Open iToim app
Шүүх | 3 мин уншина

​Төв аймгийн шүүхийн 90 жилийн ойн арга хэмжээ эхэллээ

​Төв аймгийн шүүхийн 90 жилийн ойн арга хэмжээ эхэллээ
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 27
Төв аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн албан ёсны арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр тохиож байна. Тэртээ 1926 оны тавдугаар сард Богдхан Уул аймгийн шүүх нэртэйгээр Лүн суманд 4 орон тоотойгоор байгуулагдаж байсан тус шүүх өнөөдөр эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны дагнасан шүүхүүд болон давж заалдах шатны шүүх гэсэн 4 шүүх болон өргөжиж, 17 шүүгч, шүүхийн захиргааны 31 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. 
Түүхт 90 жилийн ойн албан ёсны арга хэмжээ тус шүүхийн үүдэнд туг залснаар эхэллээ. Энэхүү арга хэмжээнд тус шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадууд уригдан оролцсон бөгөөд тэдгээр хүндэт зочдод шүүхийн ажилтнууд 90 жилийн ойн энгэрийн тэмдэг зүүж, хүндэтгэл үзүүлэн угтан авсан юм. Үүний дараа Төв аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, комиссын гишүүн Төв аймаг дахь шүүхүүдийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав нар тус шүүхийн хашаанд сүндэрлүүлсэн Төв аймгийн газрын зургийг сийлсэн гантиг хөшөөг албан ёсоор нээлээ. Дараа нь ойн арга хэмжээнд оролцогчид шүүхийн үүдэнд залсан шударга шүүхийн сахиусан тэнгэр Фемидад хүндэтгэл үзүүлж, зочдыг танилцуулах, ойн арга хэмжээний нээлтэд оролцсон юм. Үүний дараа Төв аймгийн Зуунмод суманд орших Улсын баатар Д.Самдангийн хөшөөнд цэцэг өргөв. Энэ үеэр Цэргийн 013 дугаар ангийн үлээвэр найрал хөгжимчид Төрийн дуулал эгшилүүлж, хүндэтгэл үзүүллээ. Дараа нь хүндэт зочид Төв аймгийн Зуунмод сумын төв талбайд дурсгалын зураг татуулав. 
Баярын хурлын үеэр нэр бүхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон медаль болон бусад шагналаар шагнасныг албаны хүмүүс гардуулан өгсөн юм. Тухайлбал Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормааг Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж гардуулж баяр хүргэв. Мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяаг Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг гардуулж өгөв. Төв аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойн үеэр ёстой л шагналын хур бууж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Очсүрэн, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав. Түүнчлэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсныг Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өрнөндэлгэр гардуулан өгсөн юм.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Буянтогтох, Төв аймаг дахь шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан Н.Эрдэнэчимэг нарыг Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагналаа.
Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр Төв аймаг дахь шүүхийн ахмад ажилтан С.Бямбааг, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Г.Баянжаргалыг тус тус шагнав. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн