Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурцын тушаалаар өнгөрсөн жил Үндэсний тагнуулын академийн Албаны бэлтгэлийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Д.Энх-Амгаланг ажлаас нь халсан юм. Хурандаа Д.Энх-Амгалангийн хувьд 2007 оноос ТЕГ-т ажиллаж, 2009 онд Үндэсний тагнуулын академийн тэнхимийн эрхлэгчээр томилогдсон байдаг. Түүнд ТЕГ-ын даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж “ажлаас халах арга хэмжээ” авсан нь жил орчмын хугацаанд шүүхээр явсан маргаан болоод байна. Хурандаа Д.Энх-Амгалан Б.Хурц генералын тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж, ажилдаа буцаж томилогдохыг хүсч буй юм. Энэхүү маргааныг энэ сарын 17-нд Улсын дээд шүүх дэнслэх ажээ. Д.Энх-Амгалан хурандаа анхан болон давж заалдах шатны шүүхэд заргаа авч чадаагүй байгаа юм.
Хэргийг ерөнхийд нь танилцуулъя. Зэвсэгт хүчний жанжин штабын 016 дугаар бригадад ТЕГ-ын зарим албан хаагчдыг цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад өнгөрсөн жил хамруулжээ. Сургалтыг аравдугаар сарын 16-30-ны өдрүүдэд явуулах хуваарьтай байсан бөгөөд Д.Энх-Амгалан хурандааг суралцагчдын ахлагчаар томилсон байна. Сургалтын хугацаанд буюу аравдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд Д.Энх-Амгалан нь танхимын хичээлд сууж байсан 95 хүнийг гадаа гарган жагсааж, сургалтын хөтөлбөрт тусгаагүй дасгал хийлгэсэн нь асуудлын гол ажээ. Тэрээр алба хаагчдыг хоёр хуваан дээш харуулан газар хэвтрүүлж, хүйс хамаарахгүйгээр 40-45 хүнийг тойргоор бие биеийнхээ гэдсэн дээр гишгэж гүйхийг тушаасан байна. Энэ дасгалыг “намаг туулах аргачлал” гэдэг бөгөөд байнгын бэлтгэлгүй албан хаагчдаас хийлгэдэггүй. Иймээс ч тагнуулын албан хаагчдыг хамруулсан “Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр”-т оруулаагүй. ТЕГ-ын Тамгын газрын дарга, ЗХЖШ-ын 016 дугаар бригадын дарга нарын баталсан энэхүү хөтөлбөрт байгаагүй дасгалыг хийснээрээ Д.Энх-Амгаланг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзжээ.
Албан хаагчдыг нэгнийх нь гэдсэн дээгүүр ээлжлэн гүйлгэсний улмаас эмэгтэй нэг албан хаагч баруун хөхөн дээрээ гишгүүлэн цээжинд нь цус хурч, хөхөрч, тухайн шөнөдөө өндөр хэмээр халуурчээ. Мөн нэг эмэгтэй алба хаагч давсган дээрээ гишгүүлсний улмаас тухайн үед өмдөндөө шээж, сэтгэл санаа, нэр хүндийн хохирол амссан байна. Ноцтой нь дээрх дасгалыг хийлгэсэн Д.Энх-Амгалангаас архи үнэртэж байсан тухай албан хаагчид мэдүүлэг өгчээ. Тэрээр үүнийг үгүйсгэсэн бөгөөд хэрэг явдлаас 18 цагийн дараа согтуурлын зэрэг тогтоох багажинд үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдоогүй юм.
Дээрх явдлыг байгууллагын удирдлагууд мэдэж хурандаа Д.Энх-Амгаланг ёс зүйн зөрчил буюу сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 5.7.4-т заасны дагуу "тагнуулын албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, цэргийн хурандаа цолыг хураан авах" хариуцлага тооцсон байна.
Цолыг хураасан шалтгаанаа ТЕГ-аас дараахь байдлаар тайлбарлажээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар баталсан "Цэргийн цол олгох журам"-ын 4.4-т зааснаар Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4-т "цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн", 5-д "гэмт хэрэг үйлдэж, хорих ял "шийтгүүлсэн" үндэслэлээр цэргийн цолыг хураадаг. Д.Энх-Амгалан нь цэргийн дүрэм /сахилгыг удаа дараа зөрчиж, Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар 2009 онд "сануулах", 2013 онд, "сануулах" сахилгын шийтгэл хүлээсэн байна.
Мөн ажлаас халах сахилгын шийтгэл оноосноо ингэж тайлбарласан байна.
-Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д "Тагнуулын ерөнхий газрын дарга Тагнуулын ерөнхий газрын дотоод асуудлаар тушаал, заавар гаргах", 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "тагнуулын албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна",
-Засгийн газрын 2009 оны 256 дугаар тогтоолоор баталсан Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 5.5.1-д "зөрчил гаргасан нөхцөл байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар зэргийг харгалзан Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах", 5.7.4-д "ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан тухай Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, тагнуулын албанаас хална",
-Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны А/74 дүгээр тушаалаар баталсан Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагааны журмын 405.3.11-д "Тагнуулын ажилтны сахилгын дүрэм, Цэргийн сахилгын дүрэм болон энэхүү журамд заасан хэм хэмжээг зөрчсөн, гэм хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн үндэслэлээр халагдаж байгаа цэргийн албан хаагчийн цэргийн цолыг хураан авна",
-413.6.1-д "Тагнуулын ерөнхий газрын албан хаагчийг Төрийн албаны тухай, Тагнуулын байгууллагын тухай, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Тагнуулын ажилтны сахилгын дүрэмд заасан үндэслэлээр албанаас хална",
-424.4.1."д"-д "ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, албанаас халах буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална",
-424.5.1-д "Тагнуулын ерөнхий газрын албан хаагч нь Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан тушаал, заавар болон байгууллагын дотоод журам, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, ... нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно." гэж заасан зэрэг болно гэжээ.