Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Ц.Төмөр-Очир: Улсын эмнэлгийн эмч дунджаар 640, сувилагч 550 мянган төгрөгийн цалин авч байна

Ц.Төмөр-Очир: Улсын эмнэлгийн эмч дунджаар 640, сувилагч 550 мянган төгрөгийн цалин авч байна
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 9
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очиртой
ярилцлаа.
-Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн асуудал хүнд байна гэж сүүлийн үед их ярьж байгаа. Тухайлбал, ирэх жилийн төсөвт танай эмнэлгийн санхүүжилтийг танасан уу?
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилт зардлын зүйл ангиараа явж байгаа. Хязгаарлагдмал байгаа ч бид батлагдсан төсвийнхөө хүрээнд ажиллахаас өөр аргагүй. Нэг үгээр хэлбэл, зардал хоорондоо шилждэггүй. Эдийн засаг хүнд байгаа ч манай эмнэлгийн тухайд жилээс жилд төсөв боломжоороо нэмэгдэж байгаа. Гэхдээ шаардлагатай хэмжээндээ нэмэгдэж чадахгүй байна. Ер нь үйлчилгээ, эмчилгээнийхээ 65 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтээ авч байгаа. 2015 оноос хойш бүх төсвийн байгууллагуудын төсөв нэг хувиар танагдсан. Үүнд огцом хасалт хийгээгүй болохоор хэмжээндээ л байгаа.
-Иргэд улсын эмнэлэгт шинжилгээ өгөх гэхээр шаардлагатай бодис нь байхгүй, хэвтээд эмчлүүлэхээр эмчилгээ муу, гаднаас эмчилгээ авч хийж байна гэсэн шүүмжлэл байгаа?
-Төсвийг танаагүй ч шаардлагатай төсөв батлагдаж чадахгүй байгаа гэж дээр хэлсэн. Тухайлбал, бид жилдээ 500 мянга орчим хүнд оношлогоо шинжилгээ хийх шаардлагатай байхад 300 мянга орчим хүчний эмчилгээ үйлчилгээний зардал төсөвлөгддөг. Цаана нь 200 мянга орчим хүнд эмчилгээний зардал хүрэлцэхгүй байх жишээтэй байна.
-Гэрээнд зааснаас давсан эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг ч санхүүжилтээ авч чаддаггүй гэж байна. Тухайлбал, танай эмнэлэг жилд хэдий хэмжээний өртөгтэй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна вэ?
-Өнгөрсөн онд л гэхэд 600 сая орчим төгрөгийн гэрээнээс давсан эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлсэн. Энэ оны хагас жилийн байдлаар 627 сая төгрөгийн давсан гүйцэтгэлтэй байна. 
-Даатгалаас авч байгаа мөнгө хангалттай хэмжээнд байж чаддаг уу. Эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалтайгаа хамт байдаг учраас даатгалаараа эрүүл мэндийн үйлчилгээ авахад зарцуулагдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн хувь хэмжээгээ 100 хувь авч чадаж байгаа. Хамгийн гол нь гүйцэтгэлээс давсан хувиа даатгалаас авч чаддаггүй. Тухайлбал, жилдээ 500 саяас нэг тэрбум орчим төгрөгийн гүйцэтгэлийг тухайн жилд гаргалаа гэхэд энэ нь даатгалын салбарын ашиг болж үлддэг.  Нэг эмнэлэг жилд тэрбум төгрөгийн санхүүжилт гэрээнээс давсан байна гэдэг нь тухайн эмнэлгийн ачаалал их байгааг харуулж байгаа юм. Гэтэл гэрээнд байгаа дүнгээрээ л санхүүжилт олгогдож байгаа.
-Нийгмийн даатгалаас эрүүл мэндийн даатгалыг салгах нь зүйтэй гэж ярьдаг. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь гаднын орнууд тэр дундаа зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орнуудад үндэсний эрүүл мэндийн даатгалын байгууллага нь тусдаа бие даан ажилладаг. Манайх ч гэсэн олон улсын жишгээр явах хэрэгтэй гэж боддог.
-Улсын эмнэлгүүдийн төсөв жил ирэх бүр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа гэлээ. Эрүүл мэндийн даатгалаас ч 100 хувь санхүүжилтээ авдаг гэж байна. Тэгэхээр санхүүжилтээс хамааралтай хүндрэл эрүүл мэндийн салбарт гарахгүй байна гэж ойлгож болох уу?
-Ер нь бол зардлын зүйл ангиас санхүүжиж байгаа учраас хүндрэлтэй асуудал бий. Ер нь эмнэлгүүд хагас бие даасан байдал, эмнэлгийн тусламжийг зохицуулах хууль хэрэгжээд эхэлвэл санхүүжилтийн нөхцөл байдал өөрчлөгдөнө.
-Эмч, сувилагч гээд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин маш бага. Ер нь ажилчдынхаа цалинг нэмэх боломж ямар байдаг юм бэ?
-Эмч дунджаар 640, сувилагч 550 орчим мянган төгрөгийн цалинтай байна. Нэн ялангуяа улсын эмнэлгүүдийн эмч, ажилчдын цалин маш бага. Цалинг нэмэгдүүлэхийн тулд урамшууллын системийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, манай эмнэлэг дэлхийн төвшний, өндөр технологийн хагалгааг хийж байна. Эдгээр хагалгааг гаднын оронд очиж хийлгэхэд маш өндөр өртөгтэй. Энэ хагалгааг хийж байгаа эмч, ажилчдад нэмэлт урамшууллын систем ерөөсөө үйлчлэхгүй байгаа юм. Засгийн газраас тогтоосон цалингийн шатлалаар цалинжиж байгаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн