Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлж болно

​Тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлж болно
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 1
Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тариалангийн тухай хуульд болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Уг хуультай холбоотой зарим заалтыг товчлон хүргэж байна.
Тариалангийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Ингэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэж заажээ. Мөн тариалангийн газар эзэмших эрхээ шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдах юм байна.
Тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхдээ,
-Тариалангийн хөрсний төлөв байдлыг тусгай шинжилгээний дүнгээр үржил шимийг доройтуулаагүй тогтоосон байх,
-Хуульд заасан нөхцөл, болзол, газар эзэмшүүлэх гэрээг зөрчөөгүй байх,
-Тариалангийн газрыг зориулалтын дагуу ашигласан байх гэсэн шаардлагыг хангасан ёстой юм байна.
Мөн тариалангийн талбайн захаас 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох, бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, намаржаа байхыг хуулиар хориглосон байна. Хэрвээ тухайн тариалангийн газрын оролцоо мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэгч нэг удаа хариуцахаар болж байгаа юм байна. Нүүн шилжих бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө хаваржааны газрын асуудлыг тухайн сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэх юм байна.
Тариалангийн газар эзэмшигч нь газар тариалан эрхлэх зориулалтаар авсан газраа хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийг гэрчилгээг нь сум, дүүргийн дарга хүчингүй болгоно. Тухайн тариалангийн газар эзэмшигч нь сум дүүргийн Засаг дарга хоёр жил тутам тариан эрхлэлтийн талаарх мэдээллээ хүргүүлж байх ёстой юм байна. Атар газрыг тариалангийн газрын зориулалтаар ашиглах Төрийн захиргааны шийдвэр гараагүй байхад атар газрыг хагалсан иргэн, аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлгэж, хагалсан нэг га тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгөөр, мөн тариалангийн газарт хар тамхи, мансууруулах болон хордуулах үйлчилгээтэй таримал таривал нэг га тутамд 768 мянган төгрөгөөр торгохоор заасан байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн