Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг iToim багцлан хүргэж байна.
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, МАН-аас нэр дэвшигчдийг иргэдийн олонхи нь сонголоо. МАН илүү олон санал авч болох байсан ч сонгуулийн амлалтаасаа эргэж буцаж, ёстой л УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлдгээр “Улс төрийн мэдрэмжгүй” шийдвэр гаргаснаараа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хэлснээр, “Намын бүлэг дээр ярьсан асуудлыг гишүүд нь хагархай хэнгэрэг шиг задалж ярьснаараа” сум, дүүргийн сонгуульд төлөвлөж байснаараа орж чадсангүй. Өнгөрсөн лхагва гаригт бүх нийтээр амарч сонгууль явуулахад нийт 2082 сонгуулийн хэсгийн хороо байдгаас 293-д сонгогчийн ирц бүрдсэнгүй. Иймээс өнөөдөр нийслэлийн 213, аймгийн 80 хэсэгт нэмэлт санал хураалт явуулж байна. Сонгуульд залуучуудын ирц тааруухан байгаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэхэд “Оргил” худалдааны төвийнхөө ажилтнуудыг Баянгол дүүрэгт нэр дэвшүүлчихээр, зарим УИХ-ын гишүүд “ургийн мод”-оо дүүргийн ИТХ руу зүтгүүлэхээр, гишүүний туслах, зөвлөхүүд, нэр дэвшсэн тойргоо мэдэхгүй, бараг л мөрийн хөтөлбөрөө цээжлээгүй нөхөд хурлын байгууллагад нэр дэвшихээр сонгуулийн ирц яаж бүрдэх вэ дээ. Байдал ийм л байна. Ирц бүрдээд сонгууль дуусах нь чухал биш. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгоод ажиллуулах хүн нэр дэвшсэн үү гэдэг л асуудал болоод байна.
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлах ёстой. Татвар нэмэх үү, цалин хасах уу гэсэн хардлага дахиад л явж байгаа. Сонгуулийн дүн гарсны маргааш яам, тамгын газар, аймаг, нийслэлд их халаа сэлгээ өрнөнө гэсэн хардлага мөн л явж байгаа. Ийм их шүүмжлэлийн дунд төсвийн баталж явуулах ёстой. Чуулганы хуралдаанаар сөхөөд байгаа чухал асуудлын нэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал. Удахгүй чуулганаар нээлттэй сонсгол явуулъя гэсэн санал танхимаас гарч байгаа. Өнгөрсөн долоо хоногт бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалд 1-1/1059 албан тоот илгээсэн байна. Энэхүү албан тоотод "ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 /дөчин ес/ хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэв. Саналд, “Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах, аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг Сангийн сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах, өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалах, олгох тэтгэмжийг өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах, МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах, гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, үүнтэй холбогдуулан 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах” зэргийг тусгажээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр О.Одбаярыг тус компанийн дэд захирлаар томиллоо. О.Одбаяр нь “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм. Тэрээр “Алтай холдинг” компанийн дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд бизнесийн салбарт олон жил ажилласан туршлагатай.Түүнчлэн 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. О.Одбаяр нь 1988 онд Оросын Холбооны Улсын Киев хотын Багшийн их сургууль, 1997 онд Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн Техникийн Их Сургуулийн ЭЗ-ийн сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгссөн. Багш, олон улсын эдийн засагч болон эрх зүйч мэргэжилтэй.
Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган аравдугаар сарын 13-ны өдөр болж ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулав. Сонгуулийн дүнд нийт гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт “Чингис хаан” одон гардуулахаар болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Энэ жил Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 31-нд тохиож байгаа учраас МУГЖ Г.Ариунбаатарт 31-ны өдөр шагналыг нь Төрийн ордонд гардуулах юм. Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин бөгөөд 23-хан настайдаа гавьяат жүжигчин цол хүртсэн юм.
Гэхдээ нас залуу Г.Ариунбаатарт “Чингис хаан” одон зүүлгэхцаг болоогүй гэж үзэгсэд цахим орчинд шүүмжлэл өрнүүлж байна. Г.Ариунбаатарт илүү олон уралдаан тэмцээнд оролцож, Монголынхоо нэрийг гаргах боломж байгаа. Тэр үед нь, цаг нь болохоор шагнахад оройтохгүй. Харин Лодонгийн Түдэв гуай шиг олон уран бүтээлч, эрдэмтдээ Г.Ариунбаатараас өмнө шагная гэж тэд хэлж буй юм. Өмнө нь Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдод төрийн соёрхол хүртээхэд мөн л ийм шүүмжлэл гарч байсан билээ. Чингис хаан одонг Ерөнхийлөгч асан П.Очирбат, хөгжмийн зохиолч Б.Шарав , Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын асан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди , УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан П.Содном, эрдэмтэн Х.Намсрай, зохиолч Г.Мэнд-Ооёо гэсэн есөн хүн хүртээд байна.
Авлигатай тэмцэх газрынхан авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд ГЕГ болон түүний харьяа газруудад хяналт шалгалт явуулж, цөөнгүй зөрчлийг арилгуулсан. Мөн шалгалтын хүрээнд эрүүгийн гэмт хэргүүдийг илрүүлэн холбогдох байгууллагуудад шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл АТГ-ынхан энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг онилон шалгаж эхэллээ. Сүүлийн үед тус байгууллагатай холбоотой гомдол мэдээлэл ихээр гарч байгаа бөгөөд албан тушаалтны томилгоо, цолны асуудал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ихээр бичигдэж байна. АТГ-ынхан энэ удаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынавлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгах зорилгоор хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. Шалгалтын явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарт даган мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, нийтийн албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээний биелэлтийг хянан үзэж, дүн шинжилгээ хийх ажээ.
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 2015 оны есдүгээр сарын 24-нд ажилтан бүсгүйгээ зэрлэгээр зодож, хүчирхийлсэн хэрэг гарч олныг сэрдхийлгэсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд боллоо. Хяналтын шатны шүүх Б.Ханбаатарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ял үндэслэлтэй байна хэмээн үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр Б.Ханбаатарыг есөн жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.