БНСУ-д Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр холбогдсон улс төрийн дуулиантай холбоотой үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байна. БНСУ-ын ард иргэд улс төрийн хэрэгт өөрийн дотнын хүнийг оролцуулсан, тэр хүн нь авлигын хэрэгт нэр холбогдоод байгаа зэрэг шалтгаанаар зургаа дахь долоо хоногтоо Ерөнхийлөгч Пак Гын Хег огцрохыг шаардан жагссан юм. Түүнчлэн Үндэсний Ассамблей энэ сарын 9-ний баасан гаригт Пак Гын Хед итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураахаар болоод байгаа билээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Үндэсний Ассамблейн шийдвэрээр огцроход бэлэн буйгаа зарлаад байгаа юм.
Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр холбогдсон улс төрийн дуулиантай холбоотой асуудлаар тус улсын хамгийн том компанийн удирдлагууд өнөө өглөө Үндэсний Ассамблейн байранд нээлттэй байцаалт өгөхөөр иржээ.
Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сун Сил нь “Мир”, “К-Спорт” гэх сан байгуулж түүндээ хандив өгөхийг томоохон компаниудаас шаардаж байсан гэх баримт байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 77 тэрбум воныг Samsung, Hyundai Motor, LG, SK, CJ, Hanhwa зэрэг долоон томоохон компаниас авчээ.
Байцаалтыг яг одоо орон нутгийн телевизүүдээр шууд цацах юм бөгөөд Хан мөрний эрэг дагуу Чой Сун Силд мөнгө өгсөн компаниудыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байгаа аж. Хэдий эдгээр компаниуд БНСУ-ын эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг ч ард иргэдийн зүгээс шаардлага тавьсаар байгаа юм.
Тус байцаалтанд Солонгосын Сэнури намын есөн хуульч, сөрөг хүчний мөн есөн төлөөлөгч оролцон тус долоон компаний эздээс асуулт асууж, байцаах юм байна.
Энэ нь Солонгосын түүхэнд Солонгосын толгой компаниудын удирдлагууд цуг байцаалт өгөх гэж буй анхны тохиолдол болж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэрэгт холбогдсон БНСУ-ын томоохон долоон компанийг прокурор шалгаж байгаа юм. Тус долоон компаниас “Samsung” компанийг хамгийн их сэжиглэн байцааж байгаа бөгөөд прокурорынхан тус компаний төв оффисыг шалгаж, тус группийн дэд захирал Ли Жэён, захирал И Гонь Хи нарыг байцаагаад байгаа билээ.