улаанбурхан өвчний дэгдэлт өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн. Тиймээс зургадугаар сараас эхлэн орон даяар улаанбурхны эсрэг вакцинжуулах ажлыг хийж, өвчлөл харьцангуй намжаад байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхэн үеэс дахиад нэмэгдэх хандлагатай боллоо. Улаанбаатар хот, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгуудад өвчлөл өндөр байна гэж бүртгэгдсэн байна. Өвчлөлд гол өртөж байгаа хүмүүс бол 0-11 настай хүүхдүүд байсан. Гэтэл сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 15-25 насны сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд улаанбурхны халдвар нэмэгдэх хандлага ажиглагдаад байна. Улаанбурхан бол вакцинтай өвчин. Манай улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1976 оноос хийж, өвчлөлийг хяналтад авч байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүн амын дунд дархлааны сулрал эрчимтэй нэмэгдэж байна. Улаанбурхны эсрэг вакциныг хоёр удаа тариулсан хэр нь дахин өвчилж байна . Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хэрэглэсэн вакцин өнөөдрийн улаанбурхан өвчнийг үүсгэж байгаа вирус хоёрын хооронд өөрчлөлт орсон байж болзошгүй байна. Өмнө нь, улаанбурхны вакциныг хоёр удаа хийлгэж байсан эмэгтэй төрөх үед тухайн эхээс гарсан ураг есөн сар хүртлээ улаанбурхан өвчнөөр өвчилдөггүй байсан. Ингээд шинээр төрсөн хүүхдийг есөн сар хүрснийх нь дараа улаанбурхан өвчнөөс сэргийлэх анхны тунг тарьж, хоёр настайд нь хоёр дахь тунг хийлгэснээр хүүхэд уг халдварт өвчнөөс бүрэн сэргийлсэн гэж үздэг. Олон улсад ч энэ зарчим үйлчилдэг. Гэтэл өнөөдөр дөнгөж эхээс төрсөн хүүхэд улаанбурхнаар өвчилж байна. Эх нь дархлаатай байгаа боловч хажууд нь байгаа хүүхэд өвчилж байна. Тэгэхээр эхээс хүүхэд рүү тархалт дамждаг байх талтай байгаа юм. Хүний идэж, ууж байгаа бүтээгдэхүүн, хийж байгаа ажил төрлөөс шалтгаалж хүний дархлаа тогтолт өөр өөр байна. Үүнтэй холбоотойгоор ураг эхээс төрөхдөө өөрийгөө хамгаалах дархлаатай төрж чадахгүй байна . Энэ амьсгалын замын халдварт өвчний тархалтад нөлөөлж байна.
-Жирэмсэн эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулахын тулд юу идэж, ууж, ямар нөхцөлд байх ёстой юм бэ?
-Хамгийн гол нь дөнгөж төрсөн эх хүн хүүхэддээ ангир уургаа хөхүүлж байх ёстой. Учир нь, эхийн ангир уураг нь олон төрлийн дархлаа, тэжээлийн бодисыг агуулсан уураг гормоны өтгөн нэгдэл байдаг . Эхийн ангир уургийг заавал урагт амлуулах ёстой гэж монголчууд ярьдаг нь ийм учиртай. Эхийн биед байгаа бүх дархлаа тэр уургаар дамжиж үрээ хамгаалдаг юм. Гэтэл сүүлийн үед хүүхэддээ хөхөө хөхүүлэхээ больж байна. Дээр нь эхийн биеийн эсэргүүцэл, дархлаа муу байгаагаас хүүхэд дархлаагүй төрөх магадлалтай байна. Тиймээс жирэмсэн үедээ тэжээллэг, дархлаа сайжруулах хоол хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй. Гэхдээ цаашдаа хүүхдийг есөн сар хүртэл нь хүлээхгүйгээр улаанбурхны эсрэг вакциныг тарьж байх уу зэрэг олон асуудал гарч байна.
-Сургуулийн хүүхдүүд, оюутнууд Улаанбурхан хүрч байгаа нь бас л дархлаа муу байгаагаас үүдэлтэй юу?
-Тийм. Идэж хэрэглэж байгаа хоол хүнснийх нь найрлага, чанар, бүтцэд орж байгаа зүйл нь одоогийн өвчнөөс хамгаалах дархлааг бүрэн бүрдүүлэхгүй байна гэсэн үг. Улаанбурхан амьсгалын замын халдварт өвчин бөгөөд халдвар тархах эрчим нь 100 хувь гэж үздэг. Улаанбурхнаар өвчлөөгүй 100 хүнтэй, улаанбурхнаар өвчилсөн нэг л хүн хавьтах юм бол халдвар аваагүй байсан 100 хүн бүгд халдвар авах эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс халдвар авсан хүн олон нийтийн газраар явахгүй байх ёстой. Улаанбурхан 14 хоногийн хугацаанд бүрэн эдгэдэг. Хамгийн гол урьдчилан сэргийлэх арга бол вакцин. Тиймээс хийлгээгүй нь хийлгэх хэрэгтэй. Хүүхэд, хөгшид гэхгүй вакцин хийнэ.
-Салхинцэцэг өвчний тандалт эрс нэмэгдэж байгаа гэх юм. Юунаас үүдэлтэй өвчлөл вэ?
-Мөн л вирусийн гаралтай амьсгалын замын халдварт өвчин. Салхинцэцэг хүрсэн хүнд ямар нэгэн вакцин эсвэл түүнээс хамгаалах эм бэлдмэл гэж байхгүй. Тиймээс халдвар авч өвчилсөн бол хүндрүүлэхгүй байх хэрэгтэй. Нэг хүрсэн хүн дахиж хэзээ ч өвчилдөггүй өвчин. Хамгийн гол нь халдвараа бусдад тараахгүй, өөрөө өвчнөө хүндрүүлэхгүй, шархаа маажихгүй л байх ёстой. Ер нь хүмүүс ихэвчлэн бага насандаа салхинцэцгээр өвчилдөг. Багадаа салхинцэцэг хүрч байгаагүй бол хэзээ нэгэн цагт заавал өвчилдөг.
-Амьсгалын замаар халдаж байгаа учраас орчныхоо агаарыг цэвэр байлгах ёстой байх. Ер нь халдварт өвчлөл нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой юу?
-Холбоотой. Ер нь салхинцэцэг үүсгэдэг гол микроб, вирус бохир агаарт хөвдөг. Тиймээс бохир агаарт хөвж байгаа вирус нь агаараар дамжиж дархлаа тогтоосноос болж хүн халдвар авдаг. Тиймээс салхинцэцгийн халдвар авсан бол эдгэтлээ салхинд гарахгүй, ахуйн орчны агаарыг маш цэвэр байлгах хэрэгтэй. Хүчилтөрөгчөөр баялаг агаар шүүгч ажиллуулах хэрэгтэй.
-Өвчлөлийн үргэлжлэх хугацаа ямар үе шаттай байдаг вэ?
-Улаанбурхантай харьцуулахад урт хугацаанд буюу 21 хоног үргэлжилдэг. Халдвар авсны дараа 10 хоногийг нууц үе нь. Бие дээр тууралт гарах хугацаа 7-10 хоног, арьсан дээр гарсан тууралт багасч сүүлчийн тав унаж дуустал 7 хоног хүлээж, хүрэн толбо арилсан байвал бүрэн эдгэсэн гэж үздэг. Тууралтын тав унаж дуустал орчин тойрондоо халдвар тараадаг өвчин. Арьсан дээр гарсан тууралтын микробыг агаарт сарниулахгүйн тулд цэнхэр спиртийг түрхдэг.
-Хүүхэд гэхээс илүү насанд хүрсэн хүн их өвчилж, хүндэрч байна гэх юм. Насанд хүрсэн хүнд илүү хүндэвтэр нөлөөлдөг юм уу?
-Ер нь насанд хүрсэн хүнд амьсгалын замын вирусийн халдвар авбал архаг хууч өвчнийг нь давхар сэдрээдэг учраас хүндэрдэг гэсэн үг. Бага насны хүүхдэд архаг хууч өвчин бага учраас хөнгөн гэж үздэг юм. Тиймээс бага насандаа улаанбурхан, салхинцэцгээр өвчлөх нь дээр гэж монголчууд ярьдаг шүү дээ. Ганц хүүхэд гэхгүй насанд хүрсэн хүмүүс биеийн дархлаагаа сэргээж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй байна.
-Хоол хүнснээс гадна хүний биеийн дархлаа сайжруулахад юу хэрэглэх ёстой вэ?
-Дархлааны найрлагад төрөл бүрийн гормон, витамин, эрдэс минералууд байдаг. Бидний амьсгалж байгаа агаар цэвэрхэн байвал хүчилтөрөгчтэй нэгдэж байгаа бодисууд бүгд дархлааны найрлагад ордог. Тиймээс хамгийн түрүүнд орчны агаар цэвэрхэн байх ёстой. Хоёрт, хүн маш сайн унтаж, амрах хэрэгтэй. Учир нь, хүний биеийн дархлааг хамгийн сайн сэргээдэг зүйл нойр. Мэдээж дараагаар нь амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн