МАН нь МАХН-ыг сугандаа хавчуулж “Эх орончдын өдөр”-ийг хамт тэмдэглэлээ. Тус намын удирдлагууд энэ үйл явдлыг хоёр намын нэгдлийн эхлэл гэв. Намын генсек Ж.Мөнхбат “Баярын дараа нэгдлийн тухай нухацтай ярьж эхэлнэ” гэж мэдэгдсэн бол, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хоёр нам нэгдвэл Дээд шүүхэд нэгдүгээрт бүртгэлтэй нам дээрээ нэгдэнэ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Үнэхээр л нэгдэхдээ тулбал сонгуулийн саналын хуудасны нэгдүгээрт бичигдэх дараалал, үүх түүх, өв залгамжлал, өмч хөрөнгө, нэр нөлөө гээд аль ч талаасаа хадаг хүлээж авах нь МАН. Нэгдэнэ гэж нэг нь татан буугдана гэсэн үг. Тэр нь МАХН. Гэвч үйл явдал МАН-ын санаснаар өрнөхгүй бололтой. Тэд хамтарч тэмдэглэсэн баярын хурал дээрээ хамтаараа сууж байгаад Н.Энхбаяраас “гэнэтийн бэлэг” гэхэд багадмаар, бараг л “цагийн тохируулгатай тэсрэх бөмбөг” хүлээж авав. МАХН-ын дарга баярын хурал дээр хэлсэн үгэндээ “хоёр нам нэгдэх бололцоогүй, харин сонгуульд эвсэж оролцох боломжтой” гэж мэдэгдлээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг энэ ажээ.
Н.Энхбаяр нэг нам болохыг үгүйсгэж, эвслийг санал болгосноор нэгдлийн төлөө намын баяраа хамтарч тэмдэглэсэн нь МАН-ын хувьд энэ мөчөөс алдаа болж эхлэв. Нэгдлийн төлөө хийсэн эрсдэл нь стратегийн алдаа болж хувирав. Тэд “Эх орончдын өдөр” буюу намын баяраа хамтарч тэмдэглэснээр МАХН-ыг МАН-ын 1921 оноос хойшхи түүхийг хуваалцах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй болов. Өнөөдрийн МАН бол Монголд анх байгуулагдсан МАН-ын үргэлжлэл. Тийм ч учраас Дээд шүүхэд хамгийн нэгдүгээрт бүртгэлтэй. Гэтэл намын баяраа хамт тэмдэглэснээр Дээд шүүхэд 18 дугаарт бүртгэлтэй, 2011 онд байгуулагдсан МАХН ч Монголын анхны улс төрийн намын үргэлжлэл, эн тэнцүү өв залгамжлагч гэж хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй үйлдэл болов.
Энэ бага хэрэг гээд орхивол одоо цаашид МАХН-ыг яах вэ. МАН-ын хувьд МАХН жинхэнэ шүдний өвчин, хоолой дээр тээглэсэн бүлх болж горойлоо. Үндэсний бөхөөр бол түрүүлж ам авах эрхтэй аварга хүн тэр доор эрэмбэтэй сумын заантай өөрөө очоод аль хэдийнэ хав дөрвөлжин золгочихлоо. Золгооноос хэн хаях вэ.
Н.Энхбаярын үгэнд нэг үнэн бий. Улстөрийн орчин, хуулийн талаасаа хоёр нам нэгдэхэд цаг хугацааны хувьд боломж үнэхээр бага. Бараг байхгүй. Улстөрийн намуудын тухай хуулиар нэгдлийг намуудын их хурлаар шийддэг. Тэндээс татан буугдана, түүнийгээ Дээд шүүхэд мэдэгдэж бүртгэлээс хасуулна, нөгөөдөө нэгдэнэ, нийлж хурлаа хийнэ гээд багагүй цаг зарна. Намууд ээлжит бус их хурлаа зарлахаас эхлээд бүгд дүрмээр зохицуулсан цаг хугацаатай. Гэтэл 2016 оны сонгуульд оролцох, эсэхээ ямар хэлбэрээр оролцохоо намууд ирэх сарын 30-наас өмнө мэдэгдэх учиртай. Хуулийн энэ хязгаарт багтаж МАН ба МАХН-ын нэгдлийн процесс явах магадлал бага.
Санаснаар болдог бол МАН ба МАХН нэгдвэл сайн хэрэг. Эндээс ганц МАН гэлтгүй Монголоороо хожно. Харин эвсвэл Монгол байтугай МАН ч хожихгүй, ганцхан Н.Энхбаяр ба МАХН л хожно. Намуудын нэгдэл бол хариуцлага нэг болох, нэг эзэнтэй байхын эхлэл. Харин эвсэл бол хариуцлага хуваагдах, хоёр эзэнтэй явах улстөрийн заль. Уг нь МАН-ынхан намуудын нэгдлийг хамтарч тэмдэглэсэн “Эх орончдын баяр”-аар эхэлж, 2016 оны сонгуулийн ялалтаар үргэлжилнэ гэж тооцсон бололтой юм. Гэтэл Н.Энхбаяр ингэж тооцсонгүй. Тэрээр өнөөдрийнх шигээ халаасандаа МАХН гэж намтай, олонхитой нь наймаалцах кноптой, 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх хувийн субъекттэй явахыг илүүд үзжээ.
Тэгэхдээ МАН, МАХН хоёр нэгдсэн ч, эвссэн ч эцсийн үр дүн нь Н.Энхбаярт л ашигтай тусна. МАН-ынхан түүнийг барьж, хорьж дийлэхгүй л болов уу. Энэ хоёр намыг нэг байхад дарга нь байсан, өнөөдрийн МАН-ын гэлтгүй АН-ын ч бүх лидер бөгөөд толгой улстөрчдийн олонхи нь Н.Энхбаярын “бүтээл”. Тийм ч учраас түүнийг хорихоос орилоход л ганц МАН гэлтгүй, Монголын улстөр бүхлээрээ хөдөлгөөнд ордог, бужигнадаг байлаа. Энэ нь нэгд, Монголын улстөрчдийн олонхи нь тэр хүнээс ямар нэгэн байдлаар хамааралтайг илэрхийлнэ. Хамааралтай учраас “Үхсэн буурын толгойноос амьд ат айж” байгаа нь тэр юм. Хоёрт, Монголын “Топ-10 улстөрч”-ийн жагсаалтад улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга огт орж ирэхгүй байхад л Н.Энхбаяр шоронгоос ч, сул иргэн явахдаа ч рейтингээр үргэлж тэдний өмнө байв. Одоо ч тийм. Энэ нь сайн, муу нь хамаагүй, лидерийн чадвараар Н.Энхбаяр тэднээс илүүг илтгэнэ. Ийм хүн нэгдээд, эсвэл эвсээд гэрт ороод ирсэн байхад, нэг л мэдэхэд хойморт гараад сууна, МАН-ынхан хорьж, зогсоож дийлэхгүй. Ганц улстөрийн нам байтугай, өнөөдрийн УИХ, Засгийн газар ч бүхлээрээ энэ хүний барьцаанд олон орсон нь бодит үнэн билээ.
Яах вэ, үйл явдал тэгээс эхэлж, нэгдлээ гэхэд МАН нь хүний олноороо нэг хэсэгтээ Н.Энхбаярыг дараад байж магадгүй. Гэхдээ л нэгдлээ гэхэд Н.Энхбаярт хамгийн багадаа нэгдсэн МАН-ын дэд дарга болох болзол тулгана. Өөрийгөө тойруулж МАХН гэж өнөөдрийн “Хотын бүлэг”-ээс ч хүчтэй фракцыг МАН-д бий болно. 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвших гэж зүтгэнэ. Дэвшүүлэхгүй бол МАН-ын дарга М.Энхболдыг дэвшүүлээд өрсөлдөгчтэй нь нийлж байгаад унагана. Тэгээд намын даргаасаа ялагдлын хариуцлага нэхнэ, ярина. Эвслээ гэхэд өөрөө нэр дэвших эрхгүй учраас эвслийн дарга юмуу, дэд тэргүүн болох гэж үзнэ. МАН ба МАХН-ын эвслийн дэд тэргүүн болсон байхад бараг л МАН-ын дарга болсноос ялгаагүй. Эвсээд сонгуульд яллаа гэхэд хамгийн түрүүнд өөрийгөө цагаатгах тогтоол батлуулахыг тулгана. Цагаатгах тогтоол батлуулж сонгогдох эрхээ олж авбал УИХ-ын дарга, Ерөнхий сайдын нэг болох улстөр хийнэ. Энэ хоёр нам эвссэний дараа Н.Энхбаяр сонгогдох эрхээ олж авбал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвсэл задарна, эсвэл тус эвслээс М.Энхболд биш, Н.Энхбаяр нэр дэвшихэд олон хүн гайхахгүй дээ. Хэрвээ өөрийг нь цагаатгах тогтоол батлахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвслээ задлах замаар сөрөг хүчинтэй нийлж Засгийн газрыг унагах зэргээр маш олон маневр Н.Энхбаяраас гарах магадлалтай. Хамгийн гол нь Н.Энхбаяр ба МАХН-тай эвссэн эвсэл сонгуульд яллаа гэхэд өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын түүх давтагдана. Эвсэл тойрсон АН-ын өнөөдрийн зовлон МАН-д ирнэ. Энэ мэтээр тоочвол МАН ба МАХН-ын нэгдэл, эвслийн дараахь улстөрийн өрнөлийг таамаглахад төвөггүй. Яагаад гэвэл танил замаар, танил хүмүүс л явна.
МАХН-гүйгээр санасан амжилтдаа хүрэхгүйн, тусдаа яваад саналаа хуваахын зовлон МАН-д бодитой бий. Тэр шархан дээр нь Н.Энхбаяр амжиж дараад эрх мэдлийн төлөө алгуур урагшилж байна. Түүнд дундын зам гэж байхгүй. Монголын төрийн, улстөрийн туг болох гэж, тамга атгах гэж л МАН-тай нэгдэж, эвсэнэ үү гэхээс биш, МАН-ын дарга М.Энхболдын туслах болох гэж сонголт хийхгүй, намаа татан буулгахгүй. Одоо түүний хувьд нэгдэх, эвсэх нь хамаагүй МАН-тай ойр явах нь л ашигтай. Яагаад гэвэл рейтинг муутай улстөрч рейтинг сайтай улстөрчтэй хамт явах, түүнтэй маргах тусам рейтинг сайтынх нь бус, муутайнх нь өсдөг. Үүнийг улстөрд “зүүгдэж тодрох” технологи гэдэг. Үүнтэй адилаар энэ хоёр намын нэгдэл, эвсэл ойртох тусам л МАХН-ын үнэлэмж нэмэгдэнэ, рейтинг нь өснө. Хэрвээ МАН Н.Энхбаярын санал болгосон эвсэх саналаас татгалзвал түүнд “нөөц буудал” бас бий. Тэр нь Монголын ногоон намын эвсэл. Монголын ногоон нам бол Дээд шүүхэд гуравдугаарт бүртгэлтэй. Тус намтай нэгэнт байгуулчихсан эвслээрээ ороход саналын хуудасны нэгд бичигдэх, гуравт бичигдэх нь МАХН-д онцын ач холбогдолгүй, ялгаагүй. Үйл ажлаараа ч, саналын хуудасны дарааллаараа ч ойртох тусмаа л МАН-ын саналаас хуваалцана.
Эндээс хийх дүгнэлт бол энгийн. МАН-ын хувьд хол л байвал МАХН өрсөлдөгч нь. Харин МАХН-тай ойртох тусам л МАН-д Н.Энхбаярын тамга, эрх мэдлээ атгах эзэн болох магадлалыг нэмнэ. Тийм учраас МАН-ынхан өнөөдөр АН-ыг сонгуульд яаж ялах вэ гэдэгт бус, МАХН-тай яаж сонгуульд орох вэ гэдэгт илүү санаа зовж байгаа нь тодорхой. Тэдний өмнө өрсөлдөгчтэй явах, аажмаар “эзэн”-тэй болох хоёр сонголт байна.
МАН бол сумын намын үүрээсээ эхлээд Цагаан байшингаа хүртэл муу ч, сайн ч ямар нэгэн хэмжээнд улстөрийн институц бүхий том бүтэц. Худлаа ч, хуйвалддаг ч, хааяа ч болов том зураг, том бүтэцдээ таарсан том эрх ашгаа хардаг. Тийм учраас сонгуульд намаараа ялахын тулд, ахиж саналаа хуваахгүй гэж МАХН-ыг нэгдэлд урьсан байх. Харин Н.Энхбаяр ба МАХН-д бол нэгдсэн намаараа, эсвэл эвслээрээ сонгуульд ялах нь хоёрдугаар асуудал. Хамгийн гол нь Н.Энхбаяр л ялах ёстой. Яагаад гэвэл МАХН-д институтчлэгдсэн улстөрийн хамгийн том бүтэц, том эрх ашиг нь Н.Энхбаяр өөрөө юм. Энэ хоёр намын нэгдэл, эвслээс сонгогчид, Монгол Улс хожиж байвал үйл явдал яаж өрнөх, хэн ялах нь нь хамаагүй. Гэтэл Н.Энхбаяр гэж хувь хүн хожих магадлал нь л их бөгөөд нэг хувь хүний хожлоос нийт монголчууд хожно, ялна гэж байх уу, үгүй юү, мэдэхгүй.
Хав дөрвөлжин золгооноос хэн хаяхыг харж л байя. Хаясан, унасан хоёр хоёулаа дэвж явах тохиолдол ч бас бий.