“Би өөрийнхөө мөрийг эргээд харахад харамсах зүйл байдаггүй юм. Сайхан амьдарсан. Өнгөрүүлсэн амьдралдаа би хэзээ ч харамсдаггүй” хэмээн тэрбээр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа түүхийг бардамхан өгүүллээ. Тэр 40 жил урлагт зүтгэхдээ Цагааны Цэгмидийн Төмөрбаатар гэсэн нэрээрээ урлагийн салбарт өөрийн орон зайг хэдийнэ эзэлсэн. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Жамуха, “Үхэж үл болно” киноны Чингис, “Говь хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбал зэрэг олон сайхан дүрийг бидний сэтгэлд хоногштол буулгаж, 25-хан насандаа Төрийн шагнал хүртэж байсан түүнийг “Үндэсний шуудан” “Хоймор”-тоо урьсныг хүргэж байна.
Энэ мэргэжлийг эзэмшиж чамгүй үр бүтээлтэй ажилласан минь ээжийн маань ач
-Аавынхаа мэндэлсний 105 насны ойн хүрээнд урлагт өнгөрүүлсэн 40 жилийн түүхээ тайлагнах гэж байна. Тиймээс ярилцлагаа таны урлагт хөл тавьж байсан үеэс эхлэх нь зүйтэй байх. Таныг урлаг руу хөтөлсөн эрхэм хүмүүсээ дурсахгүй юу?
-Би уг нь онгоцны нисгэгч болъё гэж боддог хүүхэд байлаа. Дараа нь ч гэсэн онгоц шунгинаад өнгөрөхөд хэрвээ би нисгэгч байсан бол тэнгэрт давхиж яваа байх даа гэж боддог байлаа. Одоо харин жүжигчний мэргэжлийг сонгосондоо баярлаж, бахархаж байдаг. Аавынхаа мэргэжлийг өвлөн авч, нэрийг нь газарт унагалгүй, аль болох өндөрт өргөж явахыг, сайн аавын сайн хүү байхын төлөө нэлээн хичээж чармайж ирсэн. Дүү маань ч гэсэн аавын мэргэжлийг эзэмшээд урлагт тодорхой хэмжээгээр байр эзлээд тэргүүн эгнээнд явж байгаа. Ийм болохоор бахархууштай сайхан санагддаг. Жүжигчний замыг сонгоход ээж минь надад түлхүү анхаарал хандуулсан. Дунд сургуулиа төгссөнийхөө дараа цэргийн дунд сургуульд шалгалт өгөөд тэнцчихээд байж байсан. Тэгтэл ээж минь “Төмөрбаатар аа. аав чинь Монголын урлагийн нэртэй сайн жүжигчин байсан. Миний хүү аавынхаа мэргэжлийг уламжилж ажилламаар юм. Аав чинь чамайг энэ л жүжигчин болж магадгүй гэж хэлдэг байсан. Аавын чинь найз нөхөд хүүгээ жүжигчин болго гэж хэлээд байна. Миний хүү нэг үзээд алдвал яасан юм бэ” гэсэн. Ээжийнхээ зөвлөсний дагуу Улсын багшийн дээд сургуульд шалгалт өгч тэнцээд, кино драмын жүжигчний ангид орж байлаа. Энэ мэргэжлийг эзэмшиж чамгүй үр бүтээлтэй ажилласан минь ээжийн маань л ач. Ээж минь л жүжигчин болохыг зөвлөж, холыг харж, “Чи чадна” гэж хэлж байсан. Ээжийн маань ухаан бодол энэ бүхэнд чиглэгдэж байсан юм байна гэдгийг одоо ухаарч байна. Миний хүү амжилт гаргаж чадах юм байна, аавынхаа мэргэжлийг өвлөөд аавынхаа нэр төрийг өндөрт өргөөд явж чадах юм байна гэж эх хүний зөн совингоор ээж минь аль дээрээс харсан байж. Ээжийнхээ тавьсан замаар өдийг хүртэл явж ирлээ. Алдаагүй. Урлаг намайг хүмүүжүүлсэн, төлөвшүүлсэн, урлаг намайг өдий зэрэгтэй авч явж байгаа. Энэ их замыг засч өгсөн хүн бол яах аргагүй миний ээж юм.
-11 жилийн дараа дипломоо авсан гэдэг. Яагаад ийм орой авах болсон юм бэ?
-Энэ их сонин. Би 1978 онд сургуулиа төгсөх байлаа. Гэтэл 1977 онд “Суварган цэнхэр уулс” киноны зурганд гарсан юм. Миний багш ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Энэ хүүхдийг “Суварган цэнхэр уулс” киноны Саруултөгс байлдагчийн дүрээр дипломыг нь хамгаалуулна” гээд аваад явсан. долоо, наймдугаар сард зургаа авч эхэлсэн ч маш эрт цас орж кино зураг авах бололцоогүй болсон. Бас БНХАУ, Монголын харилцаа эвгүй байсан үед хил дээр нэлээн будлиан гарч байсан үед бид торгон хил дээр байсан. Тиймээс дараагийн зун киноны зургаа авахаар болсон. 1978 оны зун киногоо дуусгаж ирээд дипломоо хамгаалчих юм бодсон чинь улсын комисс нь бүрдэж өгөхгүй байсаар байгаад сүүлдээ мэдэх ч хүнгүй болоод ажилдаа ороод 10-аад жил ажилласан. Дипломтой, дипломгүй болох юм шиг санагдаад ажлаа хийгээд явж байтал 11 жилийн дараа сургуулийн захиргаанаас санаачилга гаргаж дипломоо авахаар болсон. гавьяат жүжигчин Б.Батзаяа бид хоёр “Маск” продакшны П.Эрдэнэзааны ангийнхантай хамт дипломоо хамгаалж, 11 жилийн дараа 1989 онд дипломоо авч байлаа даа.
-“Төрийн Төмөрөө” гэсэн тоглолтын нэр их өвөрмөц санагдсан. Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?
-Энэ тоглолтоор Төмөрбаатар ард түмнийхээ дунд өөрийнхөө бүтээсэн дүрээр хэр мөнхлөгдөж вэ гэдгийг харуулахыг зорьж байна. Эхний болоод эцсийнх ч байж магад. Ахиад тайлан тавих бололцоо олдох болов уу яах бол. Тоглолтын маань зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Улаанбаатар фильм”-ийнхэн “Төрийн Төмрөө” гэж нэрлэсэн. Миний хувьд тоглолтдоо “Дүр бид хоёр” гэж нэр өгсөн. Яагаад энэ нэрийг өгөх гэж байсан юм гэхээр, жүжигчид дотроо овоо олон бодит дүр бүтээсэн юм байна. Түүхэн төрийн зүтгэлтнүүдийн гэх юм уу даа. Чингис хаан, Жамуха, Сүй Шү Жан, Ю.Цэдэнбал дарга, улсын баатар Б.Цог генералын гэх мэт дүрүүдийг бүтээжээ. Улсын багшийн кино драмын ангид сурч байхдаа нэгдүгээр курсээ төгсөөд 1975 оны зун “Хүний амь” кинонд Эрдэнээгийн дүрд тоглож урлагт хөл тавьсан. Кино маань 1976 онд нээлтээ хийсэн. Тиймээс энэ кинонд тоглосноороо урлагт хөл тавьсан гэж тооцож 40 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тоглолтынхоо орлогоор аавдаа хөшөө босгох ажлын эхлэл суурийг тавих бодол байна.
-“Хүний амь” кинонд Эрдэнээгийн дүрийг бүтээснээсээ хойш хэдэн кинонд эерэг, эсрэг, зэвүүн, сайхан сэтгэлт Төмөрбаатарыг буулган үлдээсэн бэ?
-“Хүний амь” кинонд тоглосноосоо хойш 60-аад киноны гол болон туслах дүрд тогложээ. Энэ дунд цэрэг дайны холбогдолтой кино голчилдог. Тийм ч учраас түүхэн дүрүүд олон байдаг.
-Та кино драмын анги төгссөнийхөө дараа ОХУ-д жүжигчний мэргэжлээр суралцсан юм билээ. Энэ талаараа сонирхуулбал?
-Төрийн шагнал авсны дараа “Төмөрбаатарыг хойшоо сургуульд явуул” гээд Москвагийн Кино урлагийн дээд курст сурахаар явсан. Намайг найруулагчийн ангид явуулсан ч жүжигчний ангид орно гэж байгаад кино урлагийн жүжигчнээр хоёр жил суралцаад ирсэн. Ирснийхээ дараа Марксизм-Ленинизмын оройн дээд сургуулийг одоогийнхоор бол улс төрийн дээд сургууль төгссөн. Ерөнхийдөө залуудаа гурван ч их, дээд сургууль дүүргэсэн. Жүжигчнээрээ ажиллаад явахад амьдралаа аваад явах, өөрийнхөө зорилгод хүрэх, сайн жүжигчин байх, сайн хүний сайн хүү байх гэсэн зорилгыг биелүүлээд л явж байна.
Төрийн шагналаа буцаачихвал л их том ачаанаас салах юм шиг санагдсан
-Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээж 25-хан насандаа Төрийн шагнал хүртсэн. Энэ дүрд тоглосон түүхээсээ хуваалцахгүй юу?
-1979 онд Барилгын цэргийн 083 дугаар ангид цэргийн алба хааж байсан юм. яг энэ үед Монгол, Зөвлөлтийн хамтарсан киночдын баг “Говь хянганд тулалдсан нь” киног хийхээр болж ОХУ-ын талаас найруулагчид ирж монголын жүжигчдээс Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалд тоглох хүн хайж байхдаа театрт өлгөөтэй байгаа зургийг минь хараад “Энэ хүүхдийг пробонд оруул” гэсэн юм билээ. “Цэрэгт байгаа пробонд орох боломжгүй” гэтэл “Москва руу дүрийн шалгаруулалтад заавал явуулах ёстой. Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүрээнд энэ кино гарах ёстой. Тун яаралтай явуул” гээд Төв хороонд хэлж армиас авчрах үүрэг өгсөн юм. Тэгээд намар нь цэргээс халагдаад хавар нь Москва руу явж дүрийн шалгаруулалтад орж тэнцсэн.
-Цэдэнбал гуайн дүрд тоглосны дараа Ю.Цэдэнбал дарга тантай уулзаж, санаа бодлоо хэлж байв уу?
-Ю.Цэдэнбал дарга уулзъя гэж дуудахаар нь зугтаачихдаг байсан. “Кинонд явсан байна”, “Хөдөө явсан”, “Сургуулилттай байна” гэж хэл гээд зугтаачихдаг. Цэдэнбал Филатова гуай “Хүүе чи” гэж барьж авч уулзаж байлаа. “Яасан уулзалддаггүй хүүхэд вэ. Хүмүүс уулзах юмсан гэхэд чи зугтаагаад байдаг яадаг хүүхэд вэ” гэж загнаж байлаа. Ах эгч нар, ээжийнхээ нөмөр нөөлөгт эрхэлж өссөн хүүхэд болохоор хайр, хоол, мөнгөөр дутсангүй. Тийм байсан болохоор хүнтэй уулзаад юу ч гуйх, хүсэх билээ. Одоо харин эргээд бодох нь ээ тэр үед уулзаад “Та надад хоёр өрөө, гурван өрөө байр өгөөч”, “Хэдэн төгрөг өгөөч”, “Ийм зүйл хиймээр байна. дэмжээд өгөөч” гэсэн бол болохоор л байсан байхгүй юу. Даанч тэр үед тийм бодол байсангүй. Ээж минь надад байсан учир би дэндүү баян байлаа.
-Төрийн шагналаа яагаад буцаах болсон юм бэ. Хүмүүс янз бүрээр л ярьдаг?
-Дөнгөж сургуулиа төгсөөд жил гаруйхан болж байсан үе. Театрт ороод тийм ч олон дүрд тоглоогүй, танигдаагүй байсан үедээ “Говь Хянганд тулалдсан нь” кинонд тэр том хүний дүрд тоглоод 25 насандаа Төрийн шагнал хүртсэн. “Бусад хүмүүс аваагүй байхад Цэдэнбалд тоглоод авчихлаа”, “Энэ хүүхэд биеэ тоосон байна. Шагналыг нь буцааж ав” гэдэг ч юм уу маш их яриа гарч байсан. Жаахан буруу хөдлөхөөр л Хотын намын хороо, Улс төрийн товчоон дээр матаас оччихдог. “Буруу хүнд Төрийн шагнал өгсөн байна. Соёлын яамны коллегийн хурлаар оруулж Төрийн шагналыг нь буцаа” гэж хүртэл нэртэй том зохиолч ярьж байсан. Зарим нь ирээд “Чи юугаараа Төрийн шагнал авсан юм” гэж миний тэмдгийг мушгиж хаячихаад “Төмөрбаатар сэвтэй төмрөө ав гэж над руу чулуудсан” гэж хүртэл хэлж байлаа.
Тухайн үед залуу байсан болохоор энэ мэт яриаг хүлээж авахдаа их шазгануур хүлээж авна. Уйлна, уцаарлана, орилно. Тэр үед энэ том шагналыг авсан залуу хүүхэд аархаж, алдаж онож, бодож сэтгэсэн зүйл байлгүй яахав. Энэ шагналыг буцаачихвал л их том ачаанаас салах юм шиг санагдсан. Муу санаатай хүмүүс сүрэглээд ирэхээрээ заавал дийлдэг юм билээ. Сүрэг хүний урдаас ганц хүн яаж ч дийлэх вэ. Олон хүн яриад байхаар цаад хүмүүс нь үнэн болгож хүлээж авдаг. Би ганцаараа худлаа гэж мянга орилоод нэмэргүй байсан л даа. Янз бүрийн хар, цагаан хэл ам атаа жөтөөн дундуур өөрийнхөө уран бүтээл амьдралыг авч явж байлаа. 25 настайдаа Төрийн шагнал авсан болохоор үеийн залуучуудынхаа атаархлын манан дунд байсан. Их атаархдаг байснаа зарим нь одоо ч ярьдаг л юм. Төрийн шагнал авсан болохоор янз бүрийн албан байгууллага баяр ёслолдоо урина. Энд тэндхийн төлөөлөгчөөр сонгогдоно. Зун болгон “Мосфильм”-ээс урьж Хар далай, Крымын амралтад очиж амардаг байлаа. Тэгэхээр атаархахаас өөр яах вэ дээ.
-25 насандаа Төрийн шагнал хүртсэн хүн танаас өөр байдаг юм болов уу?
-Уран нугараач, гавьяат жүжигчин Б.Норовсамбуу эгч бид хоёроос өөр Төрийн шагнал залуудаа авсан хүн байдаггүй юм байна лээ. Анх Төрийн шагнал Маршалын шагнал гэж байхад урлагийнхнаас анхны шагналыг нь аав авч байсан. Манай аав Маршалын жүжигчин гэж явдаг байсан гэдэг. Х.Чойбалсан гуайн гарын жүжигчин нь Шороотын Цэвээн гуай, манай аав хоёр байсан юм билээ. Тухайн үеийн улс төрийнхөн болоод төр удирдаж байгаа хүмүүс урлагийнхныг айхтар их хүндэлдэг, жүжгийг нь байнга үздэг. “Энэ миний жүжигчин” гэж тэдэнтэйгээ хамт сэтгэлээрээ байдаг тийм сайхан үе байсан гэдэг.
Заримдаа надад яах гэж Хүүхэд залуучуудын театрт ажиллав даа гэх бодол орж ирдэг
-Таны амьдралын салшгүй нэг хэсэг бол Улсын хүүхэд залуучуудын театр. Амьдралынхаа ихэнх он жилүүдийг өнгөрөөсөн энэ театраа эргэн дурсахгүй юу?
-Хүүхэд, залуучуудын театр залуучуудын сэдэвтэй голчлон жүжиг тавьж, УДЭТ-тай эн зэрэгцэж уран бүтээлээ туурвиж байсан хүндтэй театр юм. Миний хувьд театртаа ажиллах хугацаандаа 200-гаад жүжгийн гол болон туслах дүрд тоглосон. Миний аав энэ театрыг үндэслэн байгуулагч гэж явдаг. Театрыг үндэслэн байгуулагчийн хүүхэд гэж явдгийн хувьд асар их харамсдаг. Тэр театрыг унагахгүй, үйл ажиллагааг нь зогсоохгүйн төлөө нэлээд их тэмцсэн. Тэмцэл маань ганцаардаж үр бүтээлгүй болсон. Заримдаа надад яах гэж Хүүхэд залуучуудын театрт ажиллав даа гэх бодол орж ирдэг. Төгсөөд Драмын театрт орох гэсэн бол дургүйцэхгүй авах л байсан байх. Хүүхэд залуучуудын театрыг И.Нямгаваа гэж хүн устгаж хаяснаас болж 60-аад уран бүтээлч гудамжинд гарсан. Хувьчилж авсан хүний хуншгүй зангаас болж олон жүжигчин харьяалагдах театр байхгүй зовж яваа. Хэрвээ театр байгуулагдсаны ой болох юм болох 65 жилийнх нь ой тохиох байлаа. Даанч театр нь алга.
-Хүүхэд залуучуудын театраа эргэн байгуулж чадахгүй ч гэлээ ажиллаж байсан уран бүтээлчдээрээ нэгдээд бүтээл хийх юмсан гэсэн бодол байдаг уу?
-Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан уран бүтээлчид маань нэгдүгээрт нас нь яваад өглөө. Тухайн үед залуу гэгдэж байсан уран бүтээлчид маань бүгд 40 гарчихлаа. Зарим нь тоглож чадахгүйдээ хүрсэн байна. Ихэнх нь өөр, өөр мэргэжлээр ажиллаж байгаа болохоор нэг их үр дүнд хүрэхгүй байх гэж бодож байна. Хүүхэд залуучуудын театраа шинээр байгуулаад, шинэ уран бүтээлчдээс бүрдүүлээд ахмадуудаа харьяалалдаа авч тэднийгээ баяр ёслолын үеэр хүлээж авч тэднийхээ дадлага туршлагыг яриулаад сууж байх юмсан гэж их мөрөөддөг. Байгуулах гэхээр хөрөнгө мөнгөний хувьд надад бололцоо алга. Тийм болохоор мөрөөдөхөөс цаашгүй л байна даа.
-УДЭТ-т богинохон хугацаанд ажиллахдаа “Бооцоо”-гоос эхлээд цөөнгүй жүжигт тоглож байсан. Яагаад театраас гарах болсон юм бэ?
-УДЭТ-ын тайзнаа “Бооцоо” жүжигт анх тоглож байлаа. “Надаар тоглосон хайр”, “Зөрүүд эрийг номхотгосон нь” гэх мэт жүжигт тоглож байсан. Драмын театрын урын санд орсон цөөхөн жүжигт тоглосон. Ороо бусгаа цаг байсан учир цагт баригдаж явснаас чөлөөтэй уран бүтээлээ хийгээд явж байсан нь үр дүнтэй юм болов уу гээд үндсэн дээрээс театраасаа гарсан. “Кинонд явъя” гэхээр “Театраасаа гараад кинондоо яв. Аль эсвэл театртаа бай” гэдэг байсан. Ажлын ачааллаас шалтгаалаад ийм болзол тавьж байсан. сарын 600-700 мянган төгрөг аваад ажиллах, нэг кинонд 10-15 сая төгрөгөөр тоглох өөр шүү дээ. Кинонд тоглосон нь илүү байсан учир үүнд хөтлөгдөж театраасаа гарсан.
Даанч аав минь намайг дэндүү багад явчихаж дээ
-Аав тань таныг долоон настай байхад бурхан болсон гэсэн. Хэрвээ аав минь байсан бол доо гэх үе танд цөөнгүй гарч байсан байх?
-Би аавыгаа долоон настайдаа алдсан. Намайг ажил дээр гарсны дараа аав минь 3-4 жил хамт байсан бол одоо байгаагаасаа илүү байх байсан болов уу гэсэн бодол төрдөг. Аав минь байсан бол надад их зүйл хэлнэ шүү дээ. Аавын зангараг, нөлөө, туршлага, гээд их зүйл зааж сургах байсан байх. Даанч намайг дэндүү багад явчихаж дээ. Ухаан суусан үед явсан бол өдийд ийм зэрэгтэй явж байгаа юм чинь одоогийнхоосоо хэд дахин илүү явж байгаа даа гэж бодогддог.
-Цагааны Цэгмидийн хүүхдүүд гэдгээрээ гадуурхагдаж явсан үе бий гэж хэлж байсан?
-Үгүй яахав дээ. Энэ нэг их том асуудал байдаг юм. Цагааны Цэгмидийн хүүхдүүд болохоороо жүжигчин байх ёстой юм уу, авьяастай байх ёстой юм уу, Цагааны Цэгмид гэж хэн юм гэх дэл сул яриа их гардаг байсан. Ялангуяа манай том ахыг жүжигчин болно гээд шалгалт өгч байхад “Яахаараа Цагааны Цэгмидийн хүүхэд жүжигчин болох ёстой юм” гээд гурван удаа шалгалтаас хасч байсан удаа бий. Харин намайг жүжигчин болох гээд шалгалт өгөхөд аавын минь шавь нар урлагийн салбартаа байр суурь эзэлсэн байсан болохоор аавын нэр нөлөөний дор намайг урлагт авсан. Их ч хамгаалж, сургуульд үлдээсэн. Үүнийг би байнга санаж явдаг. Ачийг нь өөрийнхөө уран бүтээлээрээ хариулна даа гэж ажиллаж ирсэн.
-Таны дүү Ц.Төмөрхуягийг аавынхаа мэргэжлийг өвлөсөн чадварлаг жүжигчин гэхээс бид өөрөөр мэддэггүй гэж хэлж болно. Харин та ахын хувьд дүүгээ юу гэж тодорхойлох вэ?
-Манай Төмөрхуяг бол тайзан дээр мундаг жүжигчин. Дэлгэцийн бүтээлд одоо л сүрхий болж ирж байна. Мэргэжлийнхэн болоод үзэгчид ч хэлдэг. Төмөрхуяг бол Төмөрбаатараасаа илүү жүжигчин гэж. Би өөрөө ч Төмөрхуягийг надаас илүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Миний дүүгийн сэтгэл хөдлөл, жүжигчний чадвар надаас илүү. Төмөрхуяг ээжийг дууриасан дүрлийсэн том нүдтэй. Жүжиглэлт нь нүдээрээ, сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлэгдэж байдгаараа илүү чанартай. Хүн амьдралдаа алдаж онохгүй явбал ажил дээрээ амжилт гаргах нь илүү байдаг. Тийм учраас дүүгээ амжилттай яваасай, сайн сайхан байгаасай гэдэг үүднээс ахын хувьд үргэлж санаа зовдог, үглэдэг, загнадаг. зарим үед гар хүрч байсан үе бий. Чи сайн аавтай хүн байсан гэдгээ ухаараарай гэж дүүдээ хэлдэг юм. Энэ бол олон салаа үг. Сайн аавын нэрийг унагаж болохгүй гэсэн нэг нэр, сайн аав маань мэргэжилдээ номер нэг байсан шүү. тийм учраас энэ мэргэжлээрээ номер нэг байх ёстой, сайн аавын мэргэжлийг уламжилж авсны хувьд сайн хүү нь байх ёстой, алдаж болохгүй шүү гэж ахын сэтгэлээр дүүгээ сургаж ярьж хэлж байдаг юм. Дүүгээсээ ч гэсэн сурах зүйл надад бий.
-Үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон кино, жүжигт тоглохдоо та ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин И.Одончимэгтэй хамтран тоглосон байдаг. “Амьдралын нахиа”, “Ээждээ л үнсүүлэхсэн” кино бас “Аянгын бороо” жүжиг гэх мэт. Яалт ч үгүй таны алтан партнёр гэж тодотгож болох уу?
-Миний уран бүтээлийн алтан партнёр бол яах аргагүй энэ хоёр. И.Одончимэг, С.Сарантуяатай кино, жүжиг аль алинд нь партнёр болж байлаа. Энэ хоёртой хамт жүжиг кинонд тоглоход надад айж гайхах, сандрах зүйл байдаггүй. Бид нүдээрээ ойлголцдог. Хамт тоглоход маш амар. ухаалаг, намайг ойлгодог, би ч тэднийг ойлгодог. Энэ нь уран бүтээлийн чанарт их нөлөөтэй. Тийм ч учраас найруулагчид биднийг хамтад нь тоглуулах дуртай. Яагаад гэвэл “Хүний сэтгэлийн толь нүд гэдэг”. Жүжигчний тоглолтыг нүдээр нь үзэгчид хардаг. Бидний нүд үнэн байвал тоглолт маань үнэн байна. Үзэгчид маань ч гэсэн тэднийг хүлээн авахдаа илүү ойр хүлээж авна. Тийм учраас энэ хоёртойгоо хамт уран бүтээлд тоглох дуртай. Энэ хоёр бол миний алтан, алтан, алтан партнёр юм.
-Таныг жүжигчин болж чадахгүй гэж хэлж байсан гэдэг. Юунаас болж тэгж хэлүүлэх болсон юм бэ?
-Энэ бол манай орос багшийн үг байгаа юм. Яагаад ингэж хэлүүлэх болсон юм бэ гэвэл амьтны этюд хийдэг байсан юм. Д.Маамхүү, Г.Жигжидсүрэн багшийн өмнө этюдээ их сайн хийдэг. Орос багшийнхаа өмнө очоод хийх гэхээр ерөөсөө болдоггүй. Этюдээ үзүүлж байхдаа өөрийн мэдэлгүй инээчихдэг байсан юм. Тэгсэн багш уурлаад “Намайг доромжиллоо. Бусад багш чинь чамайг сармагчингийн этюдийг хамгийн сайн хийдэг гэж магтаад байсан. Чиний хийж байгаа царай нь энэ. Чи яагаад намайг доромжлоод байгаа юм” гэдэг байсан. Надад их дургүй. "Наадах чинь жүжигчин болохгүй" гэж сургуулиас хасах гэж их үзсэн. Сайн багш нар, аавын маань шавь нар байсан болохоор намайг хамгаалж үлдсэн. Жүжигчний мэргэжлийн үндсэн чиглэлээ би ерөнхийдөө гуравдугаар курстээ олж авсан. Одоо багшийн ажлаа хийгээд явахад тэр багш нарын минь хэлсэн, ярьсан бүх зүйл сэтгэлд байдаг. Яагаад гэвэл би тэднийгээ чин сэтгэлээрээ хүлээж авдаг байсан. Тэд нарынхаа ачаар л шавь нараа сургаад явж байна даа.
Хүмүүс хүүтэй боллоо гэж хашгирдаг бол би “Удам залгах хүүтэй боллоо” гэж баярлаж байсан
-14 насаар дүү бүсгүйтэй ханилсан гэж таныг буруутгах хүмүүс байдаг. ханийнхаа талаар ярихгүй юу. Хайрыг тань татсан зүйл юу байв?
-Миний хань Б.Отгончимэг гэж сайхан хүүхэн бий. “Орчин үе”-ийн театр гэж байх үед дэргэдэх дээд курст суралцаж байхад нь танилцаад ханилж байлаа. Б.Мөнхдорж багш “Орчин үе”-ийн театрт багшилдаг байхдаа ажилтай болоод ирэхээрээ “Алив Төмөрбаатар очоод хичээл заагаадах” гэдэг байсан. Хичээлээ зааж байсан чинь нэг их дүрлэгэр том, бор нүдтэй охин миний зааснаас зөрөөд байхгүй юу. Шаардлага тавихаар хүлээж авахгүй. Тэгээд л миний анхаарлыг татсан юм. Киноныхоо нээлтийн урилгыг өгч хамтдаа үзэж, танилцаж байлаа. Түүнээс хойш гэрт нь хүргэж өгч, орцонд юм ярилцаж суусаар байгаад ойрхон болсон. Гэр орон маань ч нэг зүгт байсан юм. Хичээл тарахыг хүлээж байгаад хүргэж өгнө. 1993 онд нэг гэрт орж, 1995 онд том охиноо гарсны дараа хуримаа хийсэн. Миний хань одоо уул уурхайн салбарт ажилладаг. Хань минь надад гурван сайхан хүүхэд төрүүлж өгсөн, сайхан хүн. 23 жилийг хамт туулсан болохоор хорвоог хамтдаа л дуусгана даа. 25 жил болохоороо мөнгөн хуримаа хийнэ гэж боддог юм.
-Танай хүүхдүүд урлагийн замналаар явж байгаа гэсэн. Том охин тань урлагийн сургуульд, дунд охин Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцдаг гэсэн. Урлагийн л хүмүүс болох гээд байна уу?
-Охид маань урлагийн чиглэлээр суралцахаа больсон. Том охин маань урлагийн сургуулиасаа гараад Тайваньд эдийн засгийн чиглэлээр суралцаж байна. Дунд охин маань ч гэсэн Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангиасаа гараад хэлний сургуульд явчихсан. Дунд охиноо ямар ч байсан нотоо таньдаг болгоё, урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болгоё гэж Хөгжим бүжгийн коллежид оруулсан. Түүнээс биш мэргэжлийн хөгжимчин болгох бодол байгаагүй. Өнөөдөр манай уран бүтээлчдэд гадаад хэлний мэдлэг маш их хэрэгтэй байна. Тийм учраас англи, орос, хятад хэлтэй бол олон улсын хэмжээнд хамтарсан тоглолт, кинонд явахад ойр дөхөм байх болов уу гэсэн үүднээс сургаж байна. Дунд охин маань жүжигчин болно гээд л байгаа. Том болсон хойноо юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Шахаж болохгүй, өөрөө дурлаж л хийх ёстой. Бага хүү маань одоохондоо ухаан суугаагүй л байна.
-Бага хүүгээ төрөхөд маш их баярлаж байсан тухайгаа хэлж байсан. Таны хамгийн их хүсэн хүлээж байсан зүйлийн нэг яах аргагүй энэ байх.
-Хоёр охинтой байхдаа би бодож байсан юм. Би аавынхаа урлагийнх нь ажлыг үргэлжлүүлээд явж байгаа. Гэтэл Төмөрбаатарын гэсэн овгоор овоглосон энэ мэргэжлийн маань удам тасрах нь дээ гэж боддог байсан. Хүүтэй болоод хамгийн түрүүнд "Удам залгах хүүтэй боллоо. Хүүгээ заавал жүжигчин болгоно" гэж бодож байсан. Намайг залгах хүүтэй боллоо гэж ямар их баярласан гэж санана. Үгээр хэлэх аргагүй. Тийм учраас эхнэртээ маш их баярласан. Яагаад гэхээр "Хүүтэй болох найдваргүй боллоо доо" гэж байтал хүслийг минь гүйцээж хүү төрүүлж өгсөн нь үнэхээр агуу санагдсан. Хүмүүс хүүтэй боллоо гэж хашгирдаг бол би “Удам залгах хүүтэй боллоо” гэж баярлаж байсан.
-Таны хувьд хүүдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлнэ гэж их эртнээс төлөвлөж байх шиг байна?
-Одооноос эхлээд ажиглаад л байна. Жүжигчин болж чадах нь уу, чадахгүй юу гэж. Манай дунд охин бол айхтар. Гадуур явж ирчихээд онцгой хүн, амьтанг дууриана. Гоё ганган хүүхэн ч юм уу өвгөн, эрэгтэй хүн болж дууриадаг юм. Хүү, дунд охин хоёрын маань аль нэг нь жүжигчин болох байх гэж найддаг.
Урлагийн хүн улс төр рүү хэлбийгээд нэг их амжилт олдоггүй юм байна лээ
-Таны амьдралд шаналах зовох үе цөөнгүй тохиолдож байсан байх. Энэ үед таныг юу зоригжуулдаг вэ?
-Амьдралд шаналах, зовох үе олон бий. Олон ч гарч байсан. 50 нас хүртлээ энэ мэргэжлээрээ амжилт гаргаад явах юм бол болно гэж боддог байлаа. Гэтэл 50 гараад ирэхээр олон зүйл бодогддог юм байна. Улс орон, ард түмэн, урлаг уран сайхан бодогддог юм билээ. Янз бүрийн ном сонин, сэтгүүл уншаад урлагийн тал дээр ийм бодлого явуулах ёстой гэсэн үндсэн дээр төр рүү нэлээд анхаарч ирсэн.
-Соёл спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа таны хийсэн хамгийн том ажил юу вэ?
-“Монгол контент” хөтөлбөрийн багийг ахалж, Монголын киночдод төрөөс 10 тэрбум төгрөг батлуулахаар хөөцөлдөж, таван тэрбумыг Засгийн газраар батлуулж чадсан. Ганцхан гавьяа маань тэр. Харамсалтай нь ССАЖЯ татан буугдсанаар “Монгол контент” хөтөлбөр хүчингүй болж, дээрээс “Соёл урлагт туслах сан”-г хүртэл татан буулгасан.
-УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн. Яагаад улс төр рүү орохоор болсон юм.
-Би 2008 онд Баянгол дүүргийн ИТХ-д нэр дэвшин сонгогдож, төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Ер нь 2004 оноос сонгуульд оролцож байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хувьд сонгогчид маань надад итгэлээ өгөөгүй. Яагаад би улс төр рүү орох болов. Монголынхоо урлагийн төлөө хийх ажил надад их байна. Санаа зовоод худлаа хашгираад нэг их амжилтад хүрэхгүй. Тэр дундаа кино урлагийг хөгжүүлэх, монголын кино урлагийг олон улсад таниулах талаар санаа зовоод явж л байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд заавал шийдвэр гаргадаг хүн байж өөрийн бодож санаснаа биелүүлэх юм байна гэж улс төр рүү орсон. Улс төр гэдэг маш бохир, хүсэхээр эд юм биш юм байна гэдгийг өнгөрсөн сонгуулийн ажлын явцаас харж мэдэрсэн. Олон жил улс төрийн зах зухад явсан мөртлөө бас л ойлгоогүй явсан байна. Урлагийн хүн улс төр рүү хэлбийгээд нэг их амжилт олдоггүй юм байна лээ.
Миний аав надад ямар их хайртай байсан юм бэ гэсэн дурсамжийг хүүхдүүд минь үргэлж биедээ байлгаасай л гэж хүсч байна
-Амьдралаас авсан хамгийн үнэтэй зүйл тань юу вэ гэвэл та юуг нэрлэх вэ?
-Энэ амьдралаас авсан хамгийн үнэтэй зүйл минь миний мэргэжил. Мэргэжлээрээ л би амьдралаа олж авсан, ард түмэндээ танигдсан. Энэ мэргэжлээрээ л би ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө, эх орон тусгаар тогтнол эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх, шүүмжлэх, боловсруулах ажлыг хийж ирсэн байна. Тиймээс туулж өнгөрүүлсэн амьдралаасаа олж авсан хамгийн үнэтэй зүйл бол жүжигчний мэргэжил юм.
-Туулсан замаа эргээд харахад харамсч явдаг зүйл байдаг болов уу?
-Би өөрийнхөө мөрийг эргээд харахад харамсах зүйл байдаггүй юм. Гоё сайхан амьдарсан байна, өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн байна, хийе гэсэн зорилгодоо хүрч яваа юм байна гэж бодож байна. "Гишгэсэн мөрөө эргэж харж бай" гэж би найз нөхдөдөө хэлдэг юм. "Сайн явж уу, сайхан явж уу, гишгэсэн мөр минь цагаан байна уу, хар байна уу. Хорвоо бөөрөнхий шүү, хэн байсан, хэн бэ гэдгээ сайн бод" гэдэг юм. Өнгөрүүлсэн амьдралдаа би хэзээ ч харамсдаггүй. Хүнээ танихгүй явжээ гэж цагаахан харамсдаг. Одоо бол би хүн танихгүй байна гэж байхгүй. Залуу, хөдөлгөөнтэй, болчимгүй явахдаа хүн танихгүй явжээ гэсэн хөнгөхөн сэрвэлзсэн харуусал байдаг юм. Харин би үүнийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл, сайн сайхан яваа амьдрал, хийж бүтээсэн зүйлээрээ дарж явдаг.
-Та дэлгэцнээ бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамуха, “Үхэж үл болно” киноны Чингис хаан, “Суварган цэнхэр уулс”-ын Саруултөгсийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд үлдэнэ. Харин та хүүхдүүддээ та ямар аав байсан гэж дурсагдахыг хүсч байна вэ?
-Сайн аав байсан гэж дурсагдахыг хүсч байна. “Миний аав надад ямар их хайртай байсан юм бэ” гэсэн энэ дурсамжийг миний хүүхдүүд үргэлж санаж, бодож яваасай гэж хүсдэг. Миний аав сайн, сайхан хүн байсан юм шүү гэж үргэлж дурсаасай гэж боддог.