Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Тоо, жин заасан хэмжээнээсээ дутуу савлагдсан бүтээгдэхүүнүүдийг нэрлэлээ

Тоо, жин заасан хэмжээнээсээ дутуу савлагдсан бүтээгдэхүүнүүдийг нэрлэлээ
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 13
Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд МХЕГ-аас “Хэрэглэгчийн хяналтын хуудас” сурталчлах үзүүлэх сургалтыг “Амгалан” худалдааны төвд өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэхийг хэрэглэгч өөрөө хэрхэн талаар худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгч, МХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулав. Тодруулбал, “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Амгалан” худалдааны төв, “Номин”, “Оргил” сүлжээ дэлгүүрт худалдаалж буй савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналтыг 2016 оны гуравдугаар улиралд хийсэн юм.
Жижиглэнгээр худалдаалж байгаа бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүний хаяг шошго дээр цэвэр тоо хэмжээг бичээгүй, гурилан бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, найрлага, үйлдвэрлэсэн огноог тэмдэглэдэггүй зөрчил нийтлэг илэрсэн байна. Мөн “Анилмүүн” компанийн үйлдвэрлэсэн 500 грамм савлагаатай “Сонгинотой боорцог” 46-52 граммаар дутуу, БНХАУ-аас импортолсон 25 кг-ын “Сүмтэй цагаан будаа” 2.22 кг-аар дутуу гэх мэт зөрчил илэрлээ . Худалдааны төвийн лангуу түрээслэгчид бүтээгдэхүүнийг дутуу савладаг зөрчил ч түгээмэл байна. Тухайлбал, “Оргил”, “Нарантуул” худалдааны төвд лангуу түрээслэдэг зарим иргэд жимс, ногоог 20-50, үзэм, цагаан самрыг 25-65 граммаар дутуу савлан худалдаж байжээ . Хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, баталгааны хугацаа дууссан, худалдааны төвүүд хяналтын жингүй, байгаа ч тогтмол ажиллуулдаггүй, хэрэглэгч худалдан авсан бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг хянах боломж бүрдээгүй байна.

Хяналтын үеэр дутуу савласан бүтээгдэхүүнийг дахин савлуулж, “Анилмүүн” компанийн 86 ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрт нь буцаалт хийлгэж, баталгааны хугацаа дууссан 45 хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулсан байна. 
Савласан бүтээгдэхүүний шошгололтод дараах шаардлагыг тавьдаг:  

  • Барааг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр
  • Цэвэр бохир жин, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар
  • Орц, найрлага, тэжээллэг чанар
  • Хадгалах нөхцөл, хэрэглэх арга, заавар, гаж нөлөө, хориглох заалт
  • Хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, борлуулагчийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн улсын нэр
  • Гаж нөлөө, хориглох заалт
Бүтээгдэхүүний зураасан кодны тайлбар:
Хяналтын оронг тооцоолох:

Жишээ нь: 8651234567894 гэсэн кодтой бараа байя гэж бодъё.
  1. Тэгш байрлалд байгаа тоонуудыг түүвэрлэн авч хооронд нь нэмнэ. 6+1+3+5+7+9 = 31
  2. Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ. 31*3 = 93
  3. Хяналтын оронг /сүүлийн нэг оронтой тоо буюу 4/ оруулж тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 8+5+2+4+6+8 = 33
  4. 2 ба 3-р заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. 93+33 = 126
  5. Гасан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг 10-аас хасна. 126 гэсэн тооны хувьд сүүлчийн нэгжийн орон нь 6 тул ялгавар нь 4 байна.
Энэ 4 гэсэн тоо нь дээрх зураасан кодын хяналтын дугаарын хамгийн сүүлчийн 4 гэсэн тоотой тохирч байгаа нь энэ бүтээгдэхүүн GS1 нийгэмлэгийн стандарт код ашигладгийг гэрчилнэ.
Энэ аргаар сүүлчийн оронг тодорхойлон жишиж үзэхэд зураасан кодын сүүлчийн оронгийн тоотой тохирохгүй байвал уг бүтээгдэхүүний дугаарыг хуурамчаар үйлдсэн байна гэж ойлгож болно.
Хүнсний нэмэлт:
Хүнсний нэмэлт гэж хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг өвөрмөц чанартай болгон, хадгалах хугацаа болон үйлдвэрлэлийн технологи ажиллагааны хугацааг хурдасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисуудыг хэлнэ.
Хүнсний бүтээгдэхүүний шошгод хүнсний нэмэлтийг:
  1. <E>үсгийн дараа тоо бичиж тэмдэглэнэ.
  2. <E>үсгийн оронд хүнсний нэмэлтийг нэрээр бичнэ.
Бүтээгдэхүүний шинэхэн сэтгэл татам байдал нь чухамдаа нэмэлтүүд буюу эмульгаторууд, өтгөрүүлэгчүүд, будагч, нягтруулагч, цэлцэгнүүр хэлбэртэй болгогч, гялгар болгогч, нөөшлөгч, хугацааг уртасгагч хүнсний нэмэлтүүдийг ашигласнаар бий болдог.

Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл нь Монгол эсвэл Англи, Орос хэлний аль нэгээр бичигдсэн байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн