Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​Түргэн хоолны газар олноор байгуулагдаж байгаа нь таргалалтыг нэмэгдүүлж байна

​Түргэн хоолны газар олноор байгуулагдаж байгаа нь таргалалтыг нэмэгдүүлж байна
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 22
АСЕМ-ын дээд төвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт зургадугаар сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Уг чуулганд АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцлоо.
Энэ удаагийн уулзалтаар оролцогчид Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.
Мөн органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, зах зээлийн чиг хандлага, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлага, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, асуулт хариулт өрнүүллээ. Мөн хүн амын таргалалттай холбоотой олон чухал асуудлыг хөндлөө. 
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тулгараад байгаа асуудал бол таргалалт. Хүн амын дунд таргалалт эрчимтэй явагдаж, түүнээс улбаалсан өвчний тархалт нэмэгдэж байгааг уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж байв. Тухайлбал хэт их таргалалтаас болж дэлхийн хүн амын дунд чихрийн шижин өвчин эрс нэмэгдээд байгаа аж. Мөн таргалалт нь насанд хүрсэн хүнээс илүү бага, өсвөр насны хүүхдийн дунд эрчимтэй явагдаж  байгааг онцолсон. Бага өсвөр насны хүүхдийн таргалалтын гол шалтгаан нь хагас боловсруулсан түргэн хоол их идэх, хийжүүлсэн ундаа, хэт их чихэр, будаг оруулагчтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх болсонтой холбоотой гэж АСЕМ-ын дээд төвшний уулзалтад ирсэн төлөөллүүд тодотгож байлаа. Мөн сүүлийн үед таргалалт залуужиж байгаа нь эрчимтэй байгуулагдаж буй түргэн хоолны газруудтай холбоотой гэдгийг хэлж байв. Тухайлбал, түргэн хоолны газрын өөдрөг зар сурталчилгаа бага насны хүүхдийн хоол идэх зуршлыг нэмэгдүүлэх, цаашлаад донтох хэмжээнд хүргэдэг байна.
Өндөр хөгжилтэй орнууд аль болох түргэн хоолны сүлжээ ресторан, түргэн хоолны газраас аль болох татгалзах хандлагатай байгаа бол хөгжиж буй орнуудад олон улсын сүлжээ ресторан, түргэн хоолны газрууд олноор байгуулагдсаар байгаа аж. Түргэн хоолны газрууд олноор байгулагдах болсон иргэдийн хоолны зуршлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлдөг болжээ. Тухайлбал, "KFC", "PIZZA HUT", "BURGER KING" зэрэг түргэн хоолны газрууд байгуулагдаж, сурталчилгаагаа эрчимтэй цацаж байгаа нь өсвөр насныхан болон залуусын хоолны зуршилд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг хэлж байв.
Олон улсад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай дээр хийжүүлсэн ундаа, түргэн хоол зарахгүй, сурталчлахгүй байх журмыг гаргаж мөрддөг болсон байна. Бага наснаас нь эхлэн таргалалтаас сэргийлэх арга хэмжээ авахгүй бол ирээдүйд дэлхийн хоёр хүн тутмын нэг нь таргалалтын асуудалтай болох магадлал өндөр байгааг судлаачид тогтоосон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Цогцолмаа хэлэхдээ “Бага насны хүүхдийн таргалалтыг зогсоох нь зүйтэй. Манай улс таргалалттай эрчимтэй тэмцэхгүй бол өнөөдрийн байдлаар хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Мөн бага насны хүүхдүүдийн таргалалтаас үүдэж чихрийн шижин өвчин залуужиж байна. Цаашид манай улс түргэн хоолны газар болон хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.
“Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-ын үр дүнд гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж” болгон төлөөлөгчдөөр батлуулж 11 дэх удаагийн “АСЕМ-ын дээд төвшний уулзалт”-д хүргүүлнэ. Энэхүү зөвлөмж нь улам бүр хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудалд улс, орнуудын анхаарлыг хандуулж, тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхүйц зөвлөмж болох юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн