Open iToim app
Нийгэм | 18 мин уншина

Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрэвгэр жиргэрүүгийн эмгэнэл

Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрэвгэр жиргэрүүгийн эмгэнэл
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 14
ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ
-Ховор ургамлын 83 дугаарт бүртгэгдсэн дэрэвгэр жиргэрүүг хядаж дууссаны дараа түүхийг нь бүрмөсөн хориглох уу-
“Эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах уриан дор сэтгэл нэгдэж хорин зууныг элээсэн монголчууд өнөөдөр эх орноо өөрсдөөсөө хамгаалъя гэж уриалахаас өөр аргагүй боллоо”
                                                                                                                                                            Лодонгийн ТҮДЭВ

Бүрэнгийн нурууны залгаа Далтын давааны ар хяр, гуу жалгаар явж буй хүмүүсийг холоос харахад ямар нэгэн үнэт зүйлээ алдчихсан юм шиг тонголзож харагдана. Саахалтын зайд ойртоход тэд бүсэлхийнээсээ гялгар уут, шуудай зүүж, гартаа өвсний үндэс таслах зориулалттай царил барьсан байв. Бидний ирж байгаа бараанаар зарим нь түр амсхийж, саравчлан зогсоно.
Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын тоонд бүртгэсэн дэрэвгэр жиргэрүүг иргэд Сэлэнгэ аймгийн нутгаас БОНХАЖ-ын сайдын зөвшөөрөлтэй гэх нэрийн дор хууль бусаар их хэмжээгээр түүж, түүнийгээ Дархан-Уул аймагт байрлах хятад иргэдэд хямд үнээр худалдаж, эмийн түүхийн эд нэрээр дотоодын эмийн үйлдвэрүүд БНХАУ руу гаргаж байгааг сурвалжлахаар Зүүнбүрэн суманд очлоо.
Дэрэвгэр жиргэрүүгийн нөөцийг 2014-2015 оны байдлаар Дорнод аймагт 55, Сэлэнгэ аймагт 45 тонн байгаа хэмээн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид тогтоосон юм байх. Үүний 75 тонныг эмийн түүхий эдийн зориулалтаар түүхийг зөвшөөрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Энхтал, Сант, Сайхан сумаас 45, Дорнод аймгийн Халхгол, Булган сумаас 30 гээд нийт 75 тонныг түүхийг БОНХАЖ-ын сайд 2015 оны долоодугаар сарын 3-ны өдрийн А-268 дугаар тушаалаараа 14 компанид зөвшөөрчээ. Сайдын тушаалаар “цаазлуулах” 75 тонн дэрэвгэр жиргэрүүгээс гадна хууль бусаар түүгчид хэдэн арван тонноор нь хядаад, ул үндэсгүй болгон дуусгаж байгаатай таарлаа.
Сумын төвөөс баруун урагш 20 гаруй километрийн зайд орших Далтын давааны ар, өврөөр царил барьсан 30 орчим нинжа таржээ. Биднийг очихоос хоёр хоногийн өмнө энд 100 гаруй хүн дэрэвгэр жиргэрүү түүж байсан аж. Цас орж, хүйтэрсний улмаас Дархан-Уул, Орхон аймгаас ирсэн нинжа нар буцсан гэнэ. Харин нутгийн болоод ойр хавийн сумын иргэд аравдугаар сарын 10-наас өмнө оноож авсан ажлаа дуусгахаар ховор ургамлыг ухан устгаж байгаа нь энэ.
ҮНДЭС УХДАГ НИНЖА
Онгичиж, сийчээгүй газар тун ховор үлджээ, Далтын даваанд. Модгүй шахам нүцгэн ч сүр бараа ихтэй энэ уулын ойр орчмоос нутгийн иргэд хадлан, тэжээлээ бэлтгэж, мал нь бэлчээрлэдэг аж. Тусгайлан бэлтгэсэн бариул, хөлөөрөө жийх төмөртэй царилаар тэр хавийг нэлэнхүйд нь онгичиж, сэндийлээд орхисон эх орноо, байгаль дэлхийгээ гэх сэтгэлтэй хэн ч харсан нүд халтирмаар. Сэндийчсэн газар бүрт дэрэвгэр жиргэрүү ургаж байсан гэсэн үг. Одоо харин оронд нь онгойсон нүх, хөрс нь сэндийлэгдсэн газар л үлджээ.
Дэрвэгэр жиргэрүү түүж байгаа иргэдээс 3-4 километрийн зайд хоёр микро автобус, нэг жижиг тэрэг наранд гялбан харагдана. Байгаль орчны байцаагч, аймаг, нийслэлээс төлөөлөгч ирж байгаа сургаар зарим нь машиндаа суугаад уулын жалга, гуу руу зугтдаг бол зарим нь өндөр өвстэй газар хэвтчихдэг гэнэ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Б.Бат сүүлийн таван жил дэрэвгэр жиргэрүү түүж байгаа туршлагатай нэгэн гэнэ. Тэрбээр “Та нар хоёр хоногийн өмнө ирсэн бол энд ёстой түм түжигнэж байлаа. Өдөрт 10 гаруй микро дүүрэн хүн ирнэ. Мэдээж бүгд хууль бус. Энд түүж байсан хүмүүсийн цөөн хэд нь л Байгаль орчны сайдын зөвшөөрөлтэй. Тэр зөвшөөрлийг мөнгөтэй, том артай хүмүүс л авдаг юм. Бусад нь амьжиргаагаа залгуулах гэж хууль бусаар түүдэг. Энэ жил дэрэвгэр жиргэрүүгийн гарц тийм ч сайн байсангүй. Гэхдээ цөөнгүй хүнийг хоолтой нь залгууллаа. Манай суманд энэ сарын 10-ныг хүртэл түүх зөвшөөрөл өгсөн. Энэ хугацаанд амжиж жаахан юм хийж авах гэсэн хүмүүс нь л үлдээд байна” гэв. Тэрбээр “Хэдийгээр бид байгаль дэлхийгээ сүйдэлж, мөнгө олж байгаа ч аль болох их гэмтээхгүйг хичээдэг” гээд царил төмрөө цагаан цэцэг нь бараг хагдарсан сахлаг ургамал байгаа газарт зоон дэрэвгэр жиргэрүүгийн үндсийг суга татан гаргаж ирэв. “Үүнийг харж байна уу. Бид үндсийг бүтнээр нь таслахгүй байгаа биз. Ишнээс нь 15-30 сантиметр хэрээтэй л тасалж авч байгаа юм. Үндэс нь үлдээд нөхөн төлжиж ургана” гэснээ сэндийчсэн газраа хөлөөрөө буцаан дарав. Түүнээс “Та тасалсан үндэс бүрийнхээ нүхийг ингэж бөглөсөн үү. Бидний ирж явах замд бөглөсөн газар харагдсангүй” гэхэд “Болж өгвөл буцааж дарахыг л хичээдэг. Энд би ганцаараа түүгээгүй шүү дээ” гэв. Түүний гартаа барьсан ургамал нэгэн төрлийн модны үндэс гэмээр харагдах ч хоёр орчим сантиметрийн голчтой хүрэн шар өнгөтэй энэ ургамал хятадын уламжлалт эмийн эмчилгээний гол түүхий эд болдог учраас мөнгөнөөс өөрийг харахаа байсан хүмүүст ийн хядуулж буй хэрэг.
Нялх ногооны үнэр сэнхийх шиг болов. Нүцгэн ишин дээр нь цагаан өнгийн цэцэг байсан нь илт ганц нэг дэлбээ нь унаж амжаагүй үлджээ. Саглагар, салаархаг ургамал юм. Газрын гүн рүү 90-140 см хүртэл ургадаг энэ ургамлын ил харагдах байдал ийм ч газрын хөрсөнд байсан бие нь бутлаг, модны мөчир аятай. Сугалсан үндсийг нь сонирхох гэж авсныг тэрбээр түргэхэн буцааж аваад зөөлөн шороог нь гарынхаа шуун дээр хэд сэгсрэн цохиж унагаагаад уутандаа хийлээ. Түүнээс “Хууль ёсны зөвшөөрөлтэй хүмүүс бичиг, баримтаа шалгуулаад сум, аймгийн цагдаагийн постоор гарчихдаг байж. Хууль бус нинжа нар харин яаж Дархан-Уул аймагт бараагаа хүргээд байна вэ” гэхэд “Хүн л юм чинь аргыг нь олно шүү дээ. Заримынх нь аз шовойно. Зарим нь азгүйтнэ. Постоор дайрдаггүй замаа харин зааж өгөхгүй шүү” гэв.
“БАЙГАЛЬ ДЭЛХИЙГ ХАЙР НАЙРГүЙ СЭНДИЙЧИЖ БАЙГААГ ХАРАХААР УУР ХҮРЭЭД БАЙХ ЮМ”
Биднийг ийн ярилцаж байтал урт уурга даялуулсан адуучин бололтой хүн ирэв. Н.Гомбо энэ нутгийн уугуул иргэн. Зүүнбүрэн сумаас дэрэвгэр жиргэрүү түүж байгаа нинжа нартай өдөр бүр шахам маргалдаж, заримтай нь муудалцаж явдаг нэгэн аж. Тэрбээр “Наймдугаар сарын дундаас эхлээд л энэ хавиар дорго шиг юмнууд газар сэндийлээд эхэлсэн. “Та нар хаанаас, хэний зөвшөөрөлтэй нутаг орон ухаж байгаа юм” гэхээр Засаг дарга, байгаль орчны байцаагчаасаа асуу. Бид зөвшөөрөлтэй гээд өвс тасалдаг төмрийнхөө үзүүрт Байгаль орчны сайдын тушаалтай цаасаа өлгөчихөөд харуулж байсан. Энэ хүмүүс доргоноос ч долоон дор. Дорго хэчнээн замбараагүй идэж, уулаа ч эдэн шиг байгалиа сүйтгэдэггүй. Гэтэл энэ хүмүүсийг хар л даа. Газар дэлхийг гахай хадарсан юм шиг сэндийчиж хаячихаад юу ч болоогүй юм шиг зогсож байгаа биз дээ. Ингээд зогсохгүй архидна, зодолдоно. Уулаар нэг орилоон, хашгираан болно. Үүнийг нь харахаар уур хүрээд, заримтай нь гар зөрүүлээд авсан” гэв. Тэднийх дэрэвгэр жиргэрүүгийн нинжа нарын эзлээд байгаа газраас жил бүр хадлангаа авдаг аж. Гэвч энэ жил газрыг нь сэндийчээд, хөрсийг нь эргүүлээд хаячихсан болохоор өвс хадаж чадаагүй гэнэ. Хадах гэж үзээд хэд хэдэн хадуур, тармуураа хугалж, хүмүүстэй муудалцаад больсон аж.
Хэд хэдэн хүнээс үндэс түүх зөвшөөрлийн бичгийг нь харахыг хүсэхэд байгаа гэсэн ч үзүүлэхийг хүссэнгүй. Харин Дархан-Уул аймгаас гэр бүлээрээ ирж үндэс түүж байгаа гэх Н.Булган “Та нар биднийг байгалийн баялгийг цөлмөөд дуусаж байна гэж бичихээр ирээ юү. Энд чинь түүх нөөц нь байна. Түүхгүй бол бараг илүүдээд байна гээд сайд, хууль хяналтынхан нь зөвшөөрөөд биднийг явуулж байгаа юм. Худлаа гэвэл холбогдох газрынхнаас нь асуугаарай. Ер нь тэгээд иргэдийн гар дээр бэлэн мөнгөгүй, юмны үнэ тэнгэрт хадаад, амьдрал өдөр ирэх тусам хэцүүдэж байхад бид байгаль дэлхийнхээ үр шимийг хүртэхээс өөр яах юм бэ. Миний хувьд л гэхэд хоёр оюутан, дунд сургуулийн хоёр хүүхэдтэй. Зургаан ам бүлээ хоолтой байлгах гэж янз бүрээр л үзэж байна. 50 нас хүрсэн хүнийг хаана ч ажилд авахгүй байна. Дархан-Уул аймагт үндэс авдаг хэдэн хүн бий. Тэд Хятад руу гаргаад, цааш нь Солонгос руу илүү өндөр үнээр дамладаг сүлжээ байдаг гэсэн. Түүсэн үндсээ килограммыг нь 4000-4500 төгрөгөөр өгдөг. Өнгөрсөн хавар килограмм нь 5000 төгрөг байсан” гэв. Түүнээс “Нэг килограмм болоход хэчнээн тооны үндэс ордог вэ” гэхэд “40-60 ширхэг ордог байх шүү” гэлээ. Ингэж хэлэхдээ тэр 4500 төгрөгийн төлөө Монгол Улсын төдийгүй Төв Азийн хэмжээнд ховордсон ургамлын 40-60 ширхэг амь тасалж байгаагаа ч үл анзаарна.
-Та одоогоор хэчнээн килограмм үндэс түүгээд байна вэ?
-Биднийх нийлээд барагцаагаар 80 килограмм болсон болов уу. Бид хоёр хоноод буцна. Энэ жил үндэс түүгч дэндүү олон байна.
-Та бидэнд Дархан-Уул аймагт байдаг дэрэвгэр жиргэрүү авдаг хүмүүсийн хаягийг хэлж өгөөч?
-Биднийг хэлж өгснийг мэдвэл биднээс үндэс авахаа больчихно. Түрүү жил хоёр ч хүн ойн байцаагч, цагдаа нарт хэлж өгөөд харилцаагаа тасалсан гэсэн. Та нар өөрсдөө хайсан нь дээр байх.
-Үйл ажиллагаа нь нууц байдаг юм уу. Шинээр түүж байгаа хүмүүс тэднийг яаж олж очих юм бэ?
-Өгдөг, авдаг хүмүүсээ мэддэг болохоор хэцүү л дээ. Шинэ хүмүүс аргыг нь олоод өгчихсөн байдаг юм гэв.
Дэлхийд нэн ховордоод байгаа ургамлын үндэс түүгчид үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол чөлөө завгүй тонголзох аж. Тэдний нүдэнд дэрэвгэр жиргэрүүгийн үндэс зөвхөн өнөө маргаашийн амьдрал залгуулах мөнгө болж харагдаж байгаа нь илт. Үндэс ухах ажилдаа бүгд улайрчээ. Өөр хоорондоо огт ярихгүй, царилаараа газрын зөөлөн бор хөрсийг онги татаж, хүүхдийн зулай шиг зөөлхөн шимт хөрснөөс салаалан ургасан үндсийг суга татан үүргэвч рүүгээ хийх. Хүмүүсийн гараар тэр хавийн хэдэн мянган дэрэвгэр жиргэрүү дахин сэргэхээргүй устаж, бүснээсээ зүүсэн шуудай руу орох нь эрдэнэт амь тасарч байгаа мэт эмгэнэлтэй. Тэр хэрээр онгойсон нүх харлан үлдэх нь сэтгэл өвтгөнө. Уулын энгэр, жалга, тал газар нэлэнхүйдээ онгигдож, сийчигджээ.
Тэндээс бид Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрыг зорилоо.
ЗҮҮНБҮРЭН СУМЫН УДИРДЛАГУУД ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ
Бид Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Эрдэнэчимэгтэй уулзахад “Энэ жил манай суманд “Монгол эм”, Уламжлалт эм, эмийн ургамал”, “Юнит Ази” гэсэн гурван компанид нийт зургаан тонн дэрэвгэр жиргэрүү түүхийг салбарын сайд зөвшөөрснийг үндэслэсэн Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын тусгай зөвшөөрөлтэйгээр бид хяналт тавьж, ажиллаж байна. Энэ сарын 10 хүртэл түүх зөвшөөрөлтэй ч одоо манай сумын нутагт дэрэвгэр жиргэрүү түүж байгаа нэг ч хүн байхгүй. Бид “Соната-5” маркийн машинтай сүүлчийн хүмүүсийг дөнгөж сая хөөчихөөд ирлээ” гэв. Түүнчлэн тэрбээр “Бид ургамлын үндэс түүх тусгай зөвшөөрөлтэй хүмүүсийн үйл ажиллагааг долоо хоногт хоёр удаа шалгаж, үндэс түүсэн газрынхаа сэндийлсэн шороог буцааж булахыг шаарддаг. Гэвч иргэд ухсан нүхээ булахгүй байх нь олонтаа” гэв. Түүнээс “Та нар газар дээр нь очиж үнэхээр хяналт тавьж чадаж байгаа гэж бодож байна уу. Мөн тусгай зөвшөөрөлгүй олон иргэн дэрэвгэр жиргэрүү түүж байхтай бид дөнгөж сая таарлаа. Та ер нь хууль бусаар түүж байгаа хэчнээн хүнийг илрүүлсэн бэ” гэхэд “Бид чадах чинээгээрээ хяналт тавьж байна. Тусгай зөвшөөрөлгүй хүн түүж байх учиргүй дээ. Энэ ургамлаар ханиад, уушгины хатгалгаа зэрэг өвчнийг эмчилдэг эм хийдэг гэсэн” гэлээ. Биднийг ийн ярьж байтал тус сумын Ойн байцаагч Н.Нямдорж “Та нар орон нутгийн төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлдэг хэдхэн юмыг нь л үгүй хийлгэх гээд үзээд байх юм аа. Тусгай зөвшөөрлөөр түүж байна гэдэг түүж болно гэсэн үг. Тэгж яривал дэрэвгэр жиргэрүүг бүтнээр нь биш нийт биеийнх нь дөнгөж 30 орчим хувийг тасдаж авч байгаа. 4-5 жилийн дараа өөрөө нөхөн төлжөөд ургачихдаг юм. Үүнийг эрдэмтэд тогтоогоод түү гэж байхад та нар ингэж явах нь илүүц” гэв. Түүнийг ийн зандарсны дараа сумын Засаг дарга Б.Батчулуун “Та нарт тайлбарлаж, мэдээлэл өгөх шаардлага бидэнд байхгүй. Байгаль орчны сайдаас очиж асуу” хэмээгээд бусад албан тушаалтнаа мэдээлэл өгөхгүй байхыг үүрэгдэв. Сумын удирдлагуудын ийн уцаарласны учир нь энэ онд тус суманд дэрэвгэр жиргэрүү түүх тусгай зөвшөөрлийн дагуу орон нутгийн байгалийн нөөц ашигласны төлбөр гэж 18 сая төгрөг нэмэгдэж орох юм. Энэ хураамж дахин төлждөггүй, цөлжилт үүсэхээс хамгаалдаг ховор ургамлаас үнэтэй байгаа бололтой.
Эндээсээ бид Дархан-Уул аймаг дахь Зөвлөлтийн цэрэг байрлаж байсан Батальон хэмээх сууринд байгаа хятад иргэдийн байрладаг агуулах руу хөдөллөө. Бидэнтэй зэрэгцээд хэдэн шуудай дүүрэн үндэс ачсан машин хөдөлсөн юм. Машиндаа суухдаа “Хэд хоног тонголзсоных эднийгээ тушаачихаад сууцгаах юм байгаа биз дээ” хэмээн инээд алдан ярилцах нь сонсогдож байлаа.
БОНХАЖ-ын сайдын А-268 тоот тушаалаар энэ онд 75 тонн дэрэвгэр жиргэрүүг эмийн 14 үйлдвэр нэр дээрээ түүж, хилээр гаргах эрх авчээ. 1995 онд ховор ургамлын жагсаалтад орсон уг ургамлаар одоохондоо Монголын аль ч эмийн үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн, эм, ханд хийж чадаагүй байна. Тэд энэ ургамлыг БНХАУ руу өндөр өртгөөр борлуулахын тулд л салбарын яамнаас эмийн зориулалтаар гэх овжин нэрийн дор зөвшөөрөл авч "хядуулсаар" байгаа билээ. Эмийн үйлдвэрүүдэд зөвшөөрөл өгснийг иргэд далимдуулан хууль бусаар хэдэн арван тонноор нь түүж, Дархан-Уул аймагт байрлах хятад иргэдэд килограммыг нь 4000-4500 төгрөгөөр өгч байна.
Ховор ургамлын жагсаалтад орсон л бол аль ч зориулалтаар түүж, хэрэглэхийг бүр мөсөн хориглочих зүрх зориг, эрх салбарын сайдад нь алга уу. Монгол Улсын төсөв, Байгаль орчин ногоон хөгжлийн яам дэрэвгэр жиргэрүүгээс улсын тэмдэгтийн хураамж нэрээр орж ирэх 525 сая төгрөгөөр дутаад байгаа юм болов уу. Үүний тодорхой хувь нь тухайн орон нутагт төвлөрдөг. Энэ хэдэн төгрөгөө алдчихгүй л бол ховор, нэн ховор ер нь юу ч байсан өгөхөд бэлэн дарга, байгаль хамгаалагчид хаа сайгүй олширсон цаг юм уу. Үүнээс гадна энэ ургамлыг хилээр гаргахдаа килограмм тутамд 3000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлснөөс өөр өртөггүйгээр зүгээр өгдөг гэвэл та итгэх үү. Харин БНХАУ-д хүрсэн дэрэвгэр жиргэрүү нэг килограмм нь монгол мөнгөөр 110-115 мянган төгрөг болж үнэд ордог байна. Ингээд зогсохгүй хятад иргэд уг ургамлыг БНСУ руу уламжлалт эмийн түүхий эдийн зориулалтаар дамладаг бөгөөд энэ тохиолдолд килограмм нь 300 мянга гаруй төгрөгөөр үнэлэгддэгийг эх сурвалж онцолж байсан юм.
Харамсалтай нь, дэрэвгэр жиргэрүүгийн голт үндсийг тасалж авсан л бол нөхөн төлждөггүй, тэр чигтээ устаж, үгүй болдог байна.
ХУУЛЬ БУСААР ТҮҮСЭН ҮНДСЭЭ ХЯТАД ИРГЭДИЙГ ГУЙЖ БАЙЖ ӨГӨВ
Бидэнтэй хамт хөдөлсөн микро автобус Тужийн нарс нэлээд өнгөрч яваад зам салж, шороон замаар орон давхиад өгсөн юм. Түүсэн үндсээ хураалгачилгүй хэдэн төгрөг болгох гэж байгаа нь тодорхой байлаа. Дархан-Уул аймгийн Батальон хэмээх сууринд очлоо. “Үндэс авдаг хүмүүс хаагуур байна вэ” гэхэд “Улаан худаг дээр очихоор чинь утасны дугаар өгнө. Залгахаар ирээд авчихдаг юм гэсэн” гэх хүн цөөнгүй таарав. Улаан худгийг хайсаар Мангирт гэх хэсэгт байрлах айлуудын дундаас олж очвол эзгүй байв. Худгийн хажууд зарын самбар байх бөгөөд түүгээр хашаа, байшин зарна, ачаа ачна гэх мэт элдэв зарын хуудас байх. Тэдний дундаас дэрэвгэр, жиргэрүү, үндэс авна гэх зар хайж зогстол хажуухнаас нэг хүн “Худаг онгойхгүй. Өнөөдөр хагас амардаг өдөр” гэж байна. Түүнд учир байдлаа хэлэхэд үндэс худалдаж авдаг хятад иргэдийн амьдардаг газрыг зааж өгөөд “Энэ хавийнхан бүгд л мэднэ шүү дээ. Хавар, намрын цагт хүмүүс өдөр шөнөгүй л үндэс гээчийг эднийх рүү зөөдөг юм. Машинтай хүмүүс тасрахгүй. Эд нар ч бага багаар хот руу зөөдөг байх. Том, ачааны машин ирж ачиж байгаа нь ер харагддаггүй. Эднийхээс гадна үндэс авдаг 2-3 айл байгаа” гэв.
Энэ хавийн айлуудын хашаанд ямар нэг тоот, тэмдэглэгээ байхгүй юм. Зөвхөн гудамжны эхлэлүүд дээр “Мангирт-3, 4” гэх мэт хаягжуулалт байв. Ингэж явсаар бид “Мангирт 4” гэсэн гудамжны баруун талаасаа ес дэх буюу бетонон хашаатай, төмөр хаалгатай айлын гадаа ирэв. Хаалганы үүдэнд цаасан дээр 955814... гэсэн дугаарыг бичиж, наажээ. Хаалга нүдэх чимээнээр 30 гаруй насны монгол эрэгтэй гарч ирлээ. Бид түүнээс үндэс килограммыг нь хэдээр авч байгааг асуухад “4500-гаар авна. Хэдэн кг байгаа юм, Үзье” гэв. Түүнийг ийн хэлэхийг хаалганы цаана чагнаж байсан 50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хаалган завсраар цухуйж, хятад хүмүүс бололтой, эв дүй муутайхан “Авчирсан бол үзье” гэв. “Үндэс авчирч байгаа хүн олон байна уу. Та нар тусгай зөвшөөрлийн дагуу үндэс цуглуулж байгаа юу” гэхэд хятад эр “Та нар үндэс өгөх бол өг. Өгөхгүй бол дэмий юм бүү асуу” гээд цааш эргэхэд нь “Бидэнд 20 гаруй шуудай байна. Үнийг нь өсгөх боломжтой юу” гэхэд “Тийм жаахан юм бол үнэ нэмэгдэхгүй. Энд манайхаас өөр авч байгаа газар байхгүй. 4500-гаар л авна” гэв. Тэрбээр цааш нь “Та нар үндсээ авчраагүй юм бол төвөөс 10 мянган төгрөгөөр портер хөлслөөд ачаад ир. Манайхыг бараг бүгд мэднэ. Би очиж авахгүй” гээд хашааны хаалгаа хааж, түгжлээ. Хашаанд 7х8 хэмжээтэй байшингаас гадна хоёр агуулах барьжээ.
Биднийг ийн зогсож байтал Зүүнбүрэнгээс хамт хөдөлсөн микро автобус хятад эрийн хашааны гадаа ирж зогсов. Тэд ярилцаж байтал хятад эр уурлав бололтой хашааны хаалгаа хааж орхив. Залуус хоорондоо хэсэг ярилцаж байгаад хаалгыг дахин нүдэхэд эмэгтэй нь гарч ирээд “Хэлсэн үнээр өгвөл өг өө. Өгөхгүй бол явцгаа. Манайхаас өөр авч байгаа газар одоо байхгүй” гэх нь сонсогдов. Хашааны хаалгыг нэг нь онгойлгоод, микро автобусаа хашаа руу оруулав. Далтын даваанд хүмүүсийн бүсэлхийнд уяатай байсан жижиг шуудайнууд дахь дэрэвгэр жиргэрүүгийн үндэс энд 40 гаруй том шуудай болж иржээ. Микро автобусанд 20-40 гаруй насны зургаан эрэгтэй, нэг эмэгтэй сууж ирсэн байв. Барааг нь нэг нэгээр нь агуулах руугаа зөөлгөж аваад, тэд 20-оод минут таг чиг боллоо. Тооцоогоо хийж дууссан бололтой, машиндаа сууцгаан гарч одов. Бид тэдэнтэй уулзаж, дотор юу болсныг асуусан ч “Үнээ нэмэхгүй л маяглаж байхгүй юу. Килограммыг нь 4200 төгрөгөөр өглөө” гэв. “Та нар тусгай зөвшөөрөлгүй юм уу. Зөвшөөрөлтэй бол тогтсон үнээр авдаг гэсэн биз дээ” гэхэд “Зөвшөөрөлгүйг нь мэдэж байгаа болохоор наадуул чинь үнээ буулгаж маяглаж байхгүй юу. Аваад ирсэн юм чинь өгөхөөс яахав” гээд давхиж одов. Бид Дархан хотын өөр нэг газарт дэрэвгэр жиргэрүүг худалдан авч байгааг мэдсэн юм. Мөн л хятад эзэнтэй гэнэ. Биднийг очих үед хоёр шуудай дүүрэн дэрэвгэр жиргэрүүг ганзагаласан мотоцикльтой хүн ирж таарав. Тэд мөн л килограммыг нь 4200 төгрөгөөр өгч байна лээ. Энд цуглуулж байгаад Замын-Үүдэд шууд аваачин хилээр гаргадаг гэж үндэс худалдан авч байсан хүмүүс ярьж байв. Мөн цагдаа нар дэрэвгэр жиргэрүүг худалдан авч байгаа хүмүүсийг шалгаж байгаа гэх мэдээлэл ирсэн болохоор бидэнтэй болгоомжлон харилцаж байв. Энэ мэт Дархан, Сэлэнгэ аймагт дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар худалдан авдаг олон хятад болон монгол иргэн байгааг хүмүүс хэлж байлаа.
Эндээсээ бид дэрэвгэр жиргэрүү хууль бусаар түүж, борлуулж, худалдан авч байгаа хүмүүст хууль, цагдаагийнхан ямар хяналт тавьж, хариуцлага ногдуулдаг талаар сурвалж-лахаар албаныхантай уулзлаа.
Дархан-Уул аймагт дэрэвгэр жиргэрүүтэй холбоотой гурван хэрэг шалгагдаж байна
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Байгаль орчны хяналтын албаны хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Б.Золжаргалтай уулзлаа.
-Сэлэнгэ аймгийн сумдаас түүсэн дэрэвгэр жиргэрүүг Дархан-Уул аймагт төвлөрүүлж байгаад хот руу ачдаг юм байна. БОНХАЖЯ-ны зөвшөөрөлтэй эмийн үйлдвэрийн ажилчдаас гадна хууль бусаар түүдэг хүмүүс олон юм. Үүнтэй холбоотой хэчнээн зөрчил, хэргийг шалгаж байна вэ?
-Ховор ургамлын жагсаал-тад орсон энэ ургамлыг Сэлэнгэ аймгийн зарим сумаас БОНХАЖ-ын сайдын зөвшөөрөлтэйгээр түүдэг хэд хэдэн эмийн үйлдвэр бий. Тэд уг нь орон нутгийн удирдлагуудтай нутгийн иргэдийг цалинжуулж, тогтоосон тоогоор түүнэ гэдэг ч Дархан-Уул аймгийн иргэдийг ихэвчлэн дайчилсан байдаг. Нэг килограммд нь төдөн төгрөг өгнө гэх мэтээр аман гэрээ байгуулаад түүлгэсэн хэд хэдэн тохиолдол илрүүлсэн. Одоогийн байдлаар дэрэвгэр жиргэрүү зөвшөөрөлгүй их хэмжээгээр түүсэн хэргээр зургаан хүний хоёр хэрэг прокурорын байгууллагад хянагдаж байна. Нэг хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна.
-Түүж байгаа хүмүүс бол мөнгө олох гэж явж байгаа хүмүүс. Гол нь хууль бусаар түүх нөхцлийг бүрдүүлж, иргэдийн гар дээрээс худалдаж авч байгаа хятад иргэд Дархан-Уул аймагт хэд хэдэн газар байрладаг юм байна. Тэднийг шалгаж, зөрчил илрүүлж байсан уу?
-Иргэдийн мэдээллийн мөрөөр хэд хэдэн газарт бид үзлэг, шалгалт хийсэн. Тухайн үед зөрчил илрээгүй. Шалгалт ирэх сургаар үндсээ өөр тийш зөөдөг байх магадлалтай. Гэхдээ биднийг очиход баримт олддоггүй учир “Та нар хууль бусаар үндэс авдаг” гэж хэлэх, шалгах үндэслэлгүй болж байгаа юм. Түүгээд оруулж ирж байгаа иргэдийн зарим нь хугацаа нь дууссан зөвшөөрлийн бичигтэй байдаг.
Хамгийн гол нь салбарын яамнаас зөвшөөрөл олгосон байлаа гээд бүх зүйл зөвшөөрөгдөж, хяналтгүй болж байгаа хэрэг биш. Тухайн орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын алба хаагчид, байгаль хамгаалагчид хэчнээн тонн ургамал, аль газраас, хэрхэн түүж байгаад чанга хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл үзүүлчихээд л хаанаас ч хамаагүй түүж байгаа иргэд цөөнгүй. Орон нутгийн засаг, захиргааны хяналт маш сул байгаа нь хууль бусаар үндэс түүгчдийг олшруулж байгаа хэрэг гэв.
Энэ жил дэрэвгэр жиргэрүүтэй холбоотой зөрчил гараагүй гэв.
Харин Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогт “БОНХАЖ-ын сайдын 2015 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 268 дугаар тушаалаар манай аймгаас нийт 44 тонн дэрэвгэр жиргэрүүг эмийн зориулалтаар есөн аж ахуй нэгж наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд түүх зөвшөөрөл авсан байна. Одоогоор гэрээт аж ахуйн нэгжүүд тогтоосон хэмжээний үндсээ түүж дууссан мэдээлэл ирээд байгаа. Энэ жилийн хувьд хууль бусаар үндэс түүсэн зөрчил, хэрэг гарсан тухай мэдээлэл одоохондоо ирээгүй байна. Харин өнгөрсөн онд Зүүнбүрэн сумаас түүх зөвшөөрөлтэй мөртлөө Сантаас 50 кг үндэс түүсэн иргэн н.Нармандах, 36 кг-ийг түүсэн н.Ургахцэцэг нарт шүүхээс тэнсэн харгалзах ял оноож, зургаан сая 680 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, унаж явсан “Соната-5” маркийн автомашиныг нь улсын орлого болгосон. Мөн Зүүнбүрэн сумаас иргэн н.Ариунболд тав, Сант сумаас иргэн Б.Идэр зургаан килограмм үндэс хууль бусаар түүсэн байсныг илрүүлж, нийт 1.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 2013 онд нийт 81 килограмм үндэс хууль бусаар түүсэн н.Дамбасүрэн, н.Гэрэлчимэг нарт шүүхээс тэнсэн харгалзах ял ногдуулж, зургаан сая 529 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна” гэлээ. Тэрбээр “Манай байцаагчид үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа” гэсэн юм.
“Эгэл цагаан түрүү” компани 4.1 тонн дэрэвгэр жиргэрүү хууль бусаар түүж байсныг илрүүлжээ
Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ, Дорнод аймгийн арав хүрэхгүй суманд дэрэвгэр жиргэрүүгийн нөөц үлдээд байгааг өмнөх нийтлэлд дурдсан. Тиймээс бид Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Батхүүтэй холбогдлоо.
Тэрбээр “БОНХАЖ-ын сайдын зөвшөөрлөөр эмийн есөн үйлдвэр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг нийт 30 тонныг манай аймгийн Халхгол, Булган сумын нутгаас түүсэн. Халхгол сумаас долоон тонн, үлдсэнийг нь Булган сумын нутгаас түүхээр газар зааж өгсөн" гэв. Түүнчлэн тэрбээр “Хууль бусаар эсвэл өөр газраас түүх зөвшөөрөлтэй мөртлөө манай аймгийн нутгаас түүж байгаад баригдсан тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас түүх зөвшөөрөлтэй “Эгэл цагаан түрүү” гэх компани Булган сумын нутгаас гурван тонн 119 килограмм үндэс хууль бусаар түүснийг манай байцаагчид илрүүлсэн. Мөн дээрх компанийнхан Хэрлэн сумын нутгаас нэг тонн үндэс хууль бусаар түүснийг илрүүлж, хамтад нь хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Үүнээс гадна Дорнод аймгийн харьяат хоёр иргэн 600 килограммыг хууль бусаар түүж, хадгалсан байсныг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авсан. Дэрэвгэр жиргэрүүгийн экологи, эдийн засгийн үнэлгээ нь килограмм тутамд 16 мянган төгрөг байдаг” гэлээ.
Хууль хяналтын байгууллагын энэхүү мэдээлэл нь дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар түүж буй иргэдийн 0.0001 хувьд ч хүрэхгүй баримт юм. Уул, жалгаар дүүрэн нинжа нар хууль бусаар үндэс түүж байхад илрүүлж чадахгүй байгаагийн шалтгаан нь нэг талаар орон нутагт ажиллаж буй Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар орон нутгийн төсвөөс цалинждаг, санхүүгийн хувьд хараат байдаг. Энэ тохиолдолд улсын байцаагчид сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн үгнээс гарах эрхгүй гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр аймаг, сумын цагдаагийн алба хаагчид энэ ургамлыг их хэмжээгээр худалдан авч байгаа хятад иргэдийг хамар дороосоо олж илрүүлж чадахгүй байгаад учир бий. Ийм шалтгаанаар ховор ургамлын хууль бус наймаа цэцэглэсээр байна.
Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2014 онд дэрэвгэр жиргэрүү түүхдээ зөрчил гаргасан эмийн дөрвөн үйлдвэрийн тусгай эрхийг цуцалсан ч энэ онд БОНХАЖ-ын сайд дахин эрх олгосон байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН, СЭТГҮҮЛЧ Б.ЭНХМАРТ

www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн