УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн хоёрдугаар сард Монгол хэлний тухай хуулийг хэлэлцээ, батласан. Тус хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй. Хуулийн талаар МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, гавьяат багш, доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.
-Монгол хэлний тухай хуульд ЕБС-ийн зургадугаар ангиас эхлэн гадаад хэл заана гэж тусгасан. Тэгэхээр гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд яах вэ?
-Монгол Улсад сургалт явуулж, монгол хүүхэд сурч байгаа л бол гадаад хэлний сургалт явуулдаг тусгай зөвшөөрөлтэй сургуулиуд заавал монгол хэлнэ заана гэсэн заалт хуульд орсон. Монгол сургуулиуд гадаад хэлийг зургадугаар ангиас нь эхлэн заана. Хэл дээр суурилсан үндэсний сэтгэлгээ 11-13 насанд төлөвшдөг. Түүнээс өмнө гадаад хэл заачихаар эх хэл дээрээ суурилсан үндэсний сэтгэлгээ бий болоход сөрөг нөлөөтэй. Монгол үндэстний оршин тогтнох нэг гол хүчин зүйл нь хэл сэтгэлгээ. Хэл, сэтгэлгээгээ хайрлан хамгаалж, хойч үедээ үлдээхийн тулд ийм хууль гаргасан гэж бодож байна. Хүн хэдэн гадаад хэл сурах нь чөлөөтэй ч гадаад хэлийг зургадугаар ангиас нь эхлэн заана.
-Монгол хэлэнд тулгараад байгаа асуудлуудыг шийдэж, харилцааг зохицуулж чадах хууль болж чадсан уу. Судлаач хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Амьдрал баян шүү дээ. Хууль хэрэгжих явцдаа засч залруулах, өөрчлөх, улам боловсронгуй болгох нь нээлттэй. Үндэсний сэтгэлгээг бий болгох, монгол хэлний хэрэглээг журамлах үүднээс энэ хуулийг УИХ-аас баталсан гэж бодож байна. Хуулиар журамласан чухал зүйл бол бичиг үсгийн хэрэглээ юм. Монгол бичгийг ЕБС-ийн зургадугаар ангиас эхлэн төгстөл нь заана гэсэн заалт орсон. Энэ бол их чухал заалт. Кирил бичгийн өөдөөс монгол бичгийг сөргүүлэн тавьсан зүйл байхгүй. Кирил бичиг бол монголчуудын 100 шахам жилийн оюуны соёлыг тээж яваа, олон улсын төвшинд албан ёсоор хэрэглэгдэж байгаа, сургалтын төвшинд хэрэглэгддэг, албан ёсны бичиг. Иймээс монгол бичгийг зааснаар кирил бичгийн хэрэглээг хязгаарлах зүйл байхгүй. Сүүлийн үед зарим хүмүүс кирил бичгийг шахах гэж байна, монгол бичгийг сэргээх гэж байна гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй. 2025 он гэхэд бид хос бичигтэн болох бэлтгэл хангана. Тэр болтол бэлтгэл хангагдвал хос бичигтэй яваад байж болно. Монгол бичгийн сургалтыг үе шаттайгаар оруулахыг хуульчилж өгсөн. 2025 он хүртэл элсэлтийн ерөнхий шалгалтын 25 хүртлэх хувийг монгол бичиг оруулж авна, төрийн албанд орж байгаа хүмүүс монгол бичгийг мэддэг байх ёстой гэх мэт чухал заалтууд бий.
-Төрийн албаны албан бичгийг кирил, монгол бичгээр давхар хөтөлнө гэсэн заалт хуульд орсон. Энэ хэрэгжих боломжтой юу?
-Өнөө маргаашгүй хэрэгжээд эхлэх заалт биш л дээ. Яваандаа хос бичигтэй болвол төрийн албан бичгийг кирил, монгол бичгээр давхар хөтөлнө шүү дээ. Тийм учраас үе шаттайгаар төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол болон кирил бичгээр албан бичиг хөтлөх шаардлагатай болно.
-Хууль хэрэгжиж эхэлснээр учир нь олдохоо байсан зөв бичгийн дүрэм, хэдэн янзаар бичигддэг үгс нэг мөр тодорхой болох уу?
-Хууль хэрэгжиж эхэлснээр нэгдүгээрт эх хэлний сургалт сайжирна. Хоёрдугаарт бичиг үсгийн хэрэглээ журамлагдана. Энд их тодорхой заалтууд бий. Крилл бичгийн зөв бичгийн дүрэм, толь бичгүүдийг журамлах юм. Зөв бичгийн дүрмийн журамласан толь бичиг гаргаад баталчихаар түүнийг л дагадаг, алдаа гаргадаггүй болно. Хэл гэдэг бол бидний дархлаа, бидний өмч, оюуны соёлын бүтээл. ЕБС-ийн сургалтаас эхлээд насан туршийн эх хэлний боловсролд энэ хууль эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь сайн хэрэгжүүлэх ёстой. Түүнээс хууль гаргачихаад хэрэгжүүлэхгүй байгаад байж болохгүй шүү дээ. Би багш хүн. Энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа учраас монгол хэлний сургалт, монголчуудын монгол хэлний хэрэглээний төвшин тааруухан байгаа бол үүнийг хуваалцах ёстой хүмүүсийн нэг. Тиймээс би Монгол хэлний хууль гарсанд баярлаж байгаа. 2013 онд Төрийн албан ёсны хэлний тухай хууль гарсан боловч үйлчлэх хүрээ нь явцуу байсан. Харин Монгол хэлний тухай хууль өргөн хүрээнд үйлчилнэ.
-Монгол хэлний хэрэглээг өргөн болгохгүй бол монгол хэл устах аюулд ороод байгаа талаар зарим хүмүүс ярьдаг. Монгол хэл үнэхээр устах аюулд ороод байгаа юм уу?
-Хэл бол тухайн үндэстний дархлааг хадгалж байдаг зүйл. Хэл үүсээд, амьд байгаад, үйлчлээд, хэзээ нэгэн цагт устаж үгүй болдог тавилантай. XX зууны эхэнд дэлхий дээр 3000 орчим хэл байна гэсэн тооцоо бий. Судлаачдын хэлснээр эдгээр хэлнээс 14 хоногт нэг нь мөхөж байна. Манай монгол хэл мөхөх хэлний тоонд одоогоор ороогүй. Монгол хэл мөхөх аюулаас харьцангуй хол хэл.
Учир нь нэгдүгээрт монгол хэл бичгийн хэлээр баталгаажсан буюу бичгийн хэлтэй. Хоёрдугаарт олон хэл аялгууны өнгө төрхтэй. Монгол хэл халх, ойрд, буриад, өвөр гэсэн дөрвөн том аялгуутай. Ийм олон аялгууны өнгө, төрхтэй хэл мөхөх аюулаас хол байдаг. Хамгийн чухал зүйл нь тухайн хэлээр яридаг хүний тоо олон байх ёстой. Бусад хэлтэй харьцуулахад монгол хэлээр ярьдаг хүмүүсийн тоо харьцангуй цөөн. Судалгаагаар дэлхий дахинд 10 сая гаруй монгол үндэстэн бий. Үүнээс зургаан сая нь монгол хэлээр ярьж байна. Би монгол хэлийг цөөхөн хэрэглэгчтэй ч гэсэн мөхөх аюулаас нэлээн хол гэж үздэг. Гэхдээ одоогийн байгаа бичгийн хэлээ хадгалах, хэрэглэгчийн тоог олон болгох хэрэгтэй. Монгол хэл их өвөрмөц хэл. Дэлхийн их олон хэлэнд байдаг элeмент монгол хэлэнд байдаг. Бүр бүтэц дотор нь. Ямар ч хэлний авиаг монгол хүн дуудаж чаддаг. Монгол хүн гадаад хэл сурах авьяастай байдаг нь биологийн тавил сайтай байдагтай холбоотой. Ямар ч хэлний хүнд авиаг дуудаж чаддаг. Тиймээс гадны нөлөөнд автах нь багатай.
-Ц.Дамдинсүрэнгийн зөв бичгийн дүрэм мөрдөгддөг хэдий ч сүүлийн үед дуртай бүхэн нь зөв бичгийн дүрмийн ном гаргаж байна. Ингэснээр нэг үгийг олон янзаар бичих хандлага гарах боллоо. Монгол хэлний тухай хууль үүнийг зохицуулах уу?
-Хуульд зөв бичгийн дүрмийг нэг мөр болгоод зөв бичгийн дүрмийн журамлсан толь бичигтэй болно гэж заасан. Хэрэгжээд эхэлвэл энэ гажуудал арилна. Одоо Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон зөв бичгийн дүрэм хэрэглэгдэж байна. Үүнийг боловсронгуй болгох гэж мэргэжлийн эрдэмтэд нэлээд үзлээ. Ингэхдээ үе шаттай хийх хэрэгтэй. Тиймээс хуучин зөв бичгийн дүрмийг боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ зөв бичгийн дүрэмд нэмчихээр зүйл их бий. Крилл бичгийн зөв бичгийн дүрэмтэй болж байхад орос хэлнээс л үг орж ирдэг байсан. Одоо блон янзын хэлнээс орж ирж байна. Үүнийг журамлах хэрэгтэй. Толь бичгээр язгуур, дагаварыг нь журамлачихвал алдаатай бичих асуудал байхгүй болно. Дурын хүн толь бичиг гаргаснаар дүрмээсээ зөрдөг, олон янзын бичлэгтэй болдог, хувь хүний имижийг дагадаг буруу жижиг бий. Хууль хэрэгжиж эхэлснээр зөв бичгийн журамласан толь хийгээд, Монгол хэлний үндэсний зөвлөл батална. Дурын хүн толь бичиг хийхгүй. Толь хийвэл журамласан толь дотроос багасгаад хийж болно. Хэрвээ шинэ үг хэллэг гараад ирвэл хуучин толь дээрээ хэвлээд явна. Хэрвээ ингэж чадвал гайгүй болно. Гариг гэдэг үгийг а-тай бичнэ , и-тэй бичнэ гээд л маргалддаг. Энэ бүхнийг нэг тийш нь шийдэж чадна.
-Гадаад үг их орж ирж байна. Энэ нь монгол хэлийг мөхөөнө гэж их ярьж, бичиж байна. Энэ тал дээр?
-Дэлхий дээр харь үггүй хэл гэж байхгүй. Харь хэлний элемент бол эх хэлийг баяжуулдаг чухал зүйл. Харь хэлний үг хэллэг орж ирж тухайн хэлний үгсийн санг баяжуулдаг. Гэхдээ харь үгийг хэр хэмжээтэй авах ёстой. Олон улсын шинж чанартай нэр томъёог монгол хэлэндээ оруулах ёстой. Мөн Монголд ерөөсөө байхгүй ухагдахууныг тухайн хэлнээс нь авч болно. Монгол хоолны нэрийн 80 орчим нь хятад үг шүү дээ. Ингэж монголжуулж авбал монгол хэл баяждаг сайхан арга байна. Харь хэлнээс үг авахаас аль болох татгалзах хэрэгтэй. Гэхдээ хатуу хориг тавих нь буруу. Дэлхийн харь хэлний үгсийн сангийн нөөцлийг ажиглаад үзвэл язгуур үйл үгэнд харь үг бараг байдаггүй юм. Монгол хэлний язгуур үйл үгэнд харь үг байхгүй. Тэгэхээр язгуур үйл үг гэдэг бол тухайн хэлний уугуул үгсийн санг унаган төрхөөр нь хадгалдаг зүйл. Харь үйл үг орж ирсэн зүйл байхгүй л дээ. Харин нэр үг орж ирээд үйл үг болдог тохиолдол бий. Тухайлбал шантаажлах. Шантааж гэдэг нь нэр үг. Монгол хэлний “л” дагавар залгаж шантаажлах гэдэг үг бүтээсэн. “Л” дагавар нь үйл үг бүтээх дагавар болохоос харь хэлнээс үйл үг орж ирээгүй. Харь үгийн ихэнх нь нэр үг байдаг.