Open iToim app
Анализ | 7 мин уншина

Тойм: Боксчид олимпийн эрхээ авч, Засгийн газар дахин 500 сая доллар босголоо

Тойм: Боксчид олимпийн эрхээ авч, Засгийн газар дахин 500 сая доллар босголоо
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 3
Өнгөрч буй долоо хоног улс төр, эдийн засгийн үйл явдлаар дүүрэн байв. Өнгөрсөн лхагва, пүрэв гаригт төрийн ордонд Монгол Улс эдийн засгийн ололт амжилт, шийдлээ хэлэлцэх үетэй зэрэгцэн Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа. 2016 онд Монгол Улсын эдийн засаг 0.1 хувиар өсч, өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөөс 23 дахин хувиар буурна гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, энэ онд эдийн засаг төдийлөн сайжрахгүй гэсэн мэдээг дуулгалаа. Улстөрийн хүрээнд хаврын улс төр идэвхжсэн, жагсаал, цуглаантай долоо хоног боллоо. Ингээд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн голлох үйл явдлыг iToim агентлаг тоймлон хүргэж байна.
Сайн мэдээ: Монголын ширэн бээлийтнүүд “Рио-2016” зуны олимпид оролцох эрхээ авлаа
Ази болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээн өнгөрч буй долоо хоногт боллоо. Монголын таван боксчин “Рио-2016” зуны олимпид оролцох эрхээ авахын төлөө Азийн ширэн бээлийтнүүдтэй өрсөлдөж дөрвөн тамирчин маань олимпийн эрхээ авч чадлаа.
  • ОУХМ Г.Ган-Эрдэнэ 49кг-д Энэтхэгийн Девендро Лайшрам 3:0-ээр ялж,Рио-2016 олимпийн эрхтэй боллоо.
  • ОУХМ Б.Түвшинбат 69 кг-д Филиппиний Эумир Марсиалтай тоглож эхний хоёр үеийг илүүрхэж тоглож шүүгчдээс 30:27, 30:27 гэсэн оноо авснаар олимпийн эрхийн болзлоо хангалаа.
  • Азийн аварга, ОУХМ Д.Отгондалай 60 кг-д хагас шигшээд Японы Дайсуке Наримацутай тоглож 3:0-ээр ялж олимпийн эрхийн болзол хангалаа. Мөн тэрээр Ази болон Номхон далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д аваргын төлөө Филиппиний Чарли Суарезийг 2:1-ээр хожиж түрүүлж, алтан медаль хүртлээ.
  • Армийн дэлхийн аварга, “Химийн цом”-ын аварга ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хагас финалд мөнгөн медаль, олимпийн эрхийн төлөө Киргизстаны Ермек Сакеновыгилт давуу 3:0-ээр ялж "Рио-2016" олимпийн эрхийг хүртлээ. Тэрээр Ази болон Номхон далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-д аваргын төлөө Казахстаны тамирчинтай оноолт таарч 2:1-ээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Онцлох мэдээ: НӨАТ-ын анхны буцаалтыг энэ сараас олгохоор болов

Ерөнхий сайд Гааль, татварын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд НӨАТ-ын хуулийн эхний үр дүн гарч байгаа учраас НӨАТ-ын бүрдүүлэлт сайжирч, татварын орлого бага багаар нэмэгдэж байгааг онцолсон. Ерөнхий сайд НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэхийн тулд Засгийн газраас шинээр санхүүгийн эх үүсвэр шийдэж дөрөвдүгээр сард багтаан анхны НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэд өгөхийг Сангийн сайд Б.Болор болон Гааль татварын Ерөнхий газрын дарга С.Пүрэв нарт үүрэг болгосон юм.
НӨАТ-ын цахим системд бүртгүүлээд байгаа 411 мянган иргэний дөрөвдүгээр сар хүртэл худалдан авсан үнийн дүнгийн хоёр хувийг буцаан олгох юм. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээс хойш нийт 6-7 тэрбум төгрөгийн худалдан авалтыг иргэд хийсэн байгаа бөгөөд үүний хоёр хувийг буцаан олгох юм. Иргэд, аж ахуйн нэгжийн дөрөвдүгээр сар хүртэл хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн хоёр хувийн буцаан авалт нь ebarimt.mn-д анх бүртгүүлсэн дансны дугаар руу автоматаар орох юм байна.
Онцлох үйл явдал: Монголын эдийн засгийн чуулган-2016

Монголын эдийн засгийн чуулган-2016 “сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө. Төр, хувийн хэвшил, олон улсын төлөөлөгч, бизнесийн 1500 гаруй хүн чуулганд оролцож байр сууриа илэрхийлэв. Эдийн засгийн хүндрэлтэй үед зохион байгуулагдаж байгаа учраас илүү гарц, шийдэл хайсан чуулган болсон. Монголын эдийн засгийн чуулганы эхний өдрийн хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, хоёр дахь өдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээсэн бол хаалтын үгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм. Төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үгэнд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлд анхаарах хэрэгтэй зэрэг олон асуудалд санал нэгтэй байгаа нь харагдсан. Харин тэдний хэлсэн үгэнд эдийн засгийн гэхээс илүү хувь хүн рүү чиглсэсэн  улстөрийн чигтэй олон асуудал байсан юм.
Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагын төлөөлөл уг чуулганд оролцож, Монголын эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Албан тушаалтнууд цаашид эдийн засгийн орчин тогтворжиж, гадаад валютын урсгал сайжирна гэсэн эерэг мессежийг чуулганд оролцогчдод өгч байв. Мөн оны хоёрдугаар улирлаас эхлэн дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэх хандлагатай болж байгааг онцолсон. Монголбанкны ерөнхийлөгч долларын ханшийн тогтвортой байдлыг хангана гэсэн бол Сангийн сайд Б.Болор ирэх оноос эхлэн улсын төсвийг алдагдалгүй батлах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм.
Харин хувийн хэвшлийнхний зүгээс Монгол Улсын бизнесийн орчныг дүгнэхдээ, таагүй, хэтэрхий улстөржсөн эдийн засагтаа болсон гэдгийг хэлж байв. Бүх салбарт улстөржсөн бизнес нэвтэрч, хэдхэн улстөржсөн хүмүүс, бизнесийнхний эрх ашгийн төлөө эдийн засгийг тэр чигт нь савлуулах процессыг ажиглагдаж байгааг хэлсэн. Монголын бизнесийн орчин чадавхгүй, мэргэжлийн биш, барилга, санхүүгийн систем монополь байдал үүсч өрсөлдөөнгүй болж байна. Тиймээс урт хугацаандаа энэ байдлаа өөрчилж, шударга өрсөлддөг, улс хувийн хэвшлийнхээ мөнгийг урьдчилж зээлдэггүй эрүүл бизнесийн орчныг хүсч байгааг бизнес эрхлэгчид илэрхийлж байв.
Онцлох шалгалт: АТГ-ынхан Замын-Үүдийн гаальд гэнэтийн шалгалт хийв

Авлигатай тэмцэх газрынхан мягмар гаригийн орой Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтод гэнэтийн шалгалт хийжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, гаалийн боомтын байранд АТГ-ын 20 гаруй ажилтан энгийн хувцастай гэнэт орж ирсэн байна. Улмаар цүнхнээсээ АТГ гэсэн бичигтэй хантааз гаргаж өмсөөд “Эндээс нэг ч хүн гарч болохгүй шүү” гэжээ. АТГ-ынхныг орж ирэхэд оройн 20.00 цаг болж байжээ. Тэд боомтын хөдөлгөөнийг хаалгасан байна. АТГ-ынхны гэнэтийн нэгжлэг үүрийн 05.00 цаг хүртэл үргэлжилжээ. Шалгалт одоо ч дуусаагүй, АТГ-ынхан яваагүй байгаа талаар мэдээлэл ирж байна.
Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтод жижиг машин, том машин нэвтрүүлэх, рентгений гэсэн гурван хэсэг бий. АТГ-ынхан хаалга бариулсны дараагаар рентгений болон бүрдүүлэлтийн хэсгүүдийг бүрэн нэгжсэн байна. Энэ үеэр зарим байцаагчаас хэдэн зуун мянган төгрөг гарсан байна. Энэ талаар дөнгөж сая АТГ-аас албан ёсны мэдээлэлд "Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байна" гэжээ
Онцлох арилжаа: Засгийн газар дахин 500 сая долларын бонд гаргалаа
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа. Олон улсын хөрөнгө оруулагчдын 750 сая ам.долларын Засгийн газрын бонд худалдан авах санал ирснээс Засгийн газар 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр босгосон байна. Хүүгийн төвшинд нь өндөр өгөөжтэй тооцогдож байгаа юм байна. Нийт олон улсын 110 гаруй хөрөнгө оруулагч Монгол Улсын засгийн газрын гаргасан бондыг худалдан авах санал ирсэн байна. Худалдан авсан 500 сая долларын бондынхөрөнгө оруулагчдын 91 хувь нь томоохон хөрөнгө оруулалтын сангууд байжээ. Үүнээс өмнө гуравдугаар сарын эхээр манай улс Швейцарын банкнаас 250 сая ам.долларыг зээлээд байгаа билээ. Уг эх үүсвэрийг дотоодын өндөр хүүтэй зээлийг төлөхөд зарцуулах бол өнгөрсөн долоо хоногт босгосон 500 сая ам.долларын эх үүсвэрээр дэд бүтцийн төслүүдэд зарцуулах төлөвлөгөөтэй байгааг эх сурвалж хэллээ.
Онцлох улстөр: Улстөрийн хүрээнд болсон үйл явдлыг нэг өгүүлбэрээр
Ээлжит бус чуулган: Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 1-ны хооронд УИХ-ын хурлын ээлжит бус чуулган зарласан УИХ-ын дахь МАН-ын бүлгийн ирц бүрдээгүйгээс Ээлжит бус чуулган хуралдаж чадсангүй.
ХҮН: Өнгөрсөн даваа гаригт ХҮН-ын төв хорооны гишүүд албан ёсны хурлаа хийж, уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түүний оронд намын шинэ даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томиллоо.
МҮАН: Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын дарга М.Энхсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын удирдлагуудад сонгуульд эвсэл байгуулж оролцох саналыг хүргүүллээ.
МоАХ: АН-ын МоАХ фракцынхан өнгөрсөн лхагва гаригт Ялалтын талбайд цуглаан зохион байгуулж, ирэх 2016 оны сонгуульд сонгож болохгүй гишүүдийн нэрсийг зарлалаа.
Онцлох сенсаац: Эдийн засагч Л.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо шийдэж, эсэргүүцлээ илэрхийлэв
УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордонд хоёр хоног үргэлжилсэн Монголын Эдийн засгийн чуулганыг хааж үг хэлсэн. Түүнийг индэр дээрээс үг хэлж байхад Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар эсэргүүцлээ илэрхийлж, оймс шидсэн. Л.Наранбаатарыг УИХ-ын дарга руу дөхөх үед УИХ-ын даргын шадар хамгаалагч, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд Төрийн ордны их танхимаас хүчлэн гаргасан.
УИХ-ын дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай адил нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байдаг. Гэхдээ Эрүүгийн хуульд УИХ-ын дарга руу оймс шидсэнийх нь төлөө оногдуулах ял байхгүй. Танхайн гэмт хэргээр зүйлчилж болох ч хохирол учруулаагүй, шидсэн оймс "байгаа" оноогүй. Иймээс Захиргааны хариуцлагын тухай хуулиар Л.Наранбаатарт хариуцлага хүлээлгэх юм. 
Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалттай объектод, нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад байдаг УИХ-ын дарга руу оймс шидсэн асуудлыг зөвтгөж болохгүй нь үнэн. Төрийн тусгай хамгаалалтын газар өөрийн эрх мэдлийн хүрээнд иргэн Л.Наранбаатарын Төрийн ордонд нэвтрэх эрхийг хасч, 20 мянган  төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэжээ
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн