Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Г.Ундармаа: Хавдрын эмнэлгийг "Итгэлийн танхим"-тай болгоно

Г.Ундармаа: Хавдрын эмнэлгийг "Итгэлийн танхим"-тай болгоно
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 11
“U Team” ХХК-ны захирал, “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, СТА Г.Ундармаа өнөөдөр уран бүтээл болон хийж буй ажлынхаа талаар сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийлээ.
Гүйцэтгэсэн төслүүдийн тухайд:
“Ард Аюуш” шоугаар дамжуулан олон нийтэд хүртээмжтэй төсөл хэрэгжүүлэх эх үндсээ тавьсан жүжигчин Г.Ундармаа өдгөө “Итгэлийн танхим” ТББ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Сайн үйлсийн аянд бусдыг уриалан, олны талархлыг хүлээж чадсан тэрээр энэ хугацаанд Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засч тохижуулж, анх удаа аавуудын өрөөг бий болгон камержуулсан юм. Улсын клиникийн нэгдүгээр амаржих газарт өдөрт нийт 50 хүүхэд мэндэлдэг. Шинээр мэндэлсэн хүүхдүүд дээр хамгийн багадаа таван хүн ирдэг гэж үзвэл хүлээлгийн танхимаар өдөрт 250 гаруй хүн үйлчлүүлдэг байгаа юм. Хүлээлгийн танхимаар ирээд буцахдаа иргэд хүүхдийн амаржсан тухай сайн мэдээг сонсоод буцдаг байсан бол одоо хүлээлгийн танхимд байрлуулсан камераар хүүхдээ ойроос харж, эхийн биеийн байдлын талаар өөрөөс нь сонсох боломжтой болсон аж. Хүлээлгийн танхимыг засч, тохижуулахад нийт 26 сая төгрөг зарцуулсан байна.
2013 оны наадмын үеэр жүжигчин бүсгүйн аав гэнэт өвдөж, Яаралтай түргэн тусламжид хүргэгдсэн байна. Гурав хоногийн хугацаанд аавыгаа сахиж хонохдоо тэрээр ЯТТ-ын хүлээлгийн танхимд хоножээ. Төмөр сандалтай, хуучны модон цонхтой тохь тухгүй энгийн л нэг хүлээлгийн танхим түүнийг угтжээ. Сахиурууд газар цаас тавьж унтаж, өвчтөнийг сахиж байсан хүмүүс өөрсдөө ч ядарч, өвтэй болохыг харжээ. Гэр бүлийн гишүүнээ эдгэнэ гэсэн итгэлээр хүлээх энэ танхимыг засч, тохижуулах санаа анх ийн төрсөн байна. Өмнөх хүлээлгийн өрөөнд урт коридороор дамжин очдог байсан нь өвчиндөө шаналсан хүмүүст хүндрэлтэй байсан тул эмнэлгийн захиргаатай ярилцан хүлээлгийн өрөөг үүдний хэсэгт шинээр байгуулахаар болсон байна. Ингээд эмнэлгийн хаалгаар оронгуут байдаг агуулахын өрөөг “Итгэлийн танхим” болгон засч, тохижуулжээ. Тохижуулахдаа аюулгүй байдлыг бодолцон хананаас эхлээд цонх, цахилгааны монтаж гээд бүгдийг сольжээ. Мөн түүний бодож олсноор өвчтөнүүд дугаарлаж суухдаа анхны тусламжийг авах боломжтой тохьтой сандал, түүний хажууд дусал, тарианы хөлийг байрлуулж өгчээ. УНТЭ-ийн ЯТТ-ын хүлээлгийн танхимыг засч тохижуулах ажлы хүрээнд иргэдийн хүлээлгийн танхим, өвчтөний үзлэгийн өрөө, эмч нарын ажлын өрөө, амралтын өрөө гээд нийт 220 м2 талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч тохижуулжээ.
Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн өдөрт 500 өвчтөн, тэдний ар гэрийнхэн гээд 700 гаруй хүн үйлчлүүлдэг Зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засч тохижуулсан байна. Нийт 220 м2-т өвчтөн хүүхдүүдийн тоглох өрөөнөөс эхлээд хүлээн авах хэсэг гээд нийт 89.2 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийсэн байна.
Тэрээр "Би хийж буй ажлаа буяны ажил гэж бодож хийдэггүй. Өрх бүрийн нэг гишүүн өвдөж, шаналж бүх хүн л эмнэлгээр үйлчлүүлдэг. Тиймээс гэр бүлийн гишүүнээ эдгэнэ гэх итгэл өвөртлөн суугаа хүмүүст сайхан энерги бэлэглэх тийм орчин бий болгохыг зорьсон. Гэхдээ энэ бүхнийг би хийгээд байгаа юм биш. Надаар дамжуулан сайн үйлсийн аянд нэгдэх хүсэлтэй олон байгууллага, хувь хүн нэгдэн том бүтээн байгуулалт хийгээсэй л гэж хүссэн юм. Би сайн санаат хүмүүсийг нэгтгэх гүүр нь болсон төдий" хэмээн онцлон хэлсэн юм.
Төлөвлөж буй төслийн тухайд:
Тэрээр “Итгэлийн танхим-Хавдрын эсрэг” уриатай хоёр жил үргэлжлэх том төслийг эхлүүлээд байгаа аж. Тэрээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн ээжийгээ хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр алдсан тухай “Сүүлчийн нийтлэл”-ийг уншаад түүнтэй холбогдон, санал бодлоо хуваалцсаны эцэст хамтран ажиллахаар болж, "Итгэлийн танхим" төслийг хамтдаа, дахин эхлүүлэхээр болсон байна. Энэ удаагийн төсөл өмнөх төслүүдээс ч том байх аж. Тэд хамтран ХСҮТЭ-ийн хүлээн авах танхимыг 145 м2-аар өргөтгөн засч тохижуулахаар зорьж байгаа аж. Зураг төслийн ажил дуусч байгаа бөгөөд удахгүй ивээн тэтгэгчдийг зарлах аж. Тэдэнтэй ХСҮТЭ-ийн хоёр залуу эмч хамтарч байгаа юм байна.
Төсвийн тухайд:
Тэрээр “Итгэлийн танхим” төслөө хэрэгжүүлэх хугацаандаа хандив цуглуулан ажлуудаа амжилттай хэрэгжүүлжээ. Төслүүдийн хүрээнд Алтай констракшн, MCS, Анунгоо, Юнител гээд олон албан байгууллагаас гадна хувь хүмүүс ч хандив өргөн тусалж байжээ. Төслүүдийн нийт өртөгийн 18 хувийг тэрээр хувиасаа гаргасан аж. АНУ-аас хүртэл гурван ээж 10 сая төгрөг хандивлаж байснаас гадна фэйсбүүкээр дамжуулан зураач охид “Итгэлийн танхим”-д зураг зурж, өөрсдийн чадах бүхнээр тусалсныг тэрээр хэлж байсан юм. “Монгол хүний зүрхэнд байгаа бусдыг ивээх гэрэл байнга бэлэн байж байдгийг би биеэрээ мэдэрсэн” хэмээн тэрээр хэлж байсан бөгөөд албан байгууллагуудаар лекц уншиж, түүнээс цугларсан мөнгийг “Итгэлийн танхим”-даа хандивлан дараагийн үйл ажиллагаандаа бэлтгэж байгаа аж.
U-Film-ийн уран бүтээлүүдийн тухайд:
“Шинэ үе” продакшнаасаа чөлөө авч, өөрийн үзэл санаа, хувийн бүтээлийг бусдад хүргэхүүднээс “U Film” уран бүтээлийн нэгдлээ байгуулаад байгаа юм. Тус уран бүтээлийн нэгдэл голчлон эмэгтэйчүүдийн талаархи кино хийх юм. Тэдгээрийг төлөөлөх хоёр бүтээл альхэдийнэ үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ.
“U Film”-ийн анхны уран бүтээл бол “Single Ladies”кино. Уг кино Univision, Skymedia-гийн хамгийн их үзсэн, Youtube дэх хамгийн их хандалттай кино трейлэр болоод байгаа юм байна. Тус киноны дизайнер, нүүр будагч, зургийн багийнхан бүгд мэргэжлийн багийнхан байсан юм. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн хоёрдахь уран бүтээл нь “Тютю” байсан юм. Кино багт мөн л мэргэжлийн багийнхан ажиллаж, шинэлэг зүйлсийг гаргаж чадсан хэмээн тэрээр үнэлж байгаа аж.
Шинэ уран бүтээлийн тухайд:
“U Film” студийн 2015 оны шинэ уран бүтээлийн ажил эхлэхэд бэлэн болж, кино багийнхан ч бүрдээд байгаа аж. Өмнөх “Single Ladies” уран сайхны киноны дараа эмэгтэйчүүдтэй уулзах бүрт түүнд хэлэхийг хүссэн санаа нэмэгдэж, эцэст нь ийнхүү тус киноны хоёрдугаар ангийг хийхээр болсон байна. Амьдралынхаа ханийг хайж байгаа гурван бүсгүйн тухай өгүүлэх “Single Ladies-2” киноны зохиолчоор Миеэгомбо ажиллаж байгаа юм. Зохиол бэлэн болсон байгаа бөгөөд зарим зүйл дээр ажиллаж байгаа аж.Киноны хувьд гурван дизайнераар хувцас, бүх зүйлийг шинээр хийлгэж байгаа юм байна. 2015 оны загварын шинэ хандлагыг харуулахаас гадна монгол дизайнеруудын бүтээл, тэдний чадварыг харуулахаар зорьж байгаа юм байна. 
Киноны зураглаачийн тухайд:
Уг киноны зураглаачаар БНСУ-ын мэргэжлийн операторыг урьж ажиллуулж байгаа юм. Зураглаачаар БНСУ-ын зураглаач Жан Юкиун ажиллах юм байна. Тэрээр “Single Ladies-2” киноны зураг авалтад зориулан хоёр контейнороор техник хэрэгслээ авчраад байгаа юм байна. Мөн тэрээр манай залуу операторуудыг сургаж байгаа аж. 18 жил хувийн энтертайнментаа ажиллуулж, голчлон зар сурталчилгааны ажил хийж ирсэн тэрээр дахин кино хийж эхлэхээр шийдсэн байна. Өмнө нь, Өмнөд Солонгосын шилдэг 10 найруулагчтай хамтран ажиллаж байсан туршлагатай тэрээр Сувоны их сургуулийн зураглаачийн ангийг төгссөн аж. 
Киноны зураг авалтыг ирэх сарын 1-нээс эхлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд ирэх намар нээлтээ хийх юм байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн