Open iToim app
Үг хэлэх хариуцлага | 2 мин уншина

Төрийн сайдаас гарах ёсгүй үг

Төрийн сайдаас гарах ёсгүй үг
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 31
Твиттер хэрэглэгчдийн дунд “шилэн Цогоо” гэж танигдсан УИХ дахь МАН-ын бүлгийн даргын зөвлөх Б.Цогтгэрэл 2016 оны сонгуулийн дараа Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдоод хагас жил боллоо. МАН-ыг сөрөг хүчин байхад тэрээр өөрийн твиттер хаягаар АН-ыг “гөвж”, шүүмжилж, нэг ёсондоо намынхаа PR-ын ажлыг хариуцдаг байсан. Энэ нь ч МАН-ыг сонгуульд ялахад нөлөөлсөн байх. Тэрээр бас дэд сайдын суудалд өрсөлдөх салбараа өөрөө сонгож, "Надтай дэд сайдад өрсөлдөх хүн байна уу" гэж зоригтой дуугарснаараа онцлогтой. Харин одоо өөрөө төрийн сайд, нам нь Засгийн газрыг бүрдүүлж, УИХ-д үнэмлэхүй олонхи болсон тул хурц шүүмжлэлээ зогсоогоод байна. Гэсэн хэдий ч хааяахан Монгол Улсын зам, тээврийн салбарт дэд сайдын алба хашдаг гэдгээ мартчихсан тун чиг хариуцлагагүй үг унагах юм даа.
Ердөө хэдхэн хоногийн өмнө нүүрсний орд, нөөцөөрөө тэргүүлдэг Австрали улсын баруун эргийн муж Квинслэндэд Дебби хар салхины улмаас онцгой байдал зарласан. Цагт 263 километр хурдтай хар салхи замдаа таарсан модыг үндсээр нь сугалж, байшин барилгыг нурааж, мужийг үерт автуулсан. Улмаар тус мужийн аж үйлдвэрийн бүс нутгийг дайрч нүүрс тээвэрлэдэг гол төмөр замыг сүйтгэсэн бөгөөд 54 уурхай үерт автан үйл ажиллагаагаа зогсоожээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Австрали улсын эдийн засагт ноцтой хохирол учраад байгаа юм.
Ийм мэдээлэл цацагдахад монголчууд “Эвий хөөрхий чадлаараа тэдэнд туслах юмсан. Олон хүн гэр оронгүй болж байгаа даа” хэмээн твиттерээр жиргэж байхад мань Б.Цогтгэрэл сайд л ганцаараа “Бороо бороо ороосой ля ля ля” гэчихсэн алга ташаад жиргэж байх юм.

Австрали улсад өнгөрсөн жил үер болж нүүрсний уурхайнууд нь хаагдахад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч, энэ нь Монголд давуу боломжийг олгож байсан нь үнэн. Гэхдээ монголчууд хэзээ ч бусдын зовлонд баярлаж, Б.Цогтгэрэл сайд шиг дуу аялж байсангүй. Бүр дайны үед ч “Ялж яваа Сталин хүүд нэг адуу, ялагдаж яваа Гитлер хүүд хоёр адуу өгье” гээд нэгэн ахмад малчин морио хөтлөөд ирж байсан гэх юм билээ. Гэтэл салбарын сайдаа эзгүйд нь төлөөлдөг, Монгол Улсыг төлөөлж гадаадын олон улсад айлчлал, ажил хэргийн шугамаар явах, зээл тусламж гуйх, боловсон хүчнээ туршлага судлуулахаар, сургахаар бадар барих Б.Цогтгэрэл дэд сайд бусдын зовлонд баярлах гэж дээ. Ийм үг жиргэснийх нь төлөө Авсралийн дипломат төлөөлөгчийн байгууллага улсдаа алтан хошуу хүргэсэн л байх. Тэд “жиргээний шилэн Цогоо бидний зовлонд баярлаж, бороо дахин орохыг хүсч дуу аяллаа” гэхгүй. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд ингэж жиргэлээ гэх байх даа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн