CЕХ өчигдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулан өгсөн. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвслээс 429 хүн нэр дэвших бол 69 хүн бие даан нэр дэвшиж байгаа. Ингээд энэ удаагийн сонгуульд нийт 498 нэр хүн нэр дэвших үнэмлээ өчигдөр гардан авлаа.
МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас СЕХ бүртгэхээс татгалзсан. Тиймээс МАХН-аас түүний оронд эхнэр О.Цолмон нь 75 дугаар тойрогт нэр дэвшихээр болж өчигдөр сонгуульд нэр дэвших үнэмлэхийг нь гардуулан өгсөн. Тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Мөн "Ард түмнээ хайрлъя" намын дарга Л.Гүндалай эхнэртэйгээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон. Л.Гүндалай 51-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол түүний эхнэр Л.Аззаяа 48-р тойрог буюу Орхон аймагт нэр дэвших эрхээ Сонгуулийн ерөнхий хорооноос авсан. Энэ мэтчилэн энэ удаагийн сонгуульд эхнэр, нөхөр, ах дүүс, баз хүргэд гээд ураг төрлийн холбоотой хүмүүс нэр дэвшиж байгаагаас гадна дуучин, тамирчид нэр дэвшиж байгаа юм. УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн байр суурийг сонирхлоо.
Б.Жаргалсайхан: Манай намын нэр дэвшигчид гараад ирнэ
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:Би 48-р тойрог буюу Эрдэнэт хотод нэр дэвшиж байгаа. Уг нь Эрдэнэт хот гэвэл их зүгээр байгаа юм. Монгол Улс маань дөрвөн хоттой байг л дээ. Үүнийг бид засаж, хот болгоно оо. Эрдэнэт хот өнөөдөр Улс орноо авч явж байна. Энэ хотын зэс, молебдин экспортод гарахгүй бол бид баларна. Тэнд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон хүмүүс байдаг учраас Улс орноо хөгжүүлэхийн төлөө тэд нартай хамтарч ажиллахыг хүссэн. Манай намаас УИХ-ын сонгуульд 36, НИТХ-д 21 нэр дэвшигч өрсөлдөж байна. Судалгаа харахад манай нэр дэвшигчид гараад ирэх юм билээ.
Ц.Ганхуяг: С.Оюун дарга сонгуульд намаа дэмжиж ажиллана
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:Эдийн засгийн хүнд байдлааас гарах хамгийн гол арга зам бол төрөө засах явдал. Төрийн удирдлага, тогтолцоо зөв болж байж, Монгол Улсын Үндсэн хуульд парламентын засаглал руу чиглэсэн өөрчлөлтүүд хийгдэж байж бид цаашдаа зөв зам руугаа орно. Би намынхаа сонгуулийн кампанит ажлаа удирдан ажиллаж байна. С.Оюун дарга хуралдаа оролцоод явж байна. Бидний тусдаа сонгуульд оролцох асуудалд С.Оюун дарга эсрэг саналгүй байгаа.
Ц.Оюунбаатар: МАХН сонгуулийн хувьсгал хийж, улс орон, ард иргэдээ МАНАН-аас салгана
МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар: МАХН Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөөг авчирсан нам. Монгол Улсыг өнөөгийн хөгжилд хүргэсэн нам. Улс орныг уруудуулж доройтуулсан, их өрөнд оруулсан энэ байдлыг МАХН засч, сонгуулийн хувьсгал хийж, улс орон, ард иргэдээ МАНАН-аас салгах, өндөр хөгжилтэй Монгол Улсыг цогцлоон бий болгохоор зорьж байгаа. Бид 10 жилийн дотор дэлхийн шийлдэг 30 орны эгнээнд улс орноо оруулах, байгалийн баялгаа ард түмэндээ тэгш хуваарилах зорилт дэвшүүлж байгаа. Цөөхөн хэдэн олигарх монголын баялгийг зөөж, завшсан хөрөнгөө оффшор дансанд байршуулж байгааг бид эсэргүүцэж байгаа. Хүний эрх эрх чөлөө, хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа байдлыг таслан зогсооно. Бид худлаа амладаггүй, урваж, шаравдаггүй.
Ж.Энхбаяр: Ард түмэн сонгуульдаа идэвхитэй оролцоосой
МАН-ын гишүүн Ж.Энхбаяр: Өнөөдрийн ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл юу вэ гэвэл ард түмэн төрийн эрх барих мэдлээ өөрсдийн илч төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа томоохон үйл явц юм. Тиймээс ард түмэн сонгогчдоо идэвхтэй оролцоосой гэж хүсэх байна. Энэ удаагийн сонгууль бол Монгол Улсын цаашдын хувь тавилан, эдийн засгийн байдлыг тодорхойлно. МАН ард түмнээ ядуурлаас гаргах, их өрийг шийдвэрлэх, төрийн албыг цэгцлэхийн тулд 2016 оны сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож байна. Олон түмний сонголт мэргэн байгаасай гэж хүсэх байна. Мөн энэ хугацаанд СЕХ Сонгуулийн хуулиа иргэд, сонгогчдодоо маш сайн сурталчлан таниулаасай. Тодорхойгүй асуудлууд маш их байна.
Г.Уянга: Манай нам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг нэр дэвшүүлсэн
Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслийн дарга Г.Уянга: Энэ удаагийн Сонгуулийн тухай хууль шинэ боловсон хүчин, шинэ нэр дэвшигчийг гаргахгүй байхад чиглэгдсэн гэж болно. Гэвч бид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Аль болох чадварлаг боловсон хүчнийг УИХ-ын сонгуульд сонгон нэр дэвшүүллээ. Энэ сонгуульд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг нэр дэвшүүлж байна. Параолимпийн аварга Д.Баатаржавыг манай иргэд сайн мэднэ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан, амьдралд ойр хуулийг батална гэсэн чиглэлтэй байгаа. Түүнээс гадна манай нэр дэвшигчдийн дотор олон эмч бий. Элэгний хэмээн алдаршсан гавьяат Шагдарсүрэн эмч маань байна. Ер нь дээд боловсрол эзэмшээгүй нэг хүнийг эс тооцвол манай нэр дэвшигчид 100 хувь дээд боловсролтой. Эрдмийн зэрэг цолтой нэр цэвэр хүмүүс байгаа. Үүний зэрэгцээ УИХ-аас эмэгтэйчүүдийн 30 байсан квотыг бууруулж 20 болгосон боловч манай эвслээс нэр дэвшиж байгаа хүмүүсийн 28 хувь нь эмэгтэйчүүд байна. Манай эвсэл өнгөрсөн 26 жилийн алдааг засч сайжруулахын төлөө бодлого тодорхойлж ажиллана. Иймд сонгуулийн үр дүнд итгэлтэй байна” гэлээ.