Украинд гарсан ойн түймэр Чернобылийн атомын цахилгаан станц руу чиглэж байгаа тул тус улсын Үндэсний аюулгүй байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков “Чернобылийн станцыг тойрон гарсан ойн түйрмийн байдал улам муудаж байна” хэмээн өчигдөр фэйсбүүктээ мэдэгдсэн байна. Тэрээр “Ойн түймэр Чернобылийн атомын цахилгаан станцыг чиглэж байна. Салхины хүчтэй урсгал ойн түймрийг Чернобылийн цахилгаан станц руу чиглүүлсээр байна. Ойн түймэр станцын ойролцоохь 20 км дотор газарт тархаж, галын аюул бий болгосон. Одоогоор 400 орчим га талбай түймэрт автаад байна” нэмж бичсэн байгаа юм. Дотоод хэргийн сайд Арсен Аваков галд өртсөн газарт очиж, өөрийн биеэр хяналт тавьж байгаа аж. Тэрээр энэхүү ойн түймрийг 1992 оноос хойшхи хамгийн том түймэр болж байгааг тэмдэглэсэн байна. "Гринпис" агентлагийн мэдэгдэж байгаагаар түймрийн аюул Чернобылийн цахилгаан станцын эргэн тойрон дахь 30 км-ийн бүсэд явагдаж байгаа аж. Уг агентлагийн хиймэл дагуулын зургаас харсан үзүүлэлтээр 10 мянган га газар түймэрт автаад байгаа аж. 1986 онд болсон Чернобылийн дэлбэрэлтийн үеэр 30 км-ийн эргэн тойрон газар цацраг идэвхт бодист хордсон гэдэг. Өөрөөр хэлбэл ойн түймэр цацраг идэвхт бодист бохирдсон газар нутагт альхэдийнэ ороод ирсэн байгаа аж.
Хэрэв галын аюул энэ хэвээр цахилгаан станцад ойртож, галыг унтрааж чадахгүй цаг алдсаар байвал цацраг идэвхт бодисыг идэвхжүүлж ургамал, газарт шингээж эхлэх юм байна. Экологич Кристофер Басбигийн мэдэгдсэнээр “Түймрийн улмаас Чернобыл орчмын газар нутгийн байдал эрсдэлтэй болж байна. Гал атомын цахилгаан станцтай ойртсон нь цацраг идэвхт бодисыг шатааж эхэлнэ. Ингэснээр мод болон бүх биетүүдэд цацраг шингэж эхэлнэ гэсэн үг. Улмаар газарт унасан цацраг идэвхт бохирдол агаарт дэгдэж, үүгээр хүмүүс амьсгалж эхэлнэ. Энэ нь дахин Чернобылийн аюул нүүрлэнэ гэсэн үг” гэжээ.
Украины Онцгой байдлын албан 182 хүн, 34 тээврийн хэрэгслийг гал түймэртэй тэмцэхээр илгээгээд байгаагаас гадна, Ми-8 нисдэг тэрэг, гурван "Ан-32" нисэх онгоцыг илгээжээ. Ойн түймэр асаалттай орхисон тамхины улмаас гарсан хэмээн таамаглаж байна.
Чернобылийн Хориотой бүсийн менежментийн хэлтсийн дарга одоогийн байдлаар бүс нутагт цацраг хэмжээ хэвийн байгаа аж. Тэрээр "Галын аюул одоохондоо харьцангуй хэвийн байгаа" хэмээн хэлсэн байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд цацраг идэвхт бодист хордож, сүйрэлд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг. Тэгвэл энэ жилийн дурсгалын өдрөөс хойшхи гуравхан хоногийн дотор Чернобылийн аюулыг сэрээж мэдэх ойн түймэр атомын цахилгаан станцыг чиглэсээр байна.
1986 оны дөрөвдүгээр сарын 26-ний шөнө Чернобылийн АЦС-ын IV блокт дэлхийн түүхэнд гарсан хамгийн том цөмийн аваар гарсан юм. Станцад дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан байна. АЦС-д дэлбэрэлт болсноос хойш 14 хоногийн турш түймэр дэгджээ. Энэ үеэр ч өөр хорт бодис агаарт цацагдсаар байсан юм. Цацрагийн төвшинг Европ даяар илрүүлсэн байдаг.Чернобылийн орчимд байсан хүмүүс Хирошима хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орж байсан юм.