Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

​Түүх, домгийн сурвалж Хөх нуур, Балдан Врайбүн хийд

​Түүх, домгийн сурвалж Хөх нуур, Балдан Врайбүн хийд
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 4
iToim агентлагийн хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн есөн гайхамшгийн нэг, Ар халхын Утай Гүмбэн гэж алдаршсан Балдан Врайбүн хийдэд очоод ирлээ. Тус хийд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Баруун Жаргалант голын хөндийд оршдог. Улаанбаатараас 270, Багануураас 70 км, Өмнөдэлгэр сумын төвөөсөө 60 км зайд явж хүрнэ. Архи уусан хүн энэ хийд рүү нэвтэрдэггүй. Нэвтэрсэн ч уулын жимээр мөргөл хийж явахдаа хальтирч унах, амиа алдах эрсдэлтэй. Биднийг очиход Балдан Врайбүн хийдийн лам 82 настай Цэрэнпил тосч, уул өөд урд гаран дагуулж явлаа. Үнэхээр яс сайтай буурай ажээ. Хотоос ирсэн биднээс түрүүлээд л уул өөд янгир шиг мацна. Өдөрт дөрвөн удаа ирсэн зочдыг дагуулж уул хадаар явж, гадаадын жуулчидтай бол орос, англиар холиод ойлголцчихдог гэнэ. Ах нь дэлхийн олон сэтгүүл, телевизийн нэвтрүүлгээр гарсан хүн. Зургаа хамт авахуулж болно гэв.
Тэрээр, “1769 онд энэ хошууны Цэвээндорж лам дөрөвдүгээр Богдод санал тавьсан. Зүүн хойд зүгт Эзэн Чингисийн нутагт Халхын нэг том хийд байгуулъя гэж. Тэр саналыг дөрөвдүгээр Богд хүлээн аваад газар шинжээчдийг нааш нь гаргасан. Газар шинжээчид ирээд тэнд харагдаж байгаа нуурыг захлаад явж байтал ганц гэр байж харагдаж гэнэ. Гэр зүглэн очтол өвдгөө хүрсэн сахалтай өндөр хөх өвгөн, хижээл насны шар эмгэн хоёр газар сөгдөн мөргөж, тосч авсан байна. Өвгөний нэр Балдан. Бор гэрийн минь босгонд тулж ирсэн тул манайд ирж хайрлана уу гэж өвгөн хэлжээ. Ирсэн зочдод эмгэн будаа буцалгаж өгчээ. Эндээс тус сүмийн нэр үүсэлтэй. Врайбүн гэдэг нь дрейпүн буюу “оргилох будаа” гэсэн утгатай санскрит үг. Газар шинжээчид энэ хөндийг ажиглахад өөдөө харсан мангас нойрсч байсан гэнэ. Мангасыг дарахын тулд Түвдийн лам нараар 49 хоногийн хайлан хуруулж номхотгожээ. Ингээд өвгөн хөгшин хоёрын гэрийн бууринаас 10 алхаад мангасын толгой байгаа хэсэгт анхны сүмээ барьжээ. Тэр Шар сүмээ 1777 онд аравнайлсан түүхтэй. Тэнд долуулаа ном хурж байхад нэг нь номонд дарагдаж нас барахад маш их билгэшээжээ. Энэ хийд маш олон ламтай болох нь гэж. 1937 оны хүн амын тооллогоор 8000 ламын данстай байсан. Тэдний 3000 нь энэ хонхортоо, бусад нь гадна талын хийд, Ламын хүрээ, Хүүхэн хутагтын хийд зэрэгт шавилан суудаг байж. Жинхэнэ Врайбүн хийд бол дээр дурдсан хуучны Шар, Цагаан хоёр жижиг сүм. Бусдыг нь бүр сүүлд барьсан. Хийд, дуган барихдаа эндээс шороо авч явдаг юм. Газар шинжээчид Цогчин дуганаа мангасын хүйсэн дээр барьсан. Энийг Монгол, Хятад, Энэтхэг, Түвдийн ламтангуудын нэгдсэн хүчээр барьсан. 164 баганатай, 164 хаалгатай, 30 цонхтой, гурван давхар хаалгатай барьсан. 1817 оны үед дуусгаж аравнайлсан энэ барилга Монголын хамгийн өндөр барилга байсан юм” гэв. Тэрээр хийдийн тухай бусад зүйлийг ярьсныг дор сийрүүлэв.
Хийморын овоонд эмэгтэйчүүд гарахгүй
“1854 онд энд мам бий болсон. Шөнө энүүгээр явж амьтан хүн байлгаад байхаар нь устгах арга хэмжээ авсан. Энэ хийдийн хамгийн сүүлийн номонхан Омбожавын Найдансүрэн энэ хийдийн сахиусан замаг буугаар буудаж устгасан гэнэ лээ. Тэр буу мам устгасан нэг гавьяатай. Будапешт хотод болсон ангийн бууны үзэсгэлэнд түрүүлсэн. Уртаашаа 2 метр 5 см, шар ороомог замаг буу байгаа. Тэр буу Хэнтий аймгийн түүхийн музейд байдаг. Энэ хөтөл дээр Дамдинчойжоо бурхан барьсан. Энэ бурхан шашны дайсныг даран номхотгож байдаг. Биднийхээр бол Эрлэг Номун хаан маань. Дамдинчойжоо бурханаа Баян хангайн өвөрт хийж дуусгаад тэргэн дээр тавих гэтэл даах хүн олдоогүй. Тэгэхээр нь халхын тэнхээтэй найман бөхийг дуудуулсан. Тэр бөхчүүд тэргэн дээр тавиад явах гэтэл хоёр булангаас нь хар утаа саагиад хөдлөөгүй. Тэгэхээр нь бөхчүүдийн нэг нь Цогчин дуганд ирж лам нарт учраа хэлж, ном уншуулахад тэрэгний булнаас утаа саагихаа больж, тэрэг хөдөлсөн. Бөхчүүд гурав хоног тэргээ түрж, тэр хөтөл дээр гаргасан. Ойролцоогоор таван тонн жинтэй болов уу. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс 108 шатаар хойш гарч Дамдинчойжоо бурханд мөргөж болно. Харин Хийморийн овоонд эмэгтэйчүүд мөргөхгүй” гэв.
Хар мод, нарс, хус гурав энерги өгдөг мод
“Манай хийдэд Монголын гурван том бурхад бий. Эрдэм номонд шамдаж буй хүмүүс Манзушир бурханд залбирч байх учиртай. Монголыг даасан Очирваань бурхан энд байна. Улаан сахиус Жамсран бурхан тэр хөтөл дээр байна. Цагаан дарь эх бурхан бий. 1937 онд бурхан, шашнаа устгах үеэр Цагаан дарь эхийн гар, нүүр, хамрыг буудаж унагаасан. Гэхдээ шүншиг аравнай нь яг хэвэндээ. Хар мод, нарс, хус мод гурав хүнд маш их энерги өгдөг. Монголд ээж мод гурав байна. Тэрний нэг нь энд бий. Манай нарсан ээж мод их энергитэй. Завилж суугаад алгаа мод руу харуулж энерги авдаг. Эрчүүд баруун хөлнөөс нь, эмэгтэйчүүд зүүн хөлнөөс нь адис авдаг. Тэнд бас эхийн умай хад бий. Умай хад руу дотуур хувцастай орж, биеэ хадны хананд үрдэг. Гарах хэсэгт нэг хүн эх барьж аваад хажуу сэнжтэй хадны нүхээр мэлмий нээлгэнэ. Мэлмий нээсэн бол урд нь орших өлгий хад руу очно. Өлгий хаданд нуруугаараа хэвтсэн хүнийг эмэгтэй хүн өлгийдөж, бүүвэйн дуу дуулж өгнө. Бүүвэй сонсч байгаа хүн нялх хүүхэд шиг уйлж, ганганаж байгаад нүдээ аньж хэсэг амардаг ёстой” гэв.
1900 онд хийдэд тахал гарч, лам нарын тэн хагас нь тэнгэр өөд оджээ. 1930-аад оноос коммунист дэглэмийн уршгаар бурханы шашин, лам нараа хавчих үеэр тус хийдийг нурааж, сүйрүүлжээ. Лам нарыг зиндаагаар нь ялгаж олон тооны замыг цаазалсан бөгөөд заримыг нь хорьж, бага залууг нь гэрт нь буцаасан байна. Биднийг замчилж яваа Цэрэнпил гуайн ахыг ч арван жилийн ял тулган авч яваад гэрт нь хариулаагүй гэнэ. Врайбүн хийдийг нурааж устгахаас өмнө Тэгчинлэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн дөрвөн аймагтай, Ёог, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номонханы хашаа, Лаврин сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий зүйлээс бүрдэж байв. Харин одоо хийдийн дугануудын суурь үлджээ. Гэхдээ зарим дуганыг яг тэр суурин дээр нь сэргээсэн. Эргэн тойрон дахь уулс дээрх шүтээний сүм доторх бурхадын зураг үлдсэн байна. Врайбүн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй бөгөөд хад чулуунд наалдуулан авируулан босгосон Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбил-бран жабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. Нийгэм солигдсон тэр үеэс дотоод, гадаадын тусламжаар хийдийг сэргээн засах ажил эхэлсэн ажээ.
Тэмүүжинг Хамаг Монголын хаан Чингист өргөмжилсөн Хөх нуур
Бид Балдан Врайбүн хийдэд ийнхүү саатаад эндээс 30 гаруй км зайд орших Хар зүрх хайрхан, Хөх нуурын зүг хөдөллөө. Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд далайн түвшнээс дээш 1600 орчим метр өндөрт оршдог. Улаанбаатараас 220, Багануураас 70, засмал замаас салаад 35 км-т байрладаг. Хар зүрх уулын өвөрт, уулын тагтанд орших цэнгэг уст нуур юм. Монголын нууц товчоонд Хар зүрх уулын нэр гурвантаа, Хөх нуурын нэр зургаан удаа дурдагддаг. Хар зүрхний Хөх нуур бол Чингис хаан гал голомтоо үүсгэсэн, Монголын хуралдай хуралдсан, Тэмүүжин хүү тайчуудын бариа хорионоос мултарч, Хорчихуй болдог буюу одоогийн Өглөгчийн хэрэмд нуугдаж байсан ээж дүү нартайгаа уулзаад тэндээсээ Хөх нуурт ирж, тарвага зурам агнан амьдарсан, энд байхдаа найман шарга агтаа хулгайд алдаад эргүүлэн авчирч эх, ба дүү нарынхаа сэтгэлийг амраасан, дараахан нь Бөртө Үжинээ Сэнгүр горхины Хөх нуурт авчирч гэргийгээ болгосон тухай МНТ-д өгүүлсэн байдаг.
Энэ нуурын орчим нь гуравдугаар жарны Амарлингуй хэмээх шороон шаргачин тахиа жил буюу 1189 онд Жүрхэний Сорхату Жүрхийн хөвүүн Сача Бэхи, Нэхүн тайжийн хөвүүн Хучар, Хутула ханы хөвүүн Алтан зэрэг нөлөө бүхий язгууртнууд Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжинг хамаг Монголын хаанд өргөмжилсөн түүхэн нутаг билээ. Ирсэн зочид энд хог тарихгүй, машинаа дотогш оруулахгүй, нууранд сэлэхгүй, загас барихгүй, эрэгт нь боодог, хорхог хийхгүй дүрэмтэй. Иймээс унаган байгаль тэр чигтээ, ихэд цэвэрхэн ажээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ түүхт газар хотоос ойрхон, зам сайтай, жуулчны бааз, амралтын газар нь тохилог тухтай, найз нөхөд, гэр бүлээрээ алжаалаа тайлж амрахад тун зохимжтой санагдсан.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн