Өчигдөр Засгийн газрын хуралдаан болж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” компанийн төмөр замын Хандгайт өртөө хүртлэх 23.4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” компанид гурван жилийн хугацаатай олгохоор болжээ.
Тус компанитай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээ дуусгавар болоход төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид шилжүүлэн авахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.
Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Төмөртэйн уурхайгаас жилд гурван сая тн-оос доошгүй төмрийн хүдэр олборлож, “Болд төмөр ерөө гол” компани болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын шугамаар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлснээр жилд 1.5 саяас доошгүй тн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэж, төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж нээгдэнэ гэж үзсэн байна.