Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгож өргөтгөнө

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгож өргөтгөнө
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 31
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн зам болгоно гэж Зам тээврийн сайд Д.Ганбат замын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гаригт танилцахдаа хэлжээ. Борнуурын гүүр, Тахилтын даваа, Сэтэрхийн хөтөл зэрэг газруудад үзэгдэх орчин хязгаарлагдмал, хажуугийн хөвөө стандарт бус учраас осол аваар ихэвчлэн гардаг “хар цэг”-т тооцогддог байна. Мөн Цайдамын хөндий буюу 200 дахь км-т газар нутгийн онцлог буюу хөрс шорооны онцлогоос шалтгаалж ихээхэн эвдрэл үүссэн тул осол аваар ихээр гардаг байна. Улаанбаатараас Дархан чиглэлийн зам нь дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих ёстой байтал хоногт 3500-3800 автомашин зорчиж байгааг Замын цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Даваазул хэллээ. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан. Түүнээс хойш 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гардаг байна.

Хүйтний улиралд цементбетон хучилтаар барьж байгуулах стандартуудаа батлуулах, нөхцөлд байдалтай нь танилцах, зураг төсөл хийх зэрэг бэлтгэл ажлуудаа хангаж дулаарч эхлэхэд зам барих ажилдаа шуурхайлахаар төлөвлөөд байгаа аж. Замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниуд энэхүү стандартыг нутагшуулж, цементбетон зам барьж, байгуулах боломж байгааг салбарын сайд хэллээ. Мөн хөрөнгө санхүүжилтээ гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг босгохоос эхлээд бүх хүч, нөөц бололцоогоо нэгтгэж энэхүү замыг барьж байгуулна хэмээн онцоллоо.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн