Монголд арилсан гэж үзэж байсан улаанбурхан өвчин өнгөрсөн жил дэгдэж, үүний улмаас нас барсан хүүхдийн тоо нэмэгдэж байна. Олон нийтийг эмзэглүүлж буй энэ өвчнийг ямар арга замаар гэртээ эмчлэх боломжтойг ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЪЯАТ АЖИЛТАН, АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Н.ЦЭНДийн зөвлөснөөр хүргэе. Түүний зөвлөгөөг Халдварт өвчин судлалын үндэсний төв өөрийн албан ёсны веб сайтдаа байршуулжээ.
-Өвчин хүндрээгүй үед гэрээр эмчилнэ. Хэвтэрийн дэглэм сахиулж, чанартай хөнгөн хоолоор сувилж, шингэн ихээр уулгаж, витамин эмчилгээ хийнэ. Асаргаа сувилгааг гойд анхаарна. Амны хөндийг буцалсан ус, 2%-ын содын уусмалаар зайлуулна. Нүдийг хурц гэрлээс хамгаалж, нүдний дусаалга хэрэглэнэ. Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, өрөөг байнга салхилуулж байх хэрэгтэй. Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж, нянгийн халдвар давхар авсан тохиолдолд антибиотик, хордлого тайлах, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ, хуурай ханиалганд кодеин, дионин, гербион, цэр ховхлох эм уулгана. Бачууралд бүлээн ваннд суулгах, хоолойд бүлээн жин тавих, хоолойг утах, хөлийн эрээн булчинд гич тавих, гөлгөр булчингийн агчил тавиулах эм хэрэглэх /ношпа, эуфиллин/ зэрэг эмчилгээнүүдийг хийнэ.
Тархалт дэгдэлтийн эсрэг авах арга хэмжээнд нь: халдвар судлалын хяналт, ажиглалт тандалтыг батлагдсан заавар, гаргасан тушаал шийдвэр, зөвлөмжийг чанд баримтлан ажиллах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэлтэнд 17-21 хоног хөл хорио тогтоох нь зүйтэй. Эрдэмтэн судлаачдын судалгаанаас дүгнэлт хийж үзвэл: Нууц үе урттай улаанбурхан өвчний хувьд хавьтал болсон хүмүүст: 1. Улаанбурханаар өвчлөөгүй, 2. Тарилга хийлгээгүй, 3. Нэг удаа вакцин тариулсан, 4. Тарилгын бичиг баримт нь бүрэн бус 1 нас хүрсэн бүх хүмүүст вакцин тарих нь илүү үр дүнтэй ашигтай арга хэмжээ болох юм.
Үүнээс гадна нэг нас хүрээгүй байхдаа улаанбурханы вакцин хийлгэсэн хүүхдүүдэд дахиад хэдэн сарын дотор заавал дархлаажуулалт хийх зохистой болохыг цөөн тооны хүүхдүүдэд дархлал тогтоцыг судалж шинжлэн үзээд улаанбурханы тарилгын товлолд нэмэлт оруулах эсэх, мөн шийдвэрлэх, мөн их сургууль, коллежид шинээр элсэн суралцагсдыг нэмэлт дархлаажуулалтанд хамруулах нь илүү зохистой байж болох юм.