Open iToim app
Улс төр | 8 мин уншина

​Х.Тэмүүжин: Цэцийн дарга гишүүдээ хууль зөрчүүлсэн

​Х.Тэмүүжин: Цэцийн дарга гишүүдээ хууль зөрчүүлсэн
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 19
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн үйлдэл болон эгүүлэн татах хуулийн үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудалтай холбоотой гурван асуудал байна. Нэгдүгээрт цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгт тавигдах шаардлага мөн үү, үгүй юу. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд хууль зөрчсөн бол зөрчсөн асуудлаар нь цэц шийдвэр гаргах ёстой. Анх илгээсэн байгууллага санал гарах ёстой. Хоёрт, дээд шүүхийн санал нь санал мөн байсан уу үгүй юу гэж маргаж байна. Дээд шүүхийн саналыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гаргах ёстой байсан уу, эсвэл Улсын дээд шүүхийн нийт гишүүн хуралдаж гаргах ёстой байсан уу гэдэг маргаан явж байна. Гуравт нь Үндсэн хуулийн цэцийн даргыг хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ гэдэг маргаан байна. Үүнээс бусад нь хийрхэл маягтай байна. Энэ гурван асуудал дээр тайлбар хийе” гэлээ.
Нэгдүгээрт,  нэр бүхий хуульчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, МАН-ын зарим гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөвт байгаа Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэсэн энэ заалтынг анх илгээсэн байгууллагын санал байх ёстой гэсэн тайлбар хэлж байгаа. Цэцийн дарга болон цэцэд байгаа нэр бүхий хуульчид намайг оюутан байхад хичээл заахдаа энэ хоёр эсхүл гэдэг үгээр холбогдсон тусдаа зүйл гэж заадаг байсан. Гэхдээ өнөөдөр өөрсдийх нь эрх ашиг хөндөгдөхөд энэ хоёр зэрэгцээ байх ёстой гэж шаардаж байгаа юм билээ.
1992 оны тавдугаар сарын 6-ны Улсын бага хурлын тэмдэглэл. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Батлагдсанаас хойш гурван сар хүрээгүй байхад Улсын бага хурал цэцийн тухай хуулийг батласан. Тэр үед гишүүд ямар байр суурьтай байсан бэ гэдгийг бичсэн тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийн 22 дугаар хуудсанд “эсвэл цэц өөрөө шийдвэр гаргана. Эсвэл энэ талаар илгээсэн байгууллага нь санал болгосон бол гэсэн хоёр эх үүсвэрийг ойлгож байгаа шүү. Энэ хоёр бол нэг холбоосоор биш эсвэл гэдгээр холбогдож байгаа шүү” гэсэн байгаа юм. Иймд баримтад тулгуурлаж ярих бус өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан тайлбар хийх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаарт, УИХ-д Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг УИХ-аас тавьсан. Тэр асуудал дээр дээд шүүхийн санал байдлаар Зориг ерөнхий шүүгч бичиж ирүүлсэн. Одоо үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1 дээр тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх эрхийг УДШ-ийн Ерөнхий шүүгчид өгсөн байгаа. Харин Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. 1993, 2002 онд Шүүхийн тухай хуулийг батласан байдаг. Энэ хоёр хуулийн 24 дүгээр зүйлийн 6.8-д, 15 дугаар зүйлийн 6.7-д Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох гэдэг ийм л зохицуулалттай. Тэгсэн мөртлөө ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах юм уу, тэр асуудлаар санал гаргах ямар ч зохицуулалт байхгүй. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. Санал гаргах эрх нь одоо байгаа хуулиар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байгаа. Тиймээс энд хууль зөрчсөн эсвэл Үндсэн хууль зөрчсөн ойлголт байхгүй.
Гуравт, хууль зөрчснийг хэн тогтоох вэ. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татна. ҮХЦ-ийн тухай хуулийн гуравдугаар зүйл дээр Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдснийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчснийг эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг цэцийн гишүүнээс эргүүлэн татах тухай ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татаж болно гэсэн хууль байсан. Энэ хуулийг сая Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээрээ эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллага тогтоосон гэдгийг түдгэлзүүлчихсэн. Цэц УИХ-д ирүүлсэн дүгнэлтдээ 2015 оны хоёрдугаар сарын 14-ны гуравдугаар дүгнэлт гэж бичсэн байна лээ. Хурал нь уг нь 2016 онд болсон юм билээ. Яагаад 2015 он гэж бичснийг мэдэхгүй байна. Тэр дүгнэлтийнхээ 7-д эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон гэдгийг түдгэлзүүлж байна гэж бичсэн байна лээ. Тэгэхээр ердийн хуулин дээр байгаа эрх бүхий байгууллагыг хууль зөрчснийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэг хуулийн үйлчлэл байхгүй болсон. Тэгэхээр Үндсэн хуулийн шалдан заалт шууд үйлчилнэ.
Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөвдүгээрт зааснаар Үндсэн хуулийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хжжлийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэж заасан байдаг. Иймд анх илгээсэн байгууллага буюу Улсын дээд шүүхийн санал байна. УИХ одоо эгүүлэн татах асуудлыг шийднэ. Өөр хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй. Зохицуулж байсан ганц заалтыг Үндсэн хуулийн цэц сая түдгэлзүүлчихсэн. Үндсэн хуулийн цэц энэ заалтыг түдгэлзүүлээгүй байсан бол УИХ-ын Тамгын газрын дарга эрх бүхий байгууллага гэдэгт багтах уу үгүй юу гэж маргаж болох байсан боловч ганц маргаж болох заалтаа өөрсдөө түдгэлзүүлчихсэн. Одоо Үндсэн хуулийн шалдан заалтаар УИХ өөрийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Үндсэн хуулийн энэ заалтыг Үндсэн хуулийн цэц хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт одоо ямар нэгэн Үндсэн хууль зөрчсөн асуудал биш харин Үндсэн хууль өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал юм.
Үүсээд байгаа асуудлыг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлахгүй бол УИХ дээр өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн даргыг хууль зөрчсөн эсэх асуудал хөндөхөд МАН-ынхан болоод зарим гишүүд Үндсэн хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тэгвэл хуулиа унших хэрэгтэй. Хуульчид цагаан дээр хараар бичсэн хууль заалтад тулгуурлаж тайлбар хийдэг болохоос хувийн бодлоор аливаа асуудалд хандах ёсгүй. Монгол Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод Үндсэн хуулийн цэцийн дарга өөрийн гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Ганц Ц.Зоригтод явуулаагүй Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Иргэний хэргийн танхим, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нар болоод Тамгын газрын даргад дээрх албан бичгийг явуулчихсан. Яг үүнтэй утга агуулга нэг албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлсэн. Мөн хувилбарыг нь зарим гишүүдэд хүргүүлсэн байдаг. Энэ үйлдэл нь хууль зөрчихөд хүргэсэн гэж үзээд байгаа юм. Яагаад гэвэл Үндсэн хуульд болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэц хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар дунд суудал хуралдаж шийдвэр гаргаагүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн гарын үсгээр УИХ болон Улсын дээд шүүхэд ийм бичиг явуулах эрхгүй. Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэж байж албан бичгээ хүргүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дарга урьдчилсан дүгнэлт хийгээд, сая баталсан Цэцийн тухай хууль болон Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд Үндсэн хууль зөрчиж байгаа тул үйлчлүүлэхгүй байна уу гэсэн утга бүхий албан бичиг илгээсэн. Улсын дээд шүүхд илгээсэн албан бичигт Улсын дээд шүүхийг хууль хэрхэн хэрэглэх тухай заавар өгсөн байдаг. Гэтэл Шүүхийн тухай хууль болон Үндсэн хуульд шүүгч эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь хэн боловч хөндлөнгөөс үл нөлөөлнө гэсэн маш тодорхой заалт байдаг. Дээр нь УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотойгоор тогтоосон хуулийг түтгэлзүүлэх бол гагцхүү Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдаж дүгнэлт гаргаж байж түтгэлзүүлдэг. Гэтэл Үндсэн хуулийн Дунд суудал нь 2016 оны хоёрдугаар сарын 13-ны хуралдаанаар түтгэлзүүлсэн байгаа юм. Үүний өмнө буюу 2016 оны нэгдүгээр сарын 20-нд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Эндээс гарч байгаа үр дагавар нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн гарын үсгээр Үндсэн хууль болон Үндсэн хуулийн тухай хуулиудад заасан хууль тогтоомжыг илт зөрчөөд зогсохгүй Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль зөрчихөд хүргэсэн. Нэг үгээр хэлбэл, өөрт олгогдоогүй шийдвэрийн хэлбэрээр урьдчилан дүгнэлт хийж асуудалд хандсан нь ҮХ зөрчиж байна үзэж байгаа учраас та нар наад хуулиа хэрэгжүүлэхгүй шүү. Та нар энэ хуулиа хэрэглэхгүй шүү гэдэг байдлаар шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг дэмжиж ҮХЦ-ийн гишүүд гарын үсэг зурсан.
Хууль дүрмээр явах юм бол энэ албан бичиг гарын үсэг зурсан найман гишүүн уг маргаанд оролцох эрхгүй татгалзах эрхтэй байдаг. Сая ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан болсон. УИХ илт хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарсан. Уг нь энэ хуралд УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бол ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа болон нэр ҮХЦ-ийн найман гишүүн энэ маргааныг шийдвэрлэхээс татгалзах байсан. Энэ эрхийг эдлүүлээгүй. Урьдчилсан дүгнэлт гаргасан хүн нь тухайн маргааныг шийдэх эрхгүй гэж ҮХЦ-ийн тухай хуульд маш тодорхой заасан бөгөөд маргаанд оролцож байгаа талууд Цэцийн тэр гишүүнийг хуралдаанд оролцуулахаас татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэхүү ҮХ-д заасан зарчмыг зөрчсөн. Ийм асуудал үүсэн учраас Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг барьж УИХ хариуцлага тооцохоос өөр арга байхгүй.
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ҮХЦ-ийн найман гишүүн хууль зөрчиж гарын үсэг зурлаа гэж байна. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаагаас гадна Цэцийн гишүүдийг эгүүлэн татах асуудал хөндөгдөхөөр байна уу?
-Энэ асуудал хөндөгдөх байх. Төрийн байгууллагын өдөр тутмын ажил, шийдвэр гаргахад хуулинд заасан эрхийн дагуу бичдэг. 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гаргасан ҮХЦ-ийн баланк дээр байгаа шийдвэр Үндсэн хуулийн ямар заалтаар гаргасныг тодруулна. Хуульзүйн ямар ч үндэслэл байхгүй учир үүнд маргаан гарах байх.
Өмнөх шийдвэрээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Дээд шүүх руу явуулсан. Цэцийн даргын гарын үсэг бүхий шийдвэр өөрт нь ямар хуулиар олгогдсон эрх вэ гэдгийг мөн тодруулах хэрэгтэй. Тухайлбал, анхан шатны эрүүгийн шүүх дээр гэмт хэрэгт холбогдсонтой холбоотой иргэний маргаан үүсч, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал товлогдлоо гэж бодъё. Гэтэл тэр гурван шүүгч хуралдаж шийдвэрээ гаргаагүй байхад тухайн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч “Энэ хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна” гээд өөрөө гарын үсэг зураад шийдвэрлэж байгаатай яг адил. Ингэснээр шүүгч шууд ажлаасаа халагдаад, албан тушаалаа ашигласан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэнэ. ҮХЦ-ийн даргын асуудал үүнтэй л адилхан пакт.
-Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэх үү?
-Тийм, ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг огнооноос нь эхлээд хэлэлцэнэ. Баланк дээр 2015 оны 2 дугаар сарын 15 гэсэн жилийн өмнө гарсан дүгнэлт маягийн огноотой. Мөн хүчин төгөлдөр болоогүй, эцсийн найруулгыг сонсоогүй байхад иргэдээс мэдээлэл аваад хэрэг үүсгэсэн байсан. Дүгнэлтдээ яг тэрийгээ дурдаад, хэрэг үүсгэсэн гэсэн тайлбар тавьсан нь зөрчилдөж байгаа юм. Дүгнэлттээ хамгийн их маргаан дагуулж байгаа 65 насыг огт дурдаагүй. Харин эсрэгээрээ Цэцийн хуралдааны тэмдэглэлийг, цэцийн гишүүний байр суурийг ил болгох асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна. Хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэдэг асуудлыг дүгнэлтээрээ үгүйсгэсэн байна лээ. Хэрвээ ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэл ил болвол ҮХЦ-ийн дарга “lexus-570” гэдэг машин аваад шийдвэр гаргахын тулд хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан яриа нь ил болно" гэлээ.  

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн