Бидний хэдэн нөхөд өнгөрсөн баасан гаригт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвд очлоо. Эднийх нийслэлийн Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцэст, 58 дугаар сургуулийн зүүн талд байдаг. Өнчин, хаягдсан, эцэг эх нь ял эдэлж байгаа 154 хүүхэд энд бий. 2-7 насны 41, 8-18 насны 113 хүүхдийн дунд нэг айлын гурван хүүхэд ч байх юм. Тэднээс 50 нь бүтэн өнчин, 75 нь хагас өнчин, 29 нь эцэг, эхтэй гэнэ.
Үүдээр нь орвол, хувцас, хичээлийн хэрэгсэл, тоглоом гэсэн хаягтай хайрцагнууд нүдэнд туслаа. Жижүүрээс, “Тусламжаар ирсэн зүйлсийг энд хурааж, дараа нь хуваарилдаг юм уу” гэж асуутал, “Манай хүүхдүүд өөрсдөөсөө илүүчилсэн зүйлсийг Улаанчулуутад амьдарч байгаа хүүхдүүдэд бэлэглэх гэж байгаа юм” гэлээ. “Өнөр бүл”-ийн хүүхдүүд удахгүй Улаанчулуут явах гэж байгаа аж. Шатаар өгстөл өрөөнүүдийн ихэнх нь хоосон. Өнгөрсөн амралтын өдөр Монголын Хүүхдийн ордонд тэд тоглолтоо хийсэн. Биднийг очиход тоглолтын бэлтгэлдээ гарсан байж таарч л дээ.
Сураг сонсвол хүүхдүүдэд хандив тусламжаар хамгийн их ирдэг нь хуучин хувцас, чихэр хоёр. “Томоохон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хандив өргөхдөө зураг авч, бичлэг хийгээд өөрсдийгөө PR-ддаг. Энэ нь хүүхдүүдэд хүнд тусдаг. Яг хүүхдүүдэд хэрэгтэй юм байна уу гээд үзэхээр чихэр, боов төдийхөн. Гэхдээ буяны зүйлийг голж байгаа юм биш л дээ. Тор тороор нь чихэр авчирч байхаар сурах бичиг авч өгсөн нь, сандал ширээ бэлэглэсэн нь хүүхдүүдэд минь илүү хэрэгтэй” гэж нэг багш хэлсэн нь өдөржин бодлоос гарсангүй ээ.
Хүүхдүүд цөөн байсан тул бид спорт заалаар нь оров. Эднийх хуучин ч гэсэн том заалтай юм байна. Хоёр талдаа сагсны шийд, голоор нь гар бөмбөгийн тор татсан стандарт заал. Цээж нүцгэн, бадриун нэг хүү заал тойроод гүйгээд байсан нь Олимпийн аварга Н.Түвшинбаярын гарын шавь гэнэ ээ. Байрны багш тэр хүүг дуудаж, биднийг замчилсаар өрөө рүү нь хамт орсон. Хүү өрөөндөө гурвуулаа амьдардаг. Гутлын тавиур, ширээ, номын шүүгээ, түмпүүшиг /тумбочка/ зэргээ хаягдал модоор өөрсдөө хийсэн гэж байна. Жижигхэн тэр өрөөндөө цэвэрхэн, цэгцтэй суудаг ажээ. Хувцсаа жирийтэл эвхчихсэн, орны бүтээлгээ өнцөг гаргаад зассан нь цэргүүд шиг санагдана. Эдний өрөө байрныхаа цэмцгэр өрөөгөөр шалгарчээ. Хүүгийн өрөөнөөс гараад “Хүүхдийн зөвлөл”-ийн өрөөгөөр шагайв. Хоёр хүү “Загасаа үхүүлчихлээ” хэмээн урвайсаар суух. Энэ өрөөнд хүүхдүүд зөвлөлдөж, “Өнөр бүл”-ийн дарга болон багш нарт, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хэлэх зүйлээ нэгтгэдэг юм байна. Мөн хүүхдүүдийн дунд зохион байгуулах янз бүрийн арга хэмжээгээ ярилцдаг ажээ.
Охидын өрөө чихмэлээр дүүрэн. Зарим нь оригами, зарим нь өөрсдийн зурсан зургаар өрөөгөө чимжээ. Ихэвчлэн ягаан өнгөөр тохижуулсан өрөөндөө охидууд их л нямбай сууж байна. Хэдэн охин төмс, лууван бариад явж байна. Охидууд ирээдүйд хүний хань, айлын эзэгтэй, ээж болно. Гэвч асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүртлээ тогоочийн хоолыг иддэг тул бие даагаад амттай хоол хийж сурдаггүй ч байж мэдэх юм. Ийм учраас охидыг хоол хийх, хувцас оёх үйлд сургахыг чухалчилж, Өнөр бүлийн багш нар охидыг хөвгүүдтэй арав арваар нь хуваарилж хоол хийлгэж байгаа ажээ. Хоолны газар нь нэг давхартаа юм байна. Дээр үеийн чулуун шалтай, давчуухан зайтай хоолны газарт хүүхдүүд хэдэн ээлж болж хооллодог юм бүү мэд. Ер нь бол хөрөнгө мөнгө нь шийдэгддэг бол хоолны газрыг нь өргөтгөх чухал санагдав.
Төр хэдий “Өнөр бүл” төвд төсөв, хөрөнгө өгдөг ч, хүүхдүүдэд хайр өгч чадахгүй. Эцэг, эхийн хайр халамжийг асрамжийн төвийн багш, ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, удирдлагууд л хүүхдүүдэд өгөх ёстой. Ах шиг нь, аав шиг нь, ээж эгч шиг нь байхын тулд “Өнөр бүл”-ийнхэн чадах чинээгээрээ ажиллаж байна. Эндэхийн хүүхдүүд нийслэлийн 48, 53, 55, 68, 97 дугаар сургууль болон “Шинэ Монгол” ахлах сургууль, нийслэлийн Налайх, Төв аймгийн Шаамар дахь МСҮТ, “Бадмаараг” лицей, “Саруул ирээдүй” сургуульд суралцаж байгаа. Хичээлээ тараад ирэхэд нь аав багш, ээж багш нар нь тэвэрч угтдаг болжээ. Хүүхдүүд тэврүүлэх, үнсүүлэх их дуртай юм байна. Тэврүүлсэн хүүхдийн харц цаанаа л гэрэлтээд ирэх. Жаалууд бол 10, 22, 50, 61, 122, 129, 136, 147, 204 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байна. Бүгдийг нь 2-3 сургууль, 2-3 цэцэрлэгт хуваарилж, ойрхон хүргээд өгч болно л доо. Өмнө ч тэгдэг байсан. Гэхдээ нийгэмшүүлэх, өөр хүүхдүүдтэй харилцуулах үүднээс олон сургууль, цэцэрлэгт хүргэж өгдөг талаар багш нар хэлж байсан.
Хүүхдүүд амьдрах байрныхаа арын байшинд байрлах сургалтын төвийн дугуйланд явдаг юм байна. Энд зургийн, оёдлын, гар урлалын, уран нугаралтын, дуу хөгжмийн, спортын дугуйланд хамрагддаг. “Өнөр бүл” төгссөн хүүхдүүд ажлын байрны анкет бөглөж тэнцээд, яг ярилцлагад орохоор “Асрамжийн газарт өссөн” гэхээр л ажил олгогчдын харилцаа, хандлага өөрчлөгдөх явдал бий. Ийм учраас боловсролыг нь чанаржуулах, өөртөө итгэлтэй болгох, сайн хүн болгож төлөвшүүлж , мэргэжлийнх нь суурийг сайн тавьж өгөхийн төлөө багш нар хичээж байна. “Өнөр бүл”-ээс ирлээ гэхэд “Танай төвийн хүүхдүүд сайн боловсон хүчин болж чаддаг” гэж ажил олгогч нар хүлээж авдаг болох тэдний нэг зорилго.
Энд өсч торнисон хүүхдүүд эцэг, эхтэй болж чадахгүй бол хуулиараа 18 нас хүрээд асрамжийн газраасаа явах ёстой. Хэдэн жилийн өмнө нас биенд хүрээд асрамжийн газраа орхисон Анхбаяр гэдэг залуу “Өнөр бүл” төвийн шинэ удирдлага, багш нартайгаа хэд хоногийн өмнө уулзаад явжээ. Тэгэхдээ, “Би эндээс яваад очих газар үнэндээ байгаагүй. Тэгээд бараг л траншейд очиж байсан. Амьдрах гэж зүтгэсээр ажилтай, гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй, гэр оронтой болсон. Одоо Өнөр бүлийг төгссөн ах эгч нарын холбоог байгуулаад явж байгаа. Хүүхдүүд эндээс гараад зарим нь сургуультай, ажилтай болж чаддаг бол нөгөө хэсэг нь энэ нийгмийн золиос болж биеэ үнэлэгч, гэмт хэрэгтэн болж байгаа. Тийм учраас 18 нас хүрсэн залуучуудыг их, дээд сургуульд элсүүлэх, ажлын байртай болгох талаар төрөөс анхаарах ёстой байдаг юм байна” гэж захижээ. “Өнөр бүл” төвийн захирал Ч.Өлзийчимэгийн танилцуулснаар тус төв дэргэдээ 18-21 насны хүүхдүүдийг амьдралд бэлдэх “Залуучуудын төв” байгуулсан юм байна. Тэнд 13 залуу байна. Ер нь бол их, дээд сургуульд хамруулах, сургалтын төлбөр, тэтгэлэг хөөцөлдөх, гэр бүлтэй болоход нь тусдаа гаргах зэргээр эцэг, эх шиг нь хандах үүрэг биднийх гэж тэрээр ярилаа.
“Өнөр бүл” төв анх 1974 онд байгуулагдаж, хүүхдүүдийн амьдарч байгаа энэ байр 1979 онд ашиглалтад оржээ. Дотуур байрны зориулалттай барьсан энэ барилгын сангийн шугам, дулаалга нь муудсан зэргээс үзвэл энэ өвөл хүүхдүүд даарч магадгүй. Урсгал засвар хийх, байрыг нь өргөтгөх шаардлагатай болжээ. Энд Баянзүрх дүүргээс 42, Сонгинохайрханаас 32, Баянголоос 18, Чингэлтэйгээс 20, Хан-Уулаас 13, Багануураас нэг, Сүхбаатар дүүргээс долоон хүүхэд харьяалал тогтоолгож амьдарч байна. Харин аймгуудаас Дархан-Уулын долоо, Булганы дөрөв, Дорноговийн хоёр, Хэнтийн гурав, Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн тус бүр нэг хүүхэд ирж амьдарч байна.
Энэ хүүхдүүдийн эцэг, эх болж эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэхэд төрөөс “Өнөр бүл” төвд дунджаар хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг ч тал шахуу нь багш ажилтнуудын цалинд, нийгмийн даатгалд явчихдаг ажээ. Эднийх жижүүр, жолооч, үйлчлэгчтэйгээ нийлээд 130 ажилтантай. Харин үлдсэн тал нь хүүхдүүдийн хоол хүнс, хувцас, бичгийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэгт хүргэж өгдөг автомашины бинзен зэрэгт яг л таардаг. Үнэндээ урсгал засвар, болон өргөтгөл зэрэг том ажилд мөнгө илүүчилж чаддаггүй талаа “Өнөр бүл” төвийн удирдлагууд ярьж байна. Адаглаад тус төвд амьдардаг сэтгэцийн тулгамдсан асуудалтай 50 хүүхдийг эмчийн үзлэгт оруулъя гэхэд л мөнгөгүй сууж байгаагаа хэллээ. Үүнээс гадна байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төрөлжсөн асрамжийн газар байхгүй учраас тэр хүүхдүүдийг “Өнөр бүл”-д хариуцуулдаг.
Энэ мэтээр дурдаад байвал “Өнөр бүл” төвд асуудал их байна. Хүүхдүүдийн амьдрах байрыг өргөтгөх, шинэчлэх, тохижуулах, цалин багатай багш нарын цалинг нэмэх, хүүхдүүдэд сурах бичиг авч өгөх гээд асуудал тоочвол өчнөөн л байна. Энэ бүгдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр шийдэж өгнө гэдгээ ам гарсан байна лээ. Гүрийж байгаал шийдээд өгчихвөл их буян юм даа.