Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, өндөр настны тэтгэврийн дундаж хэмжээ 283 мянга 800 төгрөг байсныг 13 хувиар нэмэгдүүлж 306 мянган төгрөг болгон тогтоожээ. Энэхүү тэтгэврийн нэмэгдэл нь маргаашаас буюу зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга , хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов . Хамгийн сүүлд 2015 онд Засгийн газар өндөр настны тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн юм. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.
Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна.