УИХ-ын анхдугаар болон ээлжит бус чуулганаар Монголбанкны удирдлагуудыг томиллоо. Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилдог ч ихэнх удирдлагууд сонгуулийн дөрвөн жилээр, засаг солигдох үед шинээр томилогдож ирсэн байна. Сүүлийн 20 жил Монголбанкны ерөнхийлөгчөөр хамгийн удаан буюу зургаан жил тасралтгүй ажилласан хүн бол Монгол Улсын гавьяат эдийн засагч О.Чулуунбат агсан. Тэрээр 2000-2006 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол 2006-2009 онд А.Батсүх, 2009-2012 онд Л.Пүрэвдорж, 2012-2016 онд Н.Золжаргал нар тус тус ажиллаж байжээ. Эдгээр ерөнхийлөгч нарын хувьд бүгд банк санхүүгийн салбарт мэргэшсэн шилдэг банкирууд байсан байна. Харин шинээр томилогдсон Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн хувьд банкны салбарт төдийлөн сайн ажиллаагүй ч Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна. Мөн төсвийн бодлого, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн эдийн засагч гэж болохоор намтартай. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийн хувьд мөн л Сангийн яаманд мэргэжилтнээс нь эхлээд газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрээр 2014 оноос Голомт банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд 1994-2013 он хүртэл санхүүгийн сектор тэр дундаа банкны салбарт ажиллаж ирсэн шилдэг банкируудын нэг. Монголбанкны хяналт шалтгалтын газрын дарга, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Ямартай ч ирэх дөрвөн жил Монголбанкийг мэргэшсэн эдийн засагчид, шилдэг банкир удирдах нь. Жил бүр УИХ-аар төсөв, мөнгөний бодлого батлахад хоорондын уялдаа холбоо муу байгааг шүүмжилдэг. Тэгвэл ирэх жилүүдэд Сангийн яам, Монголбанк хэрхэн бодлогын уялдаатай ажиллахыг эдгээр эрхэмүүдээс харъя. Ингээд Монголбанкны шинэ удирдлагуудын товч намтартай танилцана уу.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэж хэн бэ
УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сууж УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Н.Баяртсайхан 2008 оны сонгуулиас хойш хэсэг хугацаанд сураг алдраад байсан. Тэрээр хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм байна. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ. Мөн 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
Увс аймгийн харъяат бөгөөд МАН-ын нөлөө бүхийн гишүүдийн нэг. Түүний хувьд УИХ-д удаа дараа сонгогдохдоо, Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж, Улсын төсөв, Мөнгөний бодлогоор санал санаачлага гаргадаг байжээ.
Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг гэж хэн бэ
Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ. Тэрээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд МУИС-д багш, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж иржээ.
Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гэж хэн бэ
Б.Лхагвасүрэн нь 1989 онд МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч, 1999 АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр зэрэг хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.