Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Титэм судасны архаг бөглөрөл онгойлгох ажилбарыг шинэ технологи ашиглан хийлээ

Титэм судасны архаг бөглөрөл онгойлгох ажилбарыг шинэ технологи ашиглан  хийлээ
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 26
Иргэн Б өдгөө 66 настай бөгөөд зүрхний цусан хангамжийн дутагдалд орж, зүрхийг тэжээдэг гол судас нь нарийсч бөглөрсөн байна. Тэрээр судас тэлэх эмчилгээ хийлгэж, цаашлаад судсан дотуурх ажилбараар хоёр удаа нарийссан хэсэгтээ тэлэгч тавиулжээ. Харин титэм судсанд тавьсан хоёр тэлэгчийн нэг нь буцаад бөглөрчээ. Тиймээс бөглөрсөн тэлэгчийг онгойлгох, дахин тэлэгч тавих ажилбарыг өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч нар Хятадын Гуанжугаас ирсэн эмчтэй хамтран шинэ технологи ашиглан хийлээ.
Зүрхний цусан хангамжийн дутагдал буюу зүрхийг тэжээдэг гурван судасны аль нэг хэсэгт нарийсал, эсвэл бөглөрөл үүссэнээс зүрхний шми, шигдээс болох эрсдэл нэмэгддэг байна. Эл өвчнийг ихэвчлэн эмээр эмчилдэг байсан ч сүүлийн үед судас нарийссан хэсгийг тэлэх, бөглөрсөнийг нь онгойлгодог шинэ аргууд нэвтэрсэн байна. Ийм төрлийн эмгэгийг эхний ээлжинд эмээр эмчилж, дараагаар нь нээлттэй хагалгаа хийж, судсанд бөглөрсөн хэсгийг алгасуулж, судас залгах мэс засал хийдэг байна. Тэгвэл судсан дотуурх мэс ажилбарыг Монголд 2003 оноос гуравдугаар эмнэлэгт хийж эхэлсэн байна. Улаанбаатар Сонгдо эмнэлэг судсан дотуурх ажилбарыг 2012 оноос, нээлттэй мэс заслыг 2015 оноос хийж эхэлжээ. Зүрхний шми, шигдээс болж өвчтөн газар дээрээ насбараагүй тохиолдолд эл өвчнийг эмнэлгийн төвшинд эмчлэх хэмжээнд хүрчээ.
Титэм судасны архаг бөглөрөл нь энгийн хурц шигдээс, титэм судас бүтэн бөглөрөөгүй байгаа кэйстэй харьцуулахад маш хүнд ажилбар юм байна. Бөглөрсөн судас хатуурч, шохойжсон титэм судасны архаг бөглөрөлийг онгойлгодог олон төрлийн техник олон улсад нэвтрээд байгаа юм.
Судсан дотуур маш нарийхан хийцтэй гуурсаар дамжуулан тороос шиг сэтгүүрдэгч шинэлэг технологийг ашиглаж уг ажилбарыг ажилттай хийж, бөглөрсөн тэлэгчийг онгойлгож, шинээр тэлэгч тавилаа. Уг ажилбарт хэрэглэж байгаа технологи олон улсад нэвтэрсэн ч Монголд анх удаа судсанд дотуурх ажилбарт хэрэглэлээ. Сонгдо болон гуравдугаар эмнэлэг дээр титэм судасны бөглөрөлийг бүрэн арилгаж чадаагүй кэйсүүд дээр уг ажилбарыг цаашид хийх юм байна.
Ингээд Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн гүйцэтгэх захирал М.Зоригоогоос цөөн зүйлийг тодрууллаа.

-Монголчуудын хувьд ямар насны хүмүүс зүрхний шми, шигдээсээр өвчилж байна. Гол шалтгаан юу байна вэ. Баасан гаригт судсан дотуурх ажилбарт орсон өвчтөн Б-гийн биеийн байдал ямар байна вэ?
-Өвчтөний биеийн байдал сайн байна. Ямар нэгэн хүндрэл гараагүй. Уг өвчтөн өмнө нь хоёр удаа судас нарийссан хэсэгтээ тэлэгч тавиулсан. Баруун талын судсанд тавьсан тэлэгч буцаад бөглөрсөн учраас бөглөрөлийг гаргах ажилбарыг хийлээ. Гуяных нь артерийн судсаар гуурс оруулж, түүгээр дамжуулан сэтгүүрдэгч тороосоор бөглөрсөн судсыг онгойлгож дахин тэлэх ажилбарыг хийлээ. Монголчуудын хувьд зүрх судасны өвчлөл нэг номерт бичигдэж байна. Ялангуяа артерийн даралт ихсэх, зүрхний цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй эмгэгүүд эрс нэмэгдэж байна..
-Судас нарийсч, бөглөрөхөд өвчтөнд эхний ээлжид ямар зовиур илэрдэг вэ?
-Амьсгаа өндөрсөж, цээж бачуурч, урт амьсгаа авмаар санагдаж, хоолой боогдох шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаж нарийн шинжилгээ хийлгэж өвчнөө эрт илрүүлбэл, эмчлэх боломжтой. Сахартай, жин ихтэй, даралт өндөртэй хүмүүс байнга хяналтад байх ёстой. Учир нь зүрхний цусан хангамжийн эмгэг нь тархинд цус харвах зүрхний шигдээс болох хүндрэлүүд байдаг. Зүрхний цусан хангамжийн дутагдалтай хүмүүсийн 80 хувь сахарын өвчнөөс үүдэлтэй байна. Учир нь сахар ихтэй хүний судасны хана хатуурч, нарийсал үүсч эмгэг болдог.
-Бөглөрсөн судсанд тэлэгч тавьж эмчилсний дараа дахин бөглөрөх үү?
-Бөглөрнө. Судас тэлэгч бөглөрч, өөр газар нарийсч, дахин бөглөрөх асуудал үүснэ. Тиймээс ажилбарын дараа өвчтөн дэглэм барих нь маш чухал. Даралтаа хэвийн, цусаа шингэж байлгаж, эмээ эмчийн зааврын дагуу ууж, эмчдээ тогтмол хянуулж байх ёстой. Жин ихтэй бол дасгал хөдөлгөөн хийж, жингээ хасах хэрэгтэй. Хоолны дэглэм барьж, архи тамхины муу зуршлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ нэг л дэглэм алдагдвал судас буцаад бөглөрөх магадлал өндөр байдаг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн