Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​А.Уранчимэг: Уурлах бүрт хүний бүх судас нарийсдаг

​А.Уранчимэг: Уурлах бүрт хүний бүх судас нарийсдаг
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 11

Сүүлийн үед томчуудад гэлтгүй хүүхүүдийн дунд нүүрний мэдрэлийн саажилтаар өвчлөх нь нэмэгдэж байгааг эмч нар анхааруулж байна. Хэт ядаргаа, удаан хугацаанд хүзүүний булчин чангарах зэрэг олон зүйлээс шалтгаалж нүүрэнд саажилт үүсдэг аж. Энэ талаар Уламжлалт анагаах ухааны “Энэрэлт Манал” эмнэлгийн Ерөнхий эмч, клиникийн профессор А.Уранчимэгтэй ярилцлаа.
-Нүүрий мэдрэлийн саажилтаар өвчлөх эх үүсвэр нь юу байна вэ?
-Энэ нь олон шалтгаантай. Хэт ядаргаа, ханиадны улмаас вирусийн гаралтай саажилт өгөх тохиолдол ч гардаг. Зарим үед хүн нүүр нь таталдахад тэр бүр ач холбогдол өгдөггүй. Гэтэл анхан шатны энэ шинж тэмдэг нь даамжирсаар саажилт өгдөг. Үүнээс гадна тархины мэдрэлийн янз бүрийн үрэвслээс болж, саажилт үүсэх тохиолдол бий. Харваснаас ч саажилт өгч болно. Сүүлийн үед нүүрний мэдрэлийн саажилт удаан хугацаар хүзүүний булчин чангарснаас үүдэн тусч нь байна. Харин мэдрэлийн ядаргаанаас болсон, вирусийн гаралтай ханиаднаас үүдсэн саажилтууд уламжлалтаар маш сайн эмчлэгддэг.
-Бага насны хүүхдийн нүүр саажих нь юутай холбоотой юм бэ?
-Хүүхэд төрөхдөө тархиндаа цус харвасан байх тохиолдол олонтаа гардаг. Энэ юутай холбоотой гэхээр эх нь тухайн хүүхдийг тээж байхдаа маш их ядаргаатай байснаас хүүхэд ядаргаатай төрж сааждаг. Тэгэхээр эмэгтэй хүн хүүхэд гаргахаасаа өмнө өөрөө эрүүл болох ёстой. Эрүүл хүнээс эрүүл хүүхэд төрнө. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл их байгаагийн нэг шалтгаан нь эх эрүүл биш байсантай холбоотой. Эх нь өөрөө маш их ядаргаатай эсвэл суурь өвчтэй хэрнээ хүүхэд төрүүлж байна. Үүнээс үүдэж өвчтэй хүүхэд төрнө. Жишээбэл, эх нь элэг цөсний өвчтэй бол хүүхэд элэг цөсний өөрчлөлттэй төрнө гэсэн үг.
-Нүүрний мэдрэлийн саажилт үүсэхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ихэнх тохиолдолд шинж тэмдэг мэдэгдэхгүй. Тиймээс хүмүүс “өглөө босоход миний ам тал дээрээ гарсан, цайгаа уух гэсэн цайгаа асгаад ууж болохгүй байсан” гэдэг. Ер нь ядарч сульдах, зарим тохиолдолд нүүр чимчигнэж мэдэгдэнэ. Нүд анивчихаа больж, булчин суларсан талдаа духны үрчлээс арилах, хөмсөг, нүдний зовхи доош унждаг. Мөн уруулын булчин тэр чигээрээ унжсан байдалтай байж болно. Харин нүүр ам татах нь өөр өвчин. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй.
-Эмчлүүлсний дараа даарч, хөрч болохгүй гэдэг. Ер нь ямар гам барих хэрэгтэй вэ?
-Нүүрний мэдрэлийн саажилтыг зүүгээр эмчлэхэд ер нь бүрэн эдгэдэг. Ингэхийн тулд багадаа 30 удаа зүү тавиулсан байх хэрэгтэй. Зүүгээ бүтэн тавиулсан тохиолдолд гам барих шаардлагагүй. Нүүрээ хөлдтөл нь дааруулаагүй бол саажилт нь дахидаггүй.
-Тэгвэл нүүрнийхээ булчин ажлуулж байх үүднээс ямар дасгал хөдөлгөөн хийж байвал зүйтэй вэ?
-Нүүрний мэдрэлийн саажилт туссан хүн гэрээрээ дасгал хийгээд эдгэнэ гэж байхгүй. Харин эмчилгээнийхээ дараа гэртээ дасгал хийж болно. Хүн тус бүр өөрт тохирсон дасгалыг хийнэ. Эмчилсэн эмч нь тухайн хүнийг ямар дасгал хийхийг нь зааж өгдөг.
-Нүүрний мэдрэлийн саажилтаар өвдсөн хүний төрх харахад их эвгүй болдог. Тэгэхээр тухайн хүн сэтгэл санаагаар яавал өөдрөг байх вэ?
-Эмч тухайн хүний сэтгэл зүйг эмчлэх шаардлагатай. Өвчтэй хүний сэтгэл зүй эрүүл биш болдог. Даралттай хүн бол миний даралт ихэсдэг гээд үргэлж боддог. Үүний эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй. Хүн уурлахад хүний хэвийн бие мах бод өөрчлөгдөж эхэлдэг. Уурлах бүрт хүний бүх судас нарийсна. Мөн эд эрхтний хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг юм. Хүн ер нь аливааг сөрөг талаас нь харахаас илүү гэгээлэг, сайн талаас нь харж байх хэрэгтэй. Өвдөнө гэдэг өөрөөс нь шалтгаална. Өөрийн санаа бодол, атаархал, хар энерги, хэрэлдэж маргалдах нь өвчин үүсэх нөхцөл болж байгаа юм. Жишээ нь, уурлах үед элэг цөсний өвчин, атаархах юм бол нойр булчирхайн өвчин салахгүй. Өөрт байгаадаа сэтгэл хангалуун байж, өглөөний нарыг амьд сэрүүн харж байгаадаа баярлаж өөдрөг байх хэрэгтэй.
-Нүүрний мэдрэлийн саажилтаас урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?
-Урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл бай. Уур уцааргүй бай. Зөв хоолло. Ажил амралтын дэглэмээ барь. Хэт ядрахгүй, идэхгүй байх хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн