Эрүүл мэндийн сэтгэл судлаач Келли Мак Гонигал стрессийн талаарх ойлголтыг урьд байгаагүй өөр өнцгөөс харж, түүнийхээ талаар судлан, шинжлэн ухааны үндэслэлтэйгээр гарган тавьжээ. Бидний ихэнх нь магадгүй бүгдээрээ стрессийг эрүүл мэндэд халтай зүйл гэж ойлгодог. Харин стрессийг хэрхэн харж, яаж хүлээж авч байгаагаас түүний бидэнд нөлөөлөх нөлөөлөл өөр болж, эерэг хариу үйлдлийг үзүүлдэг байна. Энэ талаар сэтгэлзүйч эмч Келли Мак Гонигал “TED Talk” маш ойлгомжтой хийгээд, сонирхолтойгоор тайлбарлан, таниулсныг хүргэж байна.
Надад та нарт хэлэх нэг үнэн байна. Гэхдээ эхлээд та бүхнийг надад үнэнээ хэлээсэй гэж хүсч байна. Өнгөрсөн жилийн хугацаанд стресст бараг л өртөөгүй хүн байвал гараа өргөнө үү(тавын тоонд багтахаар цөөхөн хүн гар өргөв). Тэгвэл дунд зэргийн стресст орсон хүмүүс (харьцангуй олон байв). Харин одоо хэн маш их стресст орсон бэ? (бараг бүгд гар өргөв).
Гэхдээ миний хэлэхийг хүссэн зүйл энэ биш. Би бол эрүүл мэндийн сэтгэл зүйч. Миний үүрэг бол хүмүүсийг аж жаргалтай бас эрүүл байлгах. Гэвч миний өнгөрсөн 10 жилийн туршид хийсэн, зөвлөсөн бүхэн сайн үр дүнд хүргээгүй. Энэ нь стресстэй холбоотой зөвлөмж. Учир нь би энэ жилүүдэд “стресс та нарыг өвчлүүлж байна” гэж зааж байлаа. Стресс нь жирийн нэг ханиадыг зүрх судасны өвчин болтол муутгаж чадах эрсдэлтэй гэх зэргээр стрессийг би дайснаа болгож байв. Гэвч одоо миний стрессийн талаарх бодол өөрчлөгдсөн. Өнөөдөр харин таны бодлыг ч мөн өөрчлөхийг хүсч байна. Стрессийн талаарх ойлголтоо өөрчлөхөд хүргэсэн судалгааны ажлын талаар энд би та бүхэнтэй хуваалцах болно.
Найман жилийн турш 30 мянган америк хүнийг хамруулсан энэхүү судалгааны хамгийн эхний асуулт бол “Та өнгөрсөн жил хэр их стресст орсон бэ” гэдэг асуулт байв. Харин дараа нь “Стресс таны эрүүл мэндэд халтай гэдэгт та итгэдэг үү” гэж асуусан юм.
Өнгөрсөн жил стресст их хэмжээгээр өртсөн хүмүүст нас барах эрсдэл 43 хувьтай байлаа. Гэхдээ энэ тоо зөвхөн стресс эрүүл мэндэд нь халтай гэдэгт итгэж явдаг хүмүүст хамааралтай байв. Стресст их орж байдаг боловч үүнийг эрүүл мэндэд нь хор нөлөөгүй гэж бодож явдаг хүмүүст нас барах эрсдэл үнэндээ бараг байсангүй. Тэр байтугай, бага стресстдэг гэж тодорхойлогдсон хүмүүсээс ч нас барах эрсдэлийн хувь бага байлаа. Шинжээчид өмнөх 8 жилд зуурдаар нас барсан182 мянган америк хүнд судалгаа хийж үзэхэд эдгээр нь стрессээс биш харин стресс өөрсдөд нь муу гэдэгт итгэдгээсээ болж нас барсан байна. Жилд энэ шалтгаанаар 20 мянган хүн хорвоог орхидог. Хэрвээ энэ тооцооллыг үнэн гэж үзвэл стресс эрүүл мэндэд муу гэж үзэх нь америкуудын нас баралтын 15 дахь гол шалтгаан болох юм.
Энэ судалгаа яагаад намайг гайхшруулсныг та нар харлаа. Гэтэл би стресс хүний эрүүл мэндэд муу болохыг хүмүүст хэлэхийн тулд маш их хүчин чармайлт гаргасан. Энэ судалгаа надад “хүмүүс стрессийн талаарх бодлоо өөрчилбөл эрүүл болж чадах болов уу” гэдэг асуултыг бий болгосон. Эрдэмтэд энэ зүйлийг сонсоод огтхон ч эргэлзээгүй. Та стрессийн талаар бодлоо өөрчлөхөд таны биед стресст үзүүлэх хариу үйлдлээ өөрчилдөг.
Энэ процесс хэрхэн явагддаг болохыг тайлбарлая.
Зүрх судасны өвчлөлтөөс хамгаална
Би Харвардын Их сургуулийн оюутнуудын дунд нийгмийн стрессийн сорил явуулсан юм. Энэ нь хиймлээр стресст оруулах үйлдэл хийнэ гэсэн үг. Стресс мэдрэгдэх үед таны зүрх хурдан цохилж эхлэн, амьсгал чинь дээрдэж, хөлөрч ч магад. Бид энэхүү физик өөрчлөлтийг сэтгэл тавгүй болсноос үүдэлтэй гэж тайлбарладаг. Эсвэл хүнд байдлаас гарч чадахгүй байгаа учраас үүсдэг. Тэгвэл үүнийг өөрөөр харах гээд үзье. Таны бие улам эрч хүчтэй болж, таныг сорилттой тулгарахад бэлдэж байна гэвэл ямар вэ? Яг энэ тайлбарыг Харвардын Их сургуулийн сорилд оролцсон хүмүүст урьдчилан хэлсэн юм. Тэдгээр хүмүүсийг нийгмийн туршилтад орохоос өмнө “стресс тэдэнд хэрэгтэй” байж болох талаар хэлсэн байв. Зүрх хурдан цохилох нь таныг сорилтод бэлтгэж байна. Таны амьсгал түргэсч байгаа нь тархинд илүү их хүчилтөрөгчийг авчирч байгаа юм гэж хэлсэн байлаа. Стрессийн хариу үйлдэл тэдний гүйцэтгэлд тустайгаар нөлөөлж байгааг оролцогчид анзаарчээ. Иймээс ч тэд харьцангуй бага сэтгэл зовинож, илүү их өөртөө итгэлтэй болсон байна.
Гэхдээ намайг хамгийн ихээр гайхшруулсан зүйл бол тэдний стресст үзүүлэх хариу үйлдэл өөрчлөгдсөнд байсан юм. Ердийн стресстэй үед таны зүрхний цохилт түргэсч судас нарийсдаг. Энэ ужиг стресс зүрх судасны судасны өвчнийг үүсгэгч болдог шалтгаан юм. Үргэлж ийм байх нь эрүүл мэндэд халтай. Харин энэ судалгаанд оролцогчид стресс нь хүний хариу үйлдэлд тустай гэж үзсэн. Тиймээс тэдний судас огтхон ч нарийсалгүй хэвийн хэмжээнд байлаа. Тэдний зүрх хүчтэй цохилж байсан хэдий ч зүрх судсанд хал болох хэмжээнд хүрээгүй байв. Үнэндээ, энэ хэмжээ нь баяр хөөртэй, аль эсвэл зориг хүчтэй болох үеийнхтэй яг адил байлаа.
Олон жилийн туршилтын үр дүнд энэхүү биологийн өөрчлөлт нь магадгүй таныг 50-90 нас хүртэл чинь стрессээс үүдэлтэй зүрх судасны өвчлөлтүүдээс хамгаалж чадна.
Эрүүл мэндийн сэтгэл зүйч миний зорилго үндсээрээ өөрчлөгдсөн. Би таны стрессийг арилгахыг хичээхээ больсон. Харин стрессийг зөв чиглүүлэх чадвартай болгохыг хүсч байна. Хэрвээ дараагийн удаа та стресст орох үедээ сая миний ярьсан зүйлсийг санаж чадвал таны бие бүхэлдээ стресст бэлтгэж, стрессийг илүү ашигтайгаа хүлээн авах болно.
Стресс таныг нийгэмшүүлдэг
Олон жилийн турш стрессийг үзэн ядаж явснаа наминчлан дахин нэг зүйлийн талаар та бүхэнд дуулгахыг хүсч байна.
Стресс таныг нийгэмшүүлдэг. Стрессийн энэ үйлдлийг ойлгохын тулд окситоцин хэмээх дааврын талаар мэдэх хэрэгтэй болно. Энэ дааварт байж болох бараг бүх идэвхжүүлэгчийг агуулдаг. Окситоцин нь “тэврэгч” гэдэг өхөөрдөм нэртэй. Учир нь энэ даавар хэн нэгнийг та тэврэх үед ялгардаг. Гэхдээ энэ нь окситоцины оролцдог олон зүйлсийн өчүүхэн хэсэг нь юм. Окситоцин бол үндсэндээ мэдрэлийн даавар. Энэ даавар нь таны тархины нийгмийн зөн билгийн хэсгийг тохируулдаг. Таны харилцааг улам дотно болгох үйлдэлд таныг чиглүүлдэг гэсэн үг. Окситоцин таныг гэр бүлийнхэнтэй, эсвэл найз нөхөддөө хүрэх, дотно байх хүслийг төрүүлдэг. Таны бусдын төлөөх хүслийг хүчтэй болгодог. Мөн хайртай хүмүүстэй тусалж, тэднийг дэмжих хүслийг улам бүр батжуулж байдаг юм. Зарим хүмүүс окситоцин хэрэглэж бусдын төлөө санаа тавих чадвараа сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг тавьж байлаа.
Гэтэл ихэнх хүмүүс энэ дааврын талаарх жинхэнэ үнэнийг огт мэддэггүй. Энэ бол “стрессийн даавар”. Таны өнчин тархи энэ бодисыг стресстдэх үед ялгаруулдаг. Адреналин таны зүрхний цохилтыг хурдасгадагтай адил стрессдэх үед үзүүлдэг хариу үйлдэл юм. Стресст орох үед окситоцин ялгарч таныг хэн нэгнээс тусламж хүсэх үйлдэлд хөтөлдөг. Таныг энэхүү биологийн хариу үйлдэл хүнд хэцүүгээ өөртөө тээхийн оронд хэн нэгэнд сэтгэлээ нээж ачаагаа хөнгөлж байхыг сануулдаг. Мөн бусдад ч мөн хүнд хэцүү үед нь туслахад хөтөлдөг. Амьдралын хүнд хэцүү үед стресс таныг хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж байхыг хүсдэг юм.
Стрессийн нууц таны эрүүл амьдралд хэрхэн тус болж чадах вэ? Окситоцин зөвхөн таны тархинд нөлөөлөөд зогсохгүй биед мөн нөлөө үзүүлдэг. Энэхүү даавар нь таны биеийг зүрх судасны өвчнөөс хамгаалахад мөн нэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ бол натурал судас тэлэгч. Мөн таны судсыг стрессийн үед хэвийн байлгахад тусалдаг юм. Түүнчлэн таны зүрх энэ дааврын нөлөөг авдаг учраас зүрхэнт тустай. Окситоцин зүрхийг сэргээж стрессээс хамааралтай аливаа гэмтлийг эмчилдэг. Энэхүү даавар зүрхийг хүчтэй болгож, нийгмийн харилцаанд бэлтгэж байдаг нь гайхалтай. Стресст сэтгэл зовинолын эсрэг байгалиас заяасан хамгаалах систем байдаг нь хамгийн гайхамшигтай хэрэг билээ. Энэ бол хүн бидний хоорондын холбоо юм.
Нас барах эрсдэлийг бууруулна
Би дахин нэг судалгаагаар илтгэлээ дуусгая.
Энэ судалгаанд АНУ-ын 34-93 нас хүртэлх 1000 хүнийг хамруулсан. Эдгээр хүмүүсээс хамгийн түрүүнд “Та өнгөрсөн жил хэр их стресст орсон бэ” гэж асуулаа. Харин дараа нь “энэ хугацаанд та найз нөхөд, хөрш зэргэлдээ хүмүүс, эргэн тойрныхондоо хэр зэрэг тусалсан бэ” гэж асуусан юм. Ингээд дараагийн таван жилийн нас баралтын статистик судалгааг гаргасан юм.
Муу мэдээнээс эхлэе. Санхүүгийн бэрхшээл, гэр бүлийн золгүй явдал зэрэг амьдралд тохиолддог хүнд хэцүү бэрхшээл бүхий стрессүүд нас барах эрсдэлийг 30 хувиар өсгөсөн байлаа. Гэвч энэ тоо хүн бүрт харилцан адилгүй байв. Бусдад санаа тавьж байсан хүмүүс стрессээс хамааралтай нас барах эрсдэл огт байсангүй. Бүр тэг хувь. Анхаарал халамж хүнийг уян болгодог.
Эрүүл мэндэд хор учруулж болох стрессийн муу үр нөлөөнөөс зугтах аргагүй. Харин таны бодох бодол, хийх үйлдэл стрессийн үр нөлөөг бүхэлд нь өөрчилж чадна. Хэрвээ та стрессийн үр нөлөөг тустайгаар өөрчлөхөөр шийдсэн бол та өөртөө эр зоригийн биологийг бий болгож байгаа юм. Та стресст орсон үедээ бусадтай уулзахаар шийдэхдээ илүү хүлээцтэй, уян хатан, зөөлөн байж чадна.
Миний хувьд стрессээр дүүрэн амьдралыг хүсээд байхгүй байсан тодорхой. Гэтэл стресст талархах сэтгэлийг шинжлэх ухаан надад өгсөн. Стресс бидний зүрх сэтгэлийг нээж өгч байна. Бидний зүрх сэтгэл бусадтай хамтдаа байхдаа илүү хүчирхэг байж, цохилох бүртээ танд эрч хүчийг бэлэглэсээр байх болно. Энэ талаас нь харж чадвал та стрессийг эерэгээр шийдээд зогсохгүй бас нэгэн үнэнийг хүчтэйгээр тунхаглаж байгаа юм. Өөртөө итгэлтэй байж, амьдралын ямар ч хүнд хэцүүг давж гарч чадна гэдгээ өөртөө амлаж буй хэрэг юм. Мөн бэрхшээлийг хэзээ ч ганцаараа давж гарах гэж оролдох хэрэггүй гэдгийг ойлгодог боллоо.