Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

​Таван сая доллар хожлоо гээд 500 мянган долларыг нь залилжээ

​Таван сая доллар хожлоо гээд 500 мянган долларыг нь залилжээ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 13
XX зуунд хүн төрөлхтөний бүтээж бий болгосон шилдэг ололтын нэг болох “кибер ертөнц” цахим мэдээллийн цоо шинэ харилцаа, орчин, орон зайг бүрдүүлсэн. Интернэт хэрэгцээ, шаардлага өсөхийн хэрээр цахим орчинд гэмт халдлага, үйлдэл нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газар, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ачаалал нэмэгдэж, анхааруулах, сэрэмжлүүлэх зүйл ихээр гарах болжээ. Бид цагдаагийн байгууллагатай холбогдож цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодруулсан юм. Учир нь, иргэд интернэтийг хэрхэн ашиглах талаар мэддэг боловч яаж аюулгүй байдлаа хангахаа тэр бүр мэддэггүй.
ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирсэн өргөдөл гомдлын 80-90 хувь нь фейсбүүк, твиттер, юутүүбтэй холбоотой байна. Эдгээр олон нийтийн томоохон сайтуудад бусдын нэр төрд халдах, алдар хүндийг гутаах, гүтгэх, залилах, хувийн нууцыг нь мэдсэнээр айлган сүрдүүлэх гэмт хэрэг улам л нэмэгдэж байгаа ажээ. Энэ нь манай улсын иргэд өөрсдийн хувийн мэдээллийг онлайн ертөнцөд чөлөөтэй тарааж байгаатай холбоотой. Үүнээсээ болж хохирогч болох нь түгээмэл байгааг цагдаагийнхан анхааруулж байна. Мөн дунд сургуулийн сурагчид интернэтэд чөлөөтэй нэвтэрч хувийн мэдээллээ алдахаас гадна болох, болохгүй сайт хэрэглэснээрээ гэмт хэргийн золиос болох нь ихэсчээ. Энэ нөхцөлд эцэг, эхчүүдийн хараа хяналт, анхаарал хамгийн чухал байгааг албаныхан онцолж байна. Хэрвээ өөрийн чинь нэр, зургийг ашиглан фейсбүүк хуудас нээсэн бол бодит хаягаараа фейсбүүкийн тусламжийн төв /Help center/-д хандаж, бичиг баримтын хуулбараа илгээгээд устгуулах боломжтой ажээ.
Манай улсад цахим шуудангийн луйвар, интернэт залилангийн эхний тохиолдол 2012 оны долдугаар сарын 2-нд бүртгэгдэж байжээ. Одоогийн байдлаар Монголын 27 аж ахуйн нэгж, иргэн 1.6 тэрбумын хохирол амсаад байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мөн л анхаарал, болгоомж, хариуцлага хэрэгтэй. Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд харилцагч талын цахим шууданг дууриалган хийсэн өөр этгээдэд залилуулах нь ихэсч байна. Гэмт этгээдүүд харилцагчийнх нь цахим шуудантай төстэй хаягаас зурвас илгээж, төлбөрийн данс солигдсон хэмээн өөрийн дансаа явуулдаг. Үүнийг нь нягтлалгүй, харилцагч байгууллагаасаа утсаар тодруулж асуухгүйгээр мөнгөө шилжүүлснээр хохирч үлддэг байна. Ийм байдлаар алдсан мөнгөө олж авах гэж олон компани аргаа бардаг ажээ.

Мөн сугалаанд хожсон, их хэмжээний мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээлэл иргэдийн и-мейл хаяг, фейсбүүк болон гар утсаар нь ирдэг болсон. Малайз, Сенегал, Англи, Филиппин улсын гэмт бүлэглэлүүд манай иргэд рүү луйврын шинжтэй ийм саналыг их явуулдаг болжээ. Тэд монголчуудын итгэлийг олох зорилгоор утсаар байнга ярилцаж, удаан хугацаанд мессенжер, фейсбүүкээр харилцаж байгаад мөнгийг нь залилдаг талаар хохирсон иргэд ярьжээ. Сүүлийн үед хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар гэрийнх нь хаягаар ирүүлж итгүүлэн урьдчилгаа, татвар зэрэг бага бус мөнгө авсан мэдээлэл байна. Саяхан л гэхэд, Баянзүрх дүүргийн иргэнд “5 сая ам.доллар хожлоо” хэмээн итгүүлж гэрийнх нь хаягаар бэлэн мөнгөний карт илгээжээ. Ингээд тухайн иргэнд татвар болох 10 хувийг нь явуулбал мөнгийг нь шилжүүлнэ хэмээн 500 мянган ам.долларыг нь залилсан байна. Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram, Swift зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэд ашигладаг болжээ. Иймд иргэд интернэт орчинд үл таних хүнтэй банкны мэдээллээ солилцохгүй байх, тэдний хууран мэхлэх үйлдэлд автахгүй байх нь энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүй байх хамгийн том хамгаалалт гэдгийг албаныхан анхааруулж байна.
Цагдаагийнхны ярьж буйгаар, манай улсын 20-35 насны 15 иргэн секс сүрдүүлгийн гэмт хэрэгт өртжээ. Анхны тохиолдол 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд бүртгэгдсэн байна. Гэмт этгээдүүд хохирогчтэй yahoo мессенжер, фейсбүүк, skype-аар танилцан дотно харилцаанд орохыг хүсч, улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь хуулж авдаг. Ингээд банкны дансаа явуулж их хэмжээний мөнгө нэхдэг. Хэрвээ шаардсан мөнгийг заасан хугацаанд шилжүүлэхгүй бол олон нийт, найз нөхөд, ажлын хамт олонд нь тараана хэмээн сүрдүүлдэг байна. Тэдний сүрдүүлэг нэг удаагийнх биш. Байсхийгээд л мөнгө нэхэж дарамталдаг байна. Өөрийн буруугаас болж эдийн засаг, сэтгэл санаагаар хохирч яваа хүмүүс нийгмийн бүх давхаргад байгаа юм.

Өөр нэг зүйл гэвэл, монголчуудын бүтээсэн киног нээлтээ хийснийх нь бараг л маргааш интернэтэд байршуулж хохироодог явдал. Зохиогчийн эрхийг зөрчиж, уран бүтээлчдийг их хэмжээний алдагдалд оруулсан хэсэг хүнийг ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд “Зүрхээр наадагч”, “Миний ах атаман”, “Чонон сүлд”, “Аав” зэрэг бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүй олон нийтэд тараажээ.
Түүнчлэн цагдаагийнхан садар самууныг сурталчилсан дүрс бичлэг, зураг нийтлэсэн Монголын зургаан сайтыг хааж, эздэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн гадаад улсад бүртгэлтэй садар самууныг сурталчилсан 35 сайт руу Монголоос хийх хандалтыг хязгаарлажээ. Хэрвээ иргэд дээр дурдсан цахим гэмт хэргийн золиос болсон, эсвэл хохирч болзошгүй сэжиг, таамагтай байвал ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 51-265727 утсаар холбогдож тусламж хүсэх боломжтой. Мөн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба гэх нэртэй фейсбүүк хаяг болон cybercrime@police.gov.mn и-мейл хаягаар хандаж болно гэдгийг албаныхан санууллаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн