Ажлаа хийж байсан төрийн түшмэдийг албан өрөөнд нь цус нөжтэй нь хольж зодсон хэрэг хэдхэн сарын өмнө гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нь хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатарыг зодсон тухай цагдаагийн рапортод бичигдсэн байна. Д.Отгонбаатар зодуулах үедээ албан өрөөндөө байсан бөгөөд гаднаас орж ирсэн А.Ганхуяг захирал түүний шанаа, хөмсөг, уруул, хамрынх нь зөөлөн эдийг гэмтээж, хэдэн сар эмнэлгээр гүйлгэжээ. Энэ талаар учир мэдэх нэгэн, “Автобус компаниудад олгодог төсөв, нөхөн олговрын асуудлаар маргасан юм шиг байна лээ. Д.Отгонбаатар нэлээд хэд хоногийн эмнэлгийн чөлөө авч байгаад нүүр, амаа эдгэсний дараа ажилдаа орсон. Хоорондоо тохиролцоод салсан уу, мэдэхгүй. Нийслэлийн Тээврийн газрынхан бол гадагшаа мэдээлэл гаргаж болохгүй гэсэн байна лээ” гэв.
Нэр дурдагдсан “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг хоёр жилийн өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байв. Тухайн үед "Тэнүүн огоо”, "Тулга огоо" компанийн захирал А.Ганхуяг, "Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд, Нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэн нийлж улсад 3.1 тэрбум төгрөг учруулсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад “МТ-150” маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байсан бөгөөд замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг байсан. Гэтэл дээрх гурван аж ахуйн нэгжийнхэн явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад хувийн суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлж, нөхөн олговор авч байсан гэдэг. Нэг автобус 60-70 цагийн эргэлт хийх ёстой байхад Тээврийн газрын ахлах мэргэжилтэн 100 цагийн ажлын гүйцэтгэл бичиж, санхүүгийн албандаа өгч байсан гэх мэдээлэл байдаг. Дээрх хэргийн дуулиан намжаагүй байтал “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг хүн зодсон байна. Тэрээр өмнө нь, хилээр галт зэвсэг оруулсан үйлдэлд буруутгагдан, бараагаа хураалгаж байсан тухай мэдээлэл гардаг.
Нийслэлийн хөгжлийг нийтийн тээврээр нь тодорхойлж болдог. Манай Улаанбаатарт сүүлийн жилүүдэд нийтийн тээвэр харьцангуй хүрэлцээтэй, үйлчилгээ нь бага багаар соёлжиж байна. Зорчигчоо булаацалдаж хоорондоо уралддаг, зорчигчоо буулгахгүй авч давхидаг, осол аваар гаргадаг, кондуктор нь бусдыг загнаж чимхдэг үеийн нийтийн тээврийн “үйлчилгээ” хоёрхон жилийн дотор өөрчлөгджээ. Автобусанд замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөд, доторхийг нь камерийн хяналттай, мөнгөөр биш картаар үйлчилдэг болгож, явах маршрутыг нь нарийн тогтоож, ирэх явах цагийг нь бүртгэдэг болгож, цэвэрлэгээ үйлчилгээг нь сайжруулсан. Бага багаханаар дээшилж буй нийтийн тээврийн энэ соёл нөгөө талдаа төсвийн хариуцлагыг дээшлүүлж буй юм.
Зорчигчид мөнгөөр үйлчлүүлж, тасалбар авах шаардлагагүй болсон тул кондукторыг чөлөөлж карт уншигч “ажилд авсан”. Бас сурагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан хэдэн хүн, хаанаас, хэзээ, хэдэн удаа сууж байгаа зэрэг нь автоматаар бүртгэгдэж байгаа тул автобус компаниудын улсаас нэхэж, шаардаж, жагсдаг “нөхөн олговор”-ын мөнгө хяналттай, ханатай тоологддог болсон. Тасалбар хэвлүүлнэ гэж мөнгө зарлагадахгүй болсон. Гэвч сайны хажуугаар автобус компани, түүний удирдлагатай холбоотой муу зүйл сонсогдох боллоо.