Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Токиогийн их сургуулийн оюутан ​Э.Намуун: Японы Засгийн газрын тэтгэлэг нь бичгийн шалгалтын оноог илүү анхаардаг

Токиогийн их сургуулийн оюутан ​Э.Намуун:  Японы Засгийн газрын тэтгэлэг нь бичгийн шалгалтын оноог илүү анхаардаг
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 17
Манай iToim агентлаг залуусын мэргэжил сонголт, гадаад, дотоодын тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө ярилцлагыг цувралаар хүргэхээр болсон билээ. Энэ удаа Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуульд суралцдаг Энхбатын Намуунтай ярилцлаа.
-Сайн байна уу. Токиогийн их сургуулийн хуулийн факультетэд улс төрийн ангид суралцдаг гэсэн. Энэ мэргэжлийн онцлог юу вэ?
-Сайн. 2016 оны дөрөвдүгээр сард Японы Засгийн газрын тэтгэлгээр Япон улсад суралцахаар ирсэн. Одоо Токиогийн их сургуулийн хуулийн факультетэд харьяалагдаж байна. 3-р курстээ улс төрийн ангид хуваарилагдана. Энэ чиглэлээр мэргэшиж Монголын гадаад харилцаанд эерэг хувь нэмэр оруулж чадах боловсон хүчин болохыг зорьж байгаа. Манайд хууль, улс төрийн мэргэжлийн чанартай боловсрол нэн их хэрэгцээтэй байгаа гэж боддог. Японы ихэнх улс төрчид Токиогийн их сургуулийг төгссөн байдаг . Чанартай боловсролоос гадна төлөвшлийг олж авах боломжтой төдийгүй өөрийн мэргэжлийн салбар дахь танилын хүрээгээ тэлж чадах орчин гэж бодож энэ сургуулийг сонгосон.
-Засгийн газрын тэтгэлэгт хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ. Засгийн газрын тэтгэлгийн голчлох шалгуур нь юу вэ?
-10-р ангид элсэн ороод Японд сурахыг зорилгоо болгосон. Харин төгсөөд идэвхтэй бэлтгэсэн. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр жил болгон дөрөв болон тавдугаар сард зарлагддаг. Мөн их сургууль, коллеж, мэргэжлийн сургууль гэсэн төрлөөс сонгоно. Миний хувьд нийгмийн ухааны салбарт их сургуульд сурахаар бүртгүүлж математик, англи, япон хэл гэсэн гурван шалгалт өгсөн. Шалгалтад тэнцсэн тохиолдолд албан ёсны материалаа бүрдүүлж өгдөг. Материалаа өгсний дараа унах тохиолдол байдаг ч, ихэвчлэн шалгалтад унадаг. Тиймээс эхний шалгалтуудыг давах нь хамгийн чухал. Би төгсөөд жил гаруй хугацаанд энэ шалгалтад бэлдсэн . Багадаа Японд амьдарч байсан тул Япон хэлний шалгалтанд бэлтгэх хэцүү байгаагүй. Харин англи хэл, математик хоёрт анхаарлаа хандуулсан. Математикаа япон номон дээр тулгуурлаж, ойлгохгүй мэдэхгүй зүйл гарч ирвэл цаг тухайд нь бусдаас асууж тодруулдаг байсан. Англи хэлээ бэлтгэхдээ н.Дэлгэрмөрөн багшийн энэ шалгалтад зориулсан давтлагад дөрвөн сар суусан юм. Японы Засгийн газрын тэтгэлэг нь бичгийн шалгалтын оноог голчлон анхаардаг. Тиймээс би хичээлдээ илүү анхаарсан. Хэрвээ Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах гэж байгаа бол нийгмийн идэвхи, хичээл хоёрыг хослуулвал сайн. Шалгалтаа сайн өгөхөөс гадна ер нь ямар чиглэлээр хаашаа явахаас шалтгаалж нийгмийн идэвх маш чухал.  
-Дөрвөн сарын сургалтад англи хэлний төвшин хэр ахисан бэ?
-Одоо ч гэсэн өөрийнхөө англи хэлний чадварыг тийм ч сайн биш гэж боддог. Англи хэлний төвшинг ахиулах биш, шалгалтыг давах зорилготой байсан. Тийм болохоор шалгалтны англи хэлийг л бэлдсэн. Тэнцээд Японд ирсний дараа олон гадаад хүүхдүүдтэй хамт байсан учир сонсгол болон ярианы чадвар тодорхой хэмжээнд ахисан байх гэж бодож байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн англи хэлний чадвар маш өндөр. Тэр үед өөрийгөө голж, дэмий өнгөрүүлсэн цаг хугацаанд англи хэлээ жаахан ч гэсэн хөгжүүлэхгүй яав даа гэж их бодсон. Одоо бол чөлөөт цагаараа англи хэл дээр кино, сериал их үзэж байгаа.
-Шалгалтад хэдий хугацаанд бэлтгэхэд хангалттай вэ?
-Үнэхээр эрчимтэй бэлдвэл 1 жил хангалттай хугацаа. Одоо гадуур энэ шалгалтанд бэлтгэх сургалт ч олон болсон байна. Энэ шалгалтыг өгөхийг зорьж эхлээгүй байгаа хүүхдүүдэд хэлэхэд Японы Засгийн газрын тэтгэлэг сургалтын төлбөр болон амьдралын тэтгэмж сард 1000 гаруй доллар, ирэх, очих онгоцны тийз хүртэл олгодог. Тэтгэлэг бол том боломж. Үнэхээр их хүсвэл чадахгүй, болохгүй юм гэж байхгүй шүү дээ. Энэ их боломжийг битгий адаарай. Амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа. Сурлагын амжилт хүсэе.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн