УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын бүтцийн тухай хуулийг гишүүдийн 79.6 хувийн, бүрэлдэхүүнийг 85.7 хувийн саналаар баталлаа.
Уг хууль батлагдсанаар шинээр байгуулагдах Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллах болж байна. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Засгийн газрын бүтцэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамыг үндсэн чиглэлийн яамдын тоонд багтаасан. Ингэснээр үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг УИХ-аас санал болгох боломжтой болсон юм.
УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг баталсан учраас Ерөнхий сайд Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх юм. УИХ-д сайд нарын нэрийг өргөн мэдүүлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Өнөөдөртөө багтаан сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Шинэ Засгийн газар 27 агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийн хууль батлагдлаа. Агентлагийн 10 нь тохируулагч, 17 нь хэрэгжүүлэгч агентлаг байх юм. Мөн нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаа нь хангагдаж байсан зарим агентлаг салах боллоо. Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь байгуулах болж байна. Тахарын алба татан буугдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг пункц нь Цагдаагийн байгууллагад шилжин очих боллоо.
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Засгийн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22:00 цагаас 02:30 цаг хүртэл хуралдаж гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09:00 цагт хуралдана. Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгасан. Мөн Хуулийн төсөлд төрийн захиргааны байгууллагын бүтцийг тодорхойлохдоо тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлаг байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар 13 яам, 27 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулна . Эдгээр нь Ерөнхий сайд, Шадар сайд болон тодорхой яамдад харьяалагдана. Ингэхдээ Гааль, татварыг салгаж, Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Үндэсний хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлагийн газрыг байгуулахаар тусгаж, таван агентлагийн нэрийг сольсон юм.
Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор хэчнээн хүн төрийн албанаас чөлөөлөгдөх вэ, Гааль, татварын ерөнхий газрыг салгах боллоо. Ямар үндэслэлээр салгах болов, дэд сайдын орон тоог бий болгох ямар шаардлага үүсэв?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Бүтцийн өөрчлөлтөөр 1338 хүн ажлаасаа чөлөөлөгдөнө, шинээр байгуулагдах бүтэц дээр 369 хүн очино. Гааль, татварын ерөнхий газрыг салгах болсон нь явуулж байгаа үйл ажиллагаа нь хоёр өөр учраас хийж байна. Гааль бол төсвийн орлого бүрдүүлэгч байгууллага биш хяналт тавьдаг байгууллага. Дэд сайдыг бий болгож байгаа нь тухайн яамыг эзэнгүйдүүлэхгүйн тулд хийж буй алхам. Сайд эзгүй хойгуур тухайн яам эзэнгүйдэж, өөр сайдад хариуцуулах шаардлага тулгардаг. Засгийн газрын хуралдаанд асуудал нь ороход өөр яамны сайд танилцуулах зэрэг бэрхшээл үүсдэг учраас дэд сайдын орон тоо бий болгох шаардлагатай гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Статистик, бүртгэлийн байгууллага хоёрыг салгаж байгаа нь зөв. Боловсрол дээр спортыг нэмж байгаа нь зөв. Үр дүнтэй. Өмнөх Засгийн газрын нэг алдаа нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөлмөрийн яаманд аваачиж өгсөн явдал. Улс орнуудын туршлагыг харахад хөдөлмөрийн ур чадвар эзэмшүүлэхийн тулд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд байдаг болохоос биш манайх шиг ийм байдлаар харьяалагддаггүй.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Цаашдаа нийт улсын эрх ашигт нийцсэн Засгийн газрын бүтцийг Үндсэн хууль болон органик хуулийн хүрээнд өөрчилж, бий болгож чадах уу. Өмнөх Засгийн газрын үед хэн нэг хүнд таацуулан албан тушаал бий болгож байсан. Төрийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд үзүүлсний төлөө төлбөр авч, үр ашиггүй зарцуулдаг агентлаг бий. Үүнийг өөрчлөхөд юу хийх вэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Цаашдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө тодорхой болгоод Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл илүү үр дүнтэй болох магадлалтай. Засгийн газар, УИХ-ын зүгээс эл асуудлыг хамтдаа судалж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Төрийн алба цомхон чадварлаг болох ёстой.
Төрийн албыг мэргэшсэн чадварлаг болгоход анхаарч ажиллана.
Шинэ Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамд нь
Байгаль орчин аялал жуулчлалын яам
Хууль зүй дотоод хэргийн яам
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Шинэ Засгийн газрын чиглэлийн яамд нь :
Барилга, хот байгуулалтын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам