Open iToim app
Анализ | 8 мин уншина

Тойм: Засаг дэд сайдгүй, иргэдийн төлөөлөгчид урамшуулалгүй...

Тойм: Засаг дэд сайдгүй, иргэдийн төлөөлөгчид урамшуулалгүй...
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 4
Өнгөрсөн долоо хоногт болсон улс төр, нийгэм, эдийн засаг, олон улсад өрнөсөн голлох үйл явдлыг www.iToim.mn  тоймлон хүргэж байна.

Сайн мэдээ

Манай улс шатахуунаа 100 хувь гаднаас тэр дундаа дийлэнхийг ганц эх үүсвэрээс буюу ОХУ-аас импортоор авдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хоёр дахин буураад байгаа билээ. Гэхдээ манай улсад шатахууны үнэ буураагүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн шатахууны үнийг дотоодод үе шаттайгаар бууруулсан талаар Уул уухайн яам мэдээллээ. Ингэхдээ шатахуун импортлогч компаниудын бөөний шатахууны үнийг 300 орчим төгрөгөөр, харин жижиглэнгийн үнийг 60 төгрөгөөр бууруулаад байгаа юм байна. Эхний ээлжид Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын захын дүүргүүдийн шатахуун түгээх станцууд жижиглэнгийн шатахууны үнийг 60 орчим төгрөгөөр бууруулсан байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай зэрэгцэн манайх хил дээрх нефть бүтээгдэхүүний албан татварыг таван хувиар нэмэгдүүлж зургаан хувь болгосон юм. Ингэхдээ алслагдсан аймаг, сумдад нийлүүлэх шатахуунаас албан татвар ногдуулахгүй байхаар хуульчилсан. Энэ татварын ялгавартай бодлогын зохицуулалтын үр дүнд баруун бүсийн аймгуудад шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр буурчээ.
Сүүлчийн намрын чуулган

Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хамгийн сүүлчийн намрын чуулганы нээлтээ өнгөрсөн пүрэв гаригт хийлээ. Одоо УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн 1 удаагийн хаврын чуулган үлдээд байгаа билээ. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхацдаг болохоор энэ намрын чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үгэндээ онцолж хэлэв. 2015 оны намрын ээлжит чуулганаар ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг батлахаас гадна Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, нийгмийн хамгааллын тухай зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна энэ удаагийн УИХ-ын сүүлчийн намрын чуулганаар Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай болон Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос 6 сарын өмнө баталсан байх хуультай. Тиймээс энэ удаагийн УИХ намрын чуулганаар эдгээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах боломж байгаа юм.
УИХ-ын даргын үүрэг

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сард 4.5 сая, улиралд 13.5, хоёр улирал тутамд 27 сая төгрөгийн урамшуулал авч байсан нь Шилэн дансаар нийтэд ил болж, иргэдийн хатуу шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Улсын төсөв хүнд, цалин тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрч байхад нийслэлийн дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урамшууллыг энэ улирлаас эхлэн зогсоох хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганы нээлтийн өдөр Ерөнхий сайдад үүрэг болголоо. Мөн төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон юм.
Дэд сайдгүй ажиллана

Өнгөрч буй долоо хоногт ирэх оны Монголын эдийн засгийн засгийг тодорхойлох төсөв, мөнгөний бодлогын төслүүдийг УИХ-д өргөн барилаа. Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд буюу 7 хувьд барьж цаашлаад дунд хугацаандаа 5-7 хувьд хүргэж, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-д өргөн барилаа.
Харин Сангийн сайд Б.Болор төрийн зарим агентлаг, газрыг татан буулгаж, адил чиг үүрэгтэй төрийн захиргааны газруудыг нэгтгэх, яамдыг дэд сайдгүй ажиллуулж, төсвийн алдагдлыг гурван хувьд барихаар тусгасан 2016 оны Төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм.
Онцлох үг
Монгол Улсын  Ерөнхий сайд асан С.Баяр: "Төрд шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ “Пепси” мэтхэнийг сонгосон, яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш . Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч, нэр нь ч бүтэн тийм л шинэ шеийн цаг нь хэдийнэ болсон гэж боддог". Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Шинэ татвар

Нийслэл хотын иргэд өнгөрсөн пүрэв гаригаас буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн шинэ төрлийн албан татвар төлж эхэллээ. Тодруулбал, Нийслэл хотын албан татварын тухай хууль мөрдөгдөж, архи, тамхи худалдан авсан иргэд нэг хувийн албан татварыг төлнө. Мөн зочид буудал, амралтын газар, ресторан, баараар үйлчлүүлэхдээ нэг хувийн албан татвар төлнө. Тухайлбал, та 1000 төгрөгийн архи, 500 төгрөгийн тамхи худалдан авсан бол танаас 15 төгрөгийг татвар хэлбэрээр суутгаж авна гэсэн үг. Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгжүүд архи, тамхи, үйлчилгээний үнийг нэмжээ. Уг нь архи тамхи болон албан татвар ногдуулах дөрвөн үйлчилгээний үнэ нэг хувиар нэмэгдэх ёстой ч бодит байдал дээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэллээ.
НҮБ-ын 70 жил

Өнгөрсөн долоо хоногт олон улсын анхаарлын төвд байсан үйл явдал бол яах аргагүй НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 удаагийн чуулган байлаа. Дэлхийн 150 гаруй улс орны шилдэг удирдагч Нью-Йорк хотноо цугларсан юм. Тэр ч утгаараа уг чуулганыг дэлхийн геополитикийн хамгийн том шоуны талбар гэж болно. Чуулганы үеэр НҮБ-ын гишүүн улс бүрийн удирдагч үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, дэлхий нийтийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавьдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Элбэгдорж Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан.
НҮБ-ын 70 жилийн ойн хуралдааны үеэр 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Үүнд эдийн засаг, нийгэм, байгаль орчны хэмжүүрүүдийг бодлогоор уялдуулан хэрэгжүүлэхийг улс орон бүрт чухалчилсан юм.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд АНУ, Хятад, Орос, Иран, Франц зэрэг улсын удирдагчид ээлжлэн илтгэлээ тавьсан юм. Улс орны төрийн тэргүүн бүрийн хэлсэн үг дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. Ингээд зарим улсын төрийн тэргүүнийг хэлсэн гол зүйлсийг эндээс дэлгэрэнгүй уншина уу.
Тавантолгойн чимээ

Өнгөрсөн хавраас хойш сураг алдарсан Тавантолгойн төслийн талаар өнгөрсөн долоо хоногт чимээ дуулгалаа. Тавантолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцууллаа. Ажлын хэсэг наймдугаар сарын 4-нөөс хойш Тавантолгойн хөрөнгө оруулагч нартай 20 гаруй удаагийн уулзалт хийж, хэлэлцээр үр дүнтэй үргэлжилж байгааг талаар танилцуулжээ. Ингэхдээ Тавантолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэх Ажлын хэсгийн зүгээсТавантолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх хэд, хэдэн зарчмын шаардлагыг тавьж, зарим асуудалд талууд тохиролцоонд хүрсэн байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумд “Эрдэнэс-Монгол” компани хувь эзэмших асуудалд урьдчилсан байдлаар тохиролцжээ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчидтай төмөр замын асуудалд нааштай үр дүнд хүрсэн бөгөөд төмөр замын төсөлд Монголын төмөр зам компанийг оролцуулж, 51 хүртэлх хувийг эзэмшүүлэхээр урьдчилсан байдлаар тохирчээ.
Томилгоо

Өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Болорыг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томиллоо. Төрийн өмчийн хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж хийх гэж байгаатай холбогдуулан тус байгууллагад хийх ажил их бий. Шинээр томилогдсон М.Болорын хувьд санхүүгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ. М.Болор нь Монголбанкинд ажиллаж байсан туршлагатай, 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй" компанийг үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажиллаж байсан юм байна.
Хуульчдын шинэ ерөнхийлөгч

Төрийн ордонд өнгөрсөн тав дахь өдөр Монголын Хуульчдын холбооны II их хурал боллоо. Холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийн бүрэн эрхийн хоёр жилийн хугацаа дууссан учраас энэ удаагийн хурлаар МХХ-ны ерөнхийлөгчийг сонгох ёстой байв. Их хурлын төлөөлөгдөөс дөрвөн хуульч өрсөлдсөн. Тэднээс өмгөөлөгч Д.Жамъяндагва нэрээ татсанаар Б.Баярсайхан, Б.Гүнбилэг, Б.Мөнхбат нар дээр санал хураалт явуулсан. Санал хураалтаар 50+1 хувийн санал авсан хүн байгаагүй тул өндөр санал авсан МУИС-ийн багш, дэд профессор Б.Баярсайхан, МХХ-ын Олон улсын эрх зүйн тэнхимийн тэргүүн доктор Б.Гүнбилэг нар дээр санал хураав. Ингээд олонхийн саналаар Б.Гүнбилэгийг Монголын Хуульчдын холбоог ирэх хоёр жил удирдаж явах ерөнхийлөгчөөр батламжиллаа. Б.Гүнбилэг нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 14 жил ажилласан, түүхийн эрдэмтэн, академич Ж.Болдбаатарын хүү юм байна.
Агаарын цохилт

Өнгөрсөн долоо хоногт олон улсад анхаарал татсан үйл явдал бол ОХУ "Исламын улс" босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг онилон Сирийн нутаг дэвсгэрт анх удаа агаараас цохилт өгснөө мэдэгдэж, АНУ энэхүү ажиллагааг дэмжихээ илэрхийллээ. НҮБ-ын 70 жилийн ойн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн цэргийн хүчнээ зузаатгахад тусалж байгаа ОХУ-ын гол зорилго нь “Исламын улс” байгууллагатай холбоотой гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн. АНУ-ыг ийн мэдэгдэл хийсний дараа хоёр орны төрийн тэргүүн хаалттай уулзалт хийсэн юм.Тэгвэл үүний дараахан Москва Сирийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгч эхэллээ. Мөн өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр энэ талаар уулзаж, ярилцсан байна. Жон Керри террорист бүлэглэлийн эсрэг тэмцэлд цохилт өгөх Оросын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг даруй огцрохыг шаардах нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байгаа юм.
Бид мартахгүй

“Ардчиллын алтан хараацай”-нуудын нэг Санжаасүрэнгийн Зориг тэртээ 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай. Өнгөрсөн баасан гаригт эл өдөр тохиож 17 дахь жилдээ С.Зориг агсны хөшөөнд түүний төрөл төрөгсөд болон ардчиллын удирдагчид болон намын нөхөд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон түүнтэй мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалд хүчин зүтгэж байсан журмын нөхөд нь оролцлоо.
  Өнгөрсөн долоо хоногийн онцлох нийтлэл, ярилцлагын хөтөч
Онцлох ярилцлага:
Улс төр:
Эдийн засаг:
Эрх зүй:
Нийгэм:
Дэлхий:

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн