Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

​Тавин саяас 1.5 тэрбумын орлоготой бол төлсөн татварынх нь 90 хувийг хөнгөлнө

​Тавин саяас 1.5 тэрбумын орлоготой бол төлсөн татварынх нь 90 хувийг хөнгөлнө
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 16
Засгийн газар нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр хэд хэдэн хуулийн төслийг намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын дарга З.Энхболд Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр захирамжилсан. Ээлжит бус чуулган нээлтээ хийсний дараа холбогдох байнгын хороод хуулийн төслийг хэлэлцэнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгын төсөлд татварын тайлан балансыг хялбаршуулсан, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой нэлээд заалт байгааг онцлон хэлье. Тухайлбал, Монгол Улсад бүртгэлтэй үйлдвэр үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж жилийн 50 саяын орлоготой бол жилдээ нэг удаа санхүүгийн тайлан гаргаж, 500 мянган төгрөгийн татвар төлдөг болохоор заажээ. Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгаа болон хуулийн төслийн зарим заалтыг сонирхуулъя.
Тухайн аж ахуйн нэгжийн жилийн орлого нь 0-10.0 тэрбум төгрөгт хүрсэн бол 10 хувийн татвар төлөхөөр заасан байна. Харин жилийн орлого нь 10.0 тэрбум төгрөгөөс дээш давсан аж ахуйн нэгжид албан татвар ногдуулахдаа 1.0 тэрбум төгрөг дээр 10.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
                                           Тусгайлан ногдуулах албан татварууд 
-Аж ахуйн нэгжийн эрхийн шимтгэлийн орлого 10 хувийн татвар ногдуулна
-Аж ахуйн нэгжийн ногдол ашгийн эсхүл, нөхөрлөлийн буюу хамтран ажиллах гэрээний дагуу олгогдох ашгийн хуваарилалтад 10 хувийн татвар ногдуулна.
-Хүүгийн орлогоос 10 хувийн татвар авна.
-Хонжворт олгосон мөнгө хөрөнгө, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авахаар заасан байна.
-Аж ахуйн нэгжийн эрх борлуулсны орлогоос 10 хувийн татвар авна.
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэн орлогоос 30 хувийн татвар авна.
-Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос хоёр хувийн татвар ногдуулна.
-Аж ахуйн үйл ажиллагааны эрх эзэмшсэний төлбөрийн дүн 500.0 мянган төгрөгийн татвар ногдуулна.
-Үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээ, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлогоос 10 хувийн татвар авна.
-Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиартатвар ногдуулна.
Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн /бонд/ хүүг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх юм байна. Тухайн аж ахуйн нэгж 25-аас дээш ажилчидтай бөгөөд нийт ажилчдын 2/3 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогоос чөлөөлнө гэж төсөлд заажээ. Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогыг татвараас чөлөөлнө гэж тус тус заасан байна
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хөрөнгө, хөрөнгө борлуулсан зэрэг нийт орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бол аж ахуйн нэгжийн албан татварыг 90 хувиар хөнгөлнө. Ингэхдээ татварын хөнгөлөлтийг тухайн тайлант хугацаанд албан татвар төлөгчийн тодорхойлж, хуульд заасан хугацаанд төлсөн албан татварын дүнгээс тооцож, дараагийн татварын жилд эдлүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2016 оны татварын хөнгөлөлтийг 2017 онд эдлүүлнэ гэсэн үг. Хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагсдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Аж ахуйн нэгжийн албан татвар хөнгөлөлтөд доор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгч хамаарахгүй юм байна
-Уул уурхайн олборлолт, импорт, экспорт;
-Газрын тосны олборлолт, импорт, экспорт;
-Үүр холбооны оператор;
-Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа;
-Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа;
-Банк, санхүүгийн байгууллага
Тухайн татварын жилийн алдагдлыг дараагийн дараалсан татварын 5 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох бөгөөд ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг харьяалах татварын албаар баталгаажуулна гэж хуулийн төсөлд тусгажээ. Хэрэв дараалсан татварын 5 жилийн хугацаанд хасагдаагүй бол үлдсэн алдагдлын дүнг цаашид албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохгүй юм байна.
Аж ахуйн үйл ажиллагааны эрх эзэмшсэний эрхийн 500 мянган төгрөгийн албан татварыг уг татвар төлөгч үүсгэн байгуулагдсан жилийн дараагийн жилээс эхлэн төлөх бөгөөд татварын тайлан гаргах албагүй. Харин хялбаршуулсан тайланг жилд нэг удаа гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж заажээ.
Татвар ногдох жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч улирал бүр санхүүгийн тайланд үндэслэн татварын тайланг гаргаж, улирлын татварын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын эцсийн тооцоо хийнэ. Харин албан татвар ногдох жилийн орлого нь 50.0 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэл бол уг татвар төлөгч хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланд үндэслэн татварын тайлан гаргаж, эхний хагас жилийн тайланг долдугаар сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа жилийн хоёрдугаар сарын 10-ны дотор гаргаж, харъяалах татварын албанд тушааж, албан татварын эцсийн тооцоо хийнэ.
Албан татвар ногдох жилийн орлого нь 50.0 сая төгрөг хүртэл байвал уг албан татвар төлөгч жилд 2 удаа татварын тайлан гаргаж, харьяалах татварын албанд тушааж, эцсийн тооцоо хийх, эсхүл мөн жилд нэг удаа татварын хялбаршуулсан тайлан гаргаж, 500.0 мянган төгрөгийн татвар төлөх боломжтой юм байна. Албан татвар төлөгч нь албан татварын хялбаршуулсан тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын эцсийн тооцоо хийнэ.
Албан татвар төлөгч 50 сая төгрөгөөс бага орлоготой, хялбаршуулсан тайлан гаргасан бол мөн аж нэгжийн орлогын албан татвар төлөхгүй юм гэж хуулийн төсөлд заасан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн