Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Төмөртэйн ордоос Хандгайт хүртлэх 33.4 км төмөр зам ашиглалтад орлоо

Төмөртэйн ордоос Хандгайт хүртлэх 33.4 км төмөр зам ашиглалтад орлоо
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 3
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Төмөртэй ордоос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт ашиглалтад бүрэн оруулж, тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 оноос хойш МТЗ, ДТҮ, QSC компаниуд хамтран барьж, 2015 оны сүүлээр бүтээн байгуулалтын ажил дууссан байна. 
Төмөртэй ордоос төмрийн хүдрийг Дархан төмөрлөгийн үйлдвэр хүргэхийн тулд 20 километрт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачдаг байсан юм. Харин энэ чиглэлийн төмөр замтай болсноор ачаа тээврийн өртгийг бууруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм байна.
Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг бөгөөд жилд 6 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт дэвшүүлжээ. 230 сая тонн нөөцтэй тус ордын төмрийн хүдрээс найман сая тонныг “Болд төмөр-Ерөө гол” компани борлуулахаар болсон байна. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ унасан үед энэ чиглэлийн төмөр замтай ашиглалтад орсноор төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардал 18 ам.доллараар буурах боломж нээгдэж байгаа юм байна.
Дотоодын түүхий эдийг ашиглан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төмрийн хэрэгцээг дотооддоо хангаж, импортыг орлон гадагшаа гарах мөнгөн урсгалыг бууруулахад эл байгуулалт чухал нөлөөтэй юм байна. Дархан төмөрлөгийн үйлдвэрт төмөрлөгийн бусад 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрийг бий болох тааламжтай нөхцөл бүрдэнэ. Хүнд аж үйлдвэрийн салбарын хөгжил шинэ төвшинд гарна. Шууд болон шууд бусаар 20.000 гаруй шинэ ажлын байр бий болох боломжтой. Уг төмөр зам нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж,. Эл бүтээн байгуулалтад ойролцоогоор 70 гаруй сая ам.долларыг зарцуулсан байна.
Уг бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт зэрэг албаны хүмүүс оролцжээ.
 Улсын Их Хурлын дарга З.Энхболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "бид энэ өдөр маш чухал үйл явдлын гэрч болж байна. Би чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, хууль сурталчилдаг. Энэхүү томилолтынхоо үеэр “Төмөртэй-Хандгайтын төмөр замын анхны ачаа тээвэрлэлт”-ийн нээлтийн ёслолд оролцож байна. “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн уриаг Та бид харж байна. Олон арван жилийн өмнөөс манай томоохон бүтээн байгуулалтууд гаднын орнуудын тусламжтайгаар хийгддэг байсан. Монголчуудыг хийж, бүтээж чадна гэдэгт эргэлздэг буруу ойлголт ч бий. Өнөөдрийн энэ бүтээн байгуулалт бол монголчуудын хийж, бүтээж чаддагийн бодит нотолгоо болж байна. Бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаашид уурхай, төмөр замд олон мянган монголчууд ажлын байраар хангагдах болтугай. Монголчууд бид бүтээж чадна” гэв. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн