Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр ипотекийн зээлийн суудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Тэрээр нэгдүгээр сарын 11-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн журамт өөрчлөлт оруулж найман хувийн зээлийн хүүг тав болгохоор тусгасан гэдгийг мэдэгдсэн юм. Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг мэдээлэл хийх үеэр нь зарим асуултад хариулт авлаа.
-Нэгдүгээр сарын 11-ны Засгийн газрын хуралдаанаар 297 дугаар тогтоол гаргаж ипотекийн зээлийн журмыг өөрчилсөн гэж та хэллээ. Журамд найман хувийн хүүтэй зээлийг таван хувь болгох боломжийг ямар байдлаар тусгасныг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Засгийн газраас ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан. Журамд100 хүртэлх ам метртэй орон сууцны зээлийг таван хувийн хүүтэй авах боломжтой гэж тусгасан. Харин 100 ам метрээс дээш орон сууцны зээл авах иргэдэд найман хувийн хүүтэй олгохоор журамласан. Тэгэхээр иргэд найман хувийг бууруулж тав болгох уу, болгохгүй юү, 80 ам метрээс дээш орон сууцны зээлээ авах уу, үгүй юү гэдэг асуудлыг ярих шаардлагагүй. Энэ асуудал аль хэдийнэ Засгийн газрын хурлаар орж, ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан.
-Өнөөдөр зах зээлд борлуулагдаагүй хэчнээн мянган орон сууц байна вэ. Үүний хэдэн хувь 100 хүртэлх ам метртэй, таван хувийн зээлд хамрагдах боломжтой вэ. Яам энэ тооцооллыг хийсэн үү?
-Өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод 17720 айлын орон сууцны байр ашиглалтад орсон байна. Үүний 20 гаруй хувь 100 ам метрээс дээш байр байгаа. Ер нь өндөр ам метртэй байрны борлуулалт муу учраас бага. Тиймээс нийт иргэдийн дийлэнх нь таван хувийн орон сууцны зээл авах боломжтой. Иргэдэд тавих хамгийн гол шалгуур нь орлогын эх үүсвэр дээр тулгуурлана. Тогтмол ажилтай, орлоготой байх ёстой. Найман хувийг тав болгоно гэж ярьснаас бол иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байна. Нөгөө талд, УИХ-ын дарга нь ипотекийн зээлийн асуудлыг ганцаараа барьж аваад, албаныхныг байцааж яриулаад, шийдэх гээд ч байгаа юмшиг, үгүй ч юмшиг ойлгомжгүй байдал үүссэн байна. Хариуцлагатай хэлье, найман хувийг тав болгох асуудлыг Засгийн газар журамд өөрчлөлт оруулж шийдсэн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудал тодорхой болбол таван хувийн орон сууцны зээл олгоход бэлэн.
-Өөрчлөлт оруулсан журам яг хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ. Өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан 70 гаруй мянган өрхийн автоматаар таван хувь руу шилжих үү?
- УИХ дээр Үл хөдлөх барьцааны тухай хууль, Иргэний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Анхны хэлэлцүүлгээр батлах горимоо байнгын хороон дээр гаргасан. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эдгээр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдвал Монголбанк, арилжааны банкууд хамтран оролцож таван хувийн орон сууцны зээлээ бүрэн шийдээд явах бололцоотой. Энэ үүд хаалгыг нь эрх зүйн хүрээнд бүрэн шийдсэн. Найман хувийн хүүтэй зээл авсан өрхийн зээлийн хүүг тав руу шилжүүлнэ. Журамд ч тодорхой тусгасан. Цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлэхдээ эрсдэл гаргахгүй, хүлээлт үүсгэхгүй, нийгэмд бухимдал үүсгэхгүйн тулд арилжааны банк, Монголбанктай санал солилцож, тогтвортой байдлыг хангаж ажиллана. Арилжааны банкууд хүүг таван хувь руу шилжүүлэхэд ямар нэгэн асуудал гарахгүй, шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн. Харин эх үүсвэрийн асуудал дээр Монголбанктай бүх төвшинд хамтарч ажиллахыг хүсч байгаа.
-Зээлийн хүүг бууруулж, тав руу шилжүүлэхэд хэчнээн төгрөгийн зардал гаргахаар байгаа вэ. Эх үүсвэрийг хаанаас санхүүжүүлэх нь тодорхой болсон уу?
-Найман хувийн зээлээ тав руу шилжүүлэх иргэдийн зээлийн судалгааг авч үзэхэд ойролцоогоор 790 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Эх үүсвэрийн асуудлыг шийдэхээр Монголбанк болон арилжааны банкуудтай ярилцаж байгаа. Орон сууц барьцаалсан ипотекийн зээл бол хамгийн найдвартай зээл. Өнөөдөр нийт банкны системийн чанаргүй зээлийн 0.2 хувь нь ипотекийн зээл эзэлж байна. Сард 28 тэрбум төгрөг хүү зээлийн эргэн төлөлтөөс орж ирдэг. Өөрөөр хэлбэл, жилд 300-400 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийдэг гэсэн үг. Өмнө нь иргэдийн ипотекийн зээлийг МИК-д худалдан авч үнэт цаас болгож буцаагаад Монголбанкинд шилжүүлдэг байсан. Монголбанк эргээд үнэт цаасаа борлуулж ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байсан. Өнөөдөр Монголбанкин дээр 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх үнэт цаас бий. Үүнийг борлуулахад шаардлагатай эх үүсвэрийг олох бүрэн боломжтой. Тиймээс Монголбанк өмнөх зарчмынхаа дагуу Засгийн газартай хамтарч ажиллана. Мөн МИК-ийн эх үүсвэрийг тэтгэврийн сан руу шилжүүлэх хуулийн төслийг УИХ дээр хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал ипотекийн зээл урт хугацаандаа тогтвортой үргэлжлэх эх үүсвэртэй болно.
-Хүүг бууруулснаар гарах эрсдэлийг яам тооцсон уу. Хүү буурсныг дагаж үнэ өсөхгүй гэх баталгаа байна уу?
-Мэдээж эрсдэл байгаа. Хүүг буурсныг далимдуулж үнээ өсгөх эрсдэл байгаа. Тиймээс бодлого барьж байгаа яамны хувьд болгоомжлол байна. Арилжааны банкууд болон банкууд дээр үүссэн тулгамдсан асуудал, дээр нь барилгын компаниуд дээр үүссэн өрийн гинжин сүлжээ, өндөр хүүтэй зээлийн дарамтаас гаргахын тулд төрийн бодлогоор дэмжиж ажиллана. Харин үүний хариуд аж ахуйн нэгжүүд үнэ өсгөхгүй байлгах тал дээр төрөө дэмжиж ажиллах ёстой. Нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Манай яамнаас банкууд болон компаниудад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, цаашлаад орон сууцны үнийг өсгөхгүй, хамгийн тогтвортой үнээр борлуулалт хийх уриалга хүргүүлж байгаа.
-Орон сууцны ам метрийн үнэ савладаггүй, тодорхой нэг үнэд тогтвортой барина гэсэн үг үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Өнөөдөр орон сууцны үнэ нэлээд буурсан байна. Тиймээс 2015 оны арванхоёрдугаар сараас өмнөх орон сууцны жишиг үнээр зээлээ олгоно гэх зэргээр үнийн тогтвортой байлгах асуудал дээр холбогдох байгууллагуудын саналыг сонсч байгаа. Аж ахуйн нэгжүүд ч орон сууцны үнийг нэмэгдүүлэхгүй байхад саналаа илэрхийлж байгаа.
-Ипотекийн зээлийн журамд урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлыг хэрхэн шийдэхээр тусгасан бэ. Тухайлбал, Барилгын яам оноос өмнө Голомт банктай 10 хувийн урьдчилгаатай зээл олгох тухай санамж бичигт гарын үсэг зурсан байгаа шүү дээ?
-Голомт банкин дээр үүссэн зээл, өрийн сүлжээ, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд тус банк өөрт байгаа нөөц боломжоо эрэлхийлж, 10 хувийн урьдчилгаатай зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Үлдсэн 20 хувийн баталгааг Голомт банк өөрөө дааж, баталгааг гарах боломжтой гэдгийг үндэслэн санамж бичиг байгуулсан. Үүнтэй адил бусад арилжааны банкууд заавал төрөөс баталгаа гэхгүйгээр 10 хувийн урьдчилгаатай зээл олгох боломж нээлттэй байгаа юм.
-Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хэчнээн байрыг түрээслүүлэх юм бэ?
-Төрийн орон сууцны корпорацитай хамтран түрээсийн орон сууц хөтөлбөрийг нэлээд эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ сараас эхлэн Төрийн орон сууцны корпорацийн барьсан "Буянт-Ухаа-2" хорооллын 50 ам метрээс доош 350 айлын орон сууцыг түрээслүүлэхээр тохирсон байна. Орон нутаг 529 айлын орон сууцыг түрээслүүлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Цаашлаад хувийн аж ахуйн нэгжийн барьсан барилгаас төр худалдан авч зорилтод бүлгийн иргэдэд хямд өртгөөр түрээслүүлнэ. Энэ жилийн хувьд түрээсийн орон сууц хөтөлбөр дээр нийт 52 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.