Овог нэр: Лхагваа Таванбаяр
Төрсөн он сар өдөр: 1979.12.18
Хүүхэд насны хамгийн нандин дурсамж: Эмээ, өвөөтэйгээ зуслан дээрээ хамт байсан үе хамгийн сайхан мартагдашгүй нь. 15, 16-тай үеийн анхны хайр, нөхөрлөл.
Хобби: Рок хөгжим сонсох, ном унших, найз нөхөдтэйгээ ярьж суух
Нууц авьяас: Хайку шүлэг бичих гэж оролддог.
Таны бахархал: Аав ээж, гэр бүл, найз нөхөд. Монгол соёл. Монгол хүн болсноороо.
Очих дуртай газар: Байгалийн сайханд очих дуртай. Аав ээждээ, өсч төрсөн хороололдоо бас очих дуртай. Миний амьдралын сайхан салшгүй дурсамжууд өсөж төрсөн хороололтой минь холбоотой. Эндээс би өөрийгөө олж хүн болсон гэж боддог.
Хэлэх дуртай үг: Тайван, хамгийн гол нь тайван.
Салахыг хичээдэг муу зуршил: Өдөрт заримдаа гурван хайрцаг тамхи татдаг. Тоог нь цөөлөхийг хичээж байна.
Эх орон гэдэг таныхаар: Эх орон гэдэг би өөрөө, миний үр хүүхэд.
Хамгийн дуртай баяр: Киноны нээлт
Цаг хугацааг буцаах боломж олговол аль үед очих вэ: Аль ч үед очихгүй ээ.
Танд хандаж хэлсэн хамгийн сайхан урмын үгс: Киноны нээлтийн дараа хүмүүсийн хэлсэн үгнүүд. Хамгийн их урам өгдөг үг бол манай гэр бүлийн хүний үг. “Чи чадахгүй юм бол өөр хэн чадах юм бэ” гэдэг. Энэ үгийг сонсоод урам орж байсан олон тохиолдол бий.
Мөнгө гэдэг: Хэрэглээ. Шүтэх зүйл биш.
Найзыг товчхоноор тодорхойлбол: Найз гэдэг хүчтэй ойлголт. Миний хувьд найзууддаа амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулдаг. Би үргэлж ээж, аавтайгаа хамт байж чадахгүй. Харин надад аавыг минь орлох дайны найзууд, хуурай ах нар бий.
“Жаалхүү фильм” компанийн ерөнхий найруулагч, кино зохиолч Л.Таванбаяртай ярилцлаа. Түүний хувьд “Буруу эргэлт”, “Эзэнгүй бөгж”, “Долоон бурхан харвадаггүй” (Ж.Мөнхбатын хамт), “Хүдэн”, “Эр хүн болгож өгөөч” (Ч.Ганхуягийн хамт) уран сайхны киноны зохиолыг бичихээс гадна “Хүдэн”, “Ноход” киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм.
-Дүрийн цоморлиг болсон бүтээл бол яалт ч үгүй Г.Одон гуайн “Ажлын дараа” зураг-
-Удахгүй нээлтээ хийх “Шүүдэр дундуур” уран бүтээлийн тань талаар тодруулмаар байна. Таны хувьд энэ киноны зохиолыг бичиж, хоёрдугаар найруулагчаар ажилласан. Киноны постероосоо эхлээд өвөрмөц санагдлаа. Төрийн шагналт, ардын зураач Г.Одон “Ажлын дараа” зургаас сэдэвлэсэн байсан?
-Кино урлаг өөрөө уран зурагтай нягт холбоотой. Уран зургаас гэрэл зураг үүссэн. Гэрэл зургийг хөдөлгөөнд оруулах гэсэн эрдэмтэд, шинийг санаачлагчдын дэвшилтэт оролдлого нь даамжраад сонгодог урлаг, яруу найрагтай эн зэрэгцэхүйц хүчтэй нэгэн урлагийн салбар болж гарч ирсэн нь кино урлаг юм. Ерөөсөө үндэс нь уран зураг юм. Хүний амьдралын нэгэн агшныг уран зурагт буулгадаг бол кино зурагт энэ зургаас хойш юу болсон, энэ зургаас өмнө юу болсон тухай үзүүлэх жишээтэй.
Бид “Монгол кино алга боллоо” гэсэн асар их шүүмжлэл дунд амьдарч байгаа уран бүтээлчид. Тэгэхээр үзэгчдээсээ зөв үнэлгээ авахын тулд яах ёстой вэ. Тиймээс бид монгол кино бий болгож, үзэгчидтэй буцааж уулзуулах ёстой хүмүүс болж таарч байгаа юм. Монгол киног бий болгохын тулд яах ёстой вэ гэхээр хуучин өв уламжлалаа эргээд сөхөж харах хэрэгтэй. Б.Ренчин, Л.Түдэв, С.Эрдэнэ гуайн зохиол, Монголын нууц товчоо хуучны яруу найраг унших хэрэгтэй болж байна. Түүнтэйгээ адил хуучны уран зураг өв соёлоо харах шаардлагатай болж байна. Тэр л эрэл хайгуул дээр үндэслэсэн уран бүтээлийн ололт гэх юм уу даа.
-“Киноны ерөнхийнайруулагчбид хоёр Г.Одон гуайн "Ажлын дараа" зургийг харж суугаад л зохиолынхоо санааг олчихож билээ” гэж хэлж байсныг тань сонссон л доо?
-Кино өөрөө дүрийн цоморлиг байх ёстой гэж ярьдаг. Багш нар минь ч тэгж заасан. Бид ч өөрсдөө тэгж боддог. “Говийн зэрэглээ” киноны дүр болгон өөрсдийн гэсэн характертай. Дүр болгон нь үзэгчдийн сэтгэлд үлдсэн. Кино өөрөө дүрийн цоморлиг байж хүнд хүрдэг. Театрт жүжиг үзэхдээ жүжгийн дүр болгоноос хүн өөрийгөө харж болдог шиг, кинонд байгаа 10 дүрээс би үүнтэй адилхан байна гэж өөрийгөө хардаг. Дүрийн цоморлиг болсон бүтээл бол яалт ч үгүй Г.Одон гуайн “Ажлын дараа” зураг юм. Энэ зургаас сэдэвлээд ямар уран бүтээл хийх вэ гэж ярилцаад энэ киногоо хийхээр болсон.
-Таны хувьд нэг хэсэг буриадаар “өвчилсөн” гэхэд болно. Энэ нь удахгүй нээлтээ хийх кинотой холбоотой юу?
-Үгүй ээ. Буриадуудын түүх өөрөө баялаг. Фэйсбүүктээ энэ тухай бичих болсон нь миний өөрийн эрэл хайгуул юм даа. Надад бас буриад цус лугшиж байдаг учир буриадуудын тухай их бичдэг. Цаашдаа ч буриад зон олны тухай уран бүтээл хийх бодол бий. Удахгүй нээлтээ хийх “Шүүдэр дундуур” уран сайхны кино маань зөвхөн буриад ч гэдэг юм уу, тэр дундаа аль нэг үндэстэн ястныг товойлгон харуулах гэсэн кино биш.
-Тэгвэл шинэ уран бүтээлээрээ юу харуулахыг, хэлэхийг зорьсон бэ?
-Одоо үед бүх зүйл хоёр заагтай болсон байна. Шинэ хуучин, баян ядуу, хөгшин залуу, хот хөдөө гэсэн соёлын ялгаа бий болсон байна. Энэ бүх зүйл бидний цөөхөн монголчуудыг улам л хагаралдуулж, хоёр тийш нь холдуулаад байна уу гэсэн санаа байгаа юм. Монгол хайр, монгол уламжлал гэж юу юм гэдгийг үзүүлэхийг зорьсон. Бид өнөөдөр дэлхийн түвшинтэй хөл нийлүүлж яваа ч энэ амьд бус хэрэглээний цаана нүүр нүүрээ хараад уулзаад ярилцдаг, аливаа асуудлыг шийддэг монгол хүний тэсвэртэй, хатуужилтай зан алга болоод байгаа юм биш үү гэсэн өнгө аяс дуугарах болов уу гэж бодож бүтээлээ хийсэн. Монгол хүний тухай өнөө үеийн залуус болоод ахмадуудын дунд залгамж харилцаа байна уу, энэ хэвээрээ үлдсэн үү гэдэг тухай харуулахыг зорьсон.
-Багш биднээс дүр л их шаарддаг байсан-
-Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн удирдлага дор найруулагчийн мэргэжил эзэмшсэн. Одоо болтол мөрдлөг болгож явдаг багшийн тань хэлсэн мартагдашгүй үг гэвэл?
-Манай багш биднээс дүр л их шаарддаг байсан. “Та нарын бүтээсэн киноноос дүр харагдах ёстой шүү” гэж хэлдэг байсан. Дүр гэж яг юу юм бэ гэдэг зүйлийг. Киноноос хүн өөрийгөө олж харахдаа гол нь биш. Хамгийн гол нь өөрийн гэсэн онцлогтой дүрүүдээс ямар нэгэн утга санаа, өгүүлэмж олж аваад гарах ёстой. Түүнийг илэрхийлж, дамжуулах гол хүч зүйл нь киноны дүр байдаг гэж багшийн хэлсэн нь санаанаас огт гардаггүй. Энэ нь ч өөрөө кино зохиол бичих болсонтой минь холбоотой. Манай ангийнхны хувьд ч гэсэн дүр гэж ярих дуртай, хийхийг хичээх дуртай.
-Таны үндсэн мэргэжил кино найруулагч. Гэвч та кино найруулагч гэхээсээ илүүтэй зохиолчоороо танигдсан. Зохиолч болоход танд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Багштай л холбоотой доо. Ангийн багш Б.Сумхүү, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт эрдэмтэн, зохиолч С.Лочин багш нар урам их өгдөг байсан. “Кино зохиолын чиглэлээрээ цаашид явбал яасан юм бэ” гэж дөрөвдүгээр курст хэлж байсан. Өөрөө ч гэсэн оролдоод үзвэл яадаг бол гээд бичиж эхэлсэн. Нэг л мэдэхэд найз нөхөд, ах эгч нараас санал ирээд анхныхаа зохиолуудыг бичиж эхэлсэн. Манай ангийнхан төгссөнийхөө дараахан “Логик фильм” студи байгуулсан. Энэ үедээ нийтийн буюу зохиолын дууг зохиолтой болгоё гэж шийдээд уул хад, голын дэргэд дуулдаг нэгэн загвартай байсныг өөрчлөөд, богино хэмжээний кино зохиол шиг клипний зохиолтой болгоё гэж ярилцаад надад санал тавьсан. Түүнээс хойш нийтдээ 60-аад дууны клипний зохиол бичсэн. Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн “Ижийгээ баярлуулж яваарай”, “Зөвхөн чамдаа”, С.Жавхлангийн “Алсад суугаа ээж”, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Д.Батсайхан нарын “Бодолд өнжсөн хайр” гэх мэт. Нэг клип гэдэг нэг богино хэмжээний кино. Нэг богино хэмжээний кино бүрэн хэмжээний киноны нэг бүлэг байдаг. Үүнээс бас бага зэрэг туршлага сууж, кино зохиол бичих барил гарт орж ирсэн юм болов уу. Бас багаасаа яруу найраг сонирхдог, ном сонин унших дуртай байсан нь ч нөлөөлсөн.
-Сонирхоод асуухад та бас цөөнгүй дууны үг бичиж байсан юм билээ?
-3-4 дууны үг байдаг. “Asian shop” хамтлагийн ахлагч нь Ундаак гээд манай найз байдаг. “Орхидос-2” киноны дууг хамтран хийж байлаа. Бас анхны цомогт нь орсон 3-4 дууны үгийг бичиж байсан. Мөн “Тайга” киноны дууг “Нисванис” хамтлагийн Л.Энх-Амгалан (Амгаа) ахтайгаа хамтран хийж байлаа. “Шүүдэр дундуур” уран сайхны киноныхоо дууны үгийг бичээд бараг дуусч байна.
-Кино урлагт мэргэжлийн кино зохиол байхгүй байна гэж хоёр жилийн өмнө хэлж байсан. Одоо ч гэсэн энэ бодол тань хэвээрээ байна уу?
-Мэргэжлийн зохиолч гэдгийг дипломтой зохиолчид гэж ойлгож болохгүй. Өмнө нь ч гэсэн дипломтой зохиолч байгаагүй байх. С.Дашдооров гуай гэхэд утга зохиолын ажилтан байсан ч мэргэжлийн хэмжээнд кино зохиол бичдэг байсан. Д.Дожоодорж, Ч.Гомбо гуай гэх зэрэг олон хүмүүсийг нэрлэж болно. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. “Нэгдүгээрт кино зохиол, хоёрдугаарт кино зохиол, гуравдугаарт кино зохиол” гэдэг ч юм уу. “Кино зохиол чухал биш. Найруулагч түүнийг амьдруулдаг” гэдэг нэг хэсэг байна. “Кино зохиолгүйгээр газар дээр нь шууд зургийг нь авч хийсэн сайн кино бий” гэж хэлдэг, маргалддаг. Аль алиных нь л зөв. Гэхдээ одоо манай кино урлаг эмх замбараагүй байна. Энэ нөхцөлд яах аргагүй нэгдүгээрт кино зохиол байх ёстой.
-Кинонд хувь оруулсан компаниудыг татвараас чөлөөлөх нь зүйтэй арга юм болов уу-
-Монгол кино огт үздэггүй үзэгч цөөнгүй байдаг юм билээ. Ийм үзэгч олшрох нь хэр аюултай вэ?
-Кино урлаг улс үндэстэн, соёл оршин тогтнох асар том үндсэн хөдөлгүүр. Монгол үзэгчид монгол киногоо үзэхээ болих юм бол тодорхой нэгэн хэмжээгээр нөлөөлнө. Ялангуяа гаднын соёл хүчтэй нөлөөлөх асар том үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Энэ бол одоо нүүрлэчихээд байгаа аюул биш. Гэхдээ бид үүнийг бодох ёстой. Ямар ч байсан монголоор ярьдаг, мэндэлдэг, монгол хувцастай, монгол царайтай хүмүүсийг дэлгэцнээс харж байх ёстой. Оросууд яагаад дэлхийн II дайны тухай киног улс нь ивээн тэтгэж хийлгэдэг вэ, казакстанууд яагаад унасан байгаа кино урлагаа гаднын уран бүтээлчдийг авчраад сэргээж байгаа юм. Түүхийг худлаа ч болов зохиогоод солонгосчууд яагаад олон ангит кино хийгээд байгаа юм бэ. Энэ чинь өөрөө улс оршин байх үндэс шүү дээ. Солонгос киног олон хүн үзэж байвал солонгос соёл улам л хөгжинө, Солонгос Улс илүү баян болно. Манай уран бүтээлчид зарим зүйл дээр назгай цалгар хандаад байгаа юм болов уу. Шинэ эрэл хайгуул хийдэггүй, нөгөө л нэг сайхан дурсамжтайгаа зууралдаад байна. Гэтэл энэ хооронд үзэгчид нь өөрсдөө айхтар болж байна шүү дээ.
-Кино урлагийг төрөөс дэмжих ёстой гэж энэ салбарын уран бүтээлчид хэлдэг. Таны бодлоор яг яаж дэмжих ёстой вэ. Бодлогоор дэмжих ёстой гэдэг. Тэгвэл бодлогодоо юуг чухалчилсан байх ёстой юм.
-Кино уран бүтээлчдийн зөвлөгөөн болгонд тэр бүр очоод байдаггүй, албан ёсны арга хэмжээнд ч цөөн оролцдог учир энэ асуулт ахадсан асуулт байна. Миний хувьд кинонд хувь нэмэр оруулсан компаниудыг татвараас чөлөөлөх нь зүйтэй арга юм болов уу гэж боддог. Түүхэн кинонд хувь оруулсан таван үндэсний компанийг татвараас чөлөөлөх гэдэг ч юм уу. Энэ ивээн тэтгэсэн үндэсний таван кино компанийн мэдээлэл нь кинотойгоо хамт гаднын зах зээл дээр гарч чадвал монголын үндэсний үйлдвэрлэл гадаадад гарах нэг алхам болох байх. Үүнийгээ дагаад монголын кино урлаг гаднын зах зээлд гарах боломж бий байх. Яагаад энэ арга зөв юм бэ гэвэл өнөөдрийн кино уран бүтээлчид мөнгөгүй. Үзэгчид юу нэхдэг вэ гэхээр “Та нар Солонгосын түүхэн кино шиг кино яагаад хийж чаддаггүй юм бэ”, “Яагаад гаднын уран бүтээлчидтэй хамтран кино хийдэггүй юм бэ” гэдэг. Хариуд нь хэлэхэд “Бид нарт мөнгө алга байна”. Түрээсийн байранд амьдардаг, хамгийн бага бензин хэрэглэдэг машин унаад явж байгаа, автобус автобус дамжин кино зохиолоо хүн бүрт уншуулаад явж байгаа залуучуудад энэ бол ахадсан зүйл.
-Шинэ сэдэв гэхээсээ илүүтэй, шинэ хэлбэр хийц, шинэ өгүүлэмж агуулга хэрэгтэй-
-Зохиолынхоо сэдэв санааг хаанаас олдог вэ. Кино зохиолчид сэдвээ олох гэж маш их эрэл хайгуул хийдэг шиг санагддаг?
-Янз бүр. Хүмүүстэйгээ ярилцаж байгаад олно. Бие биенээсээ асууж сураглана, хүмүүсийн яриаг их сонсоно. Надад их олон найз бий. Халаасны хулгайчаас эхлээд УИХ-ын гишүүн болсон найз хүртэл бий. Энэ бүхэнтэй уулзаад ярилцаж байгаад зохиолынхоо сэдвүүдийг олдог л доо. Кино зохиол бичиж сурах юмсан гэж оролдож байхад том агуу зүйлүүд санаанд орж ирдэг байсан л даа. Гэтэл бидний дэргэд, яг хажууд байгаа киноны сэдвүүдийг анзаарч хардаггүй байсан. Надтай ярилцсан 10 хүний гурваас нь би шинэ санаа олж, тэр гурвын ярьсан яриаг нь тодорхой хэмжээнд кинондоо тусгадаг болж байна. Жишээлбэл, миний хуучин амьдарч байсан байрны жижүүр эгч байсан. Соёлын ордны кино механикчийг маш олон жил хийсэн хүн. Тэр эмээ надтай зөвлөлтийн нэрт найруулагч Андрей Тарковскийн талаар ярилцдаг байлаа. Тарковскийн шарил дээр “Энд бурхантай уулзсан хүн нойрсч байна” гэсэн байдаг. Эндээс харахад тэр хүн ямар агуу найруулагч байгаа вэ. Гэтэл Тарковскийн талаар ярилцдаг орцны жижүүр эгч байна гэхээр надад гайхалтай санагдаад байдаг. Түүний талаар зохиол бичих бодол бий. Энэ нь кино болон амьдрахгүй, зөвхөн надад л сонирхолтой зүйл байж болно л доо.
-Шинэ санаа олсон тэр өдөр уран бүтээлчдийн хувьд хамгийн жаргалтай өдөр байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ одоо хүмүүс ярьж байна л даа. Холливудынхны сэдэв дууссан. Эргээд хуучны киногоо хийж эхэллээ. Оросын уран бүтээлчид ч гэсэн хуучны кинонуудаа шинэчилж байна. “Ийм нэгэн явдал”, “Алтан дуулганы хэрэг”, “Кавказад болсон явдал” зэрэг кинонуудыг бүгдийг нь шинэчилсэн. Одоо бидэнд шинэ сэдэв гэхээсээ илүүтэй, шинэ хэлбэр хийц, шинэ өгүүлэмж агуулга л хэрэгтэй байна.
-Зохиолын ажил аль үед, ямар улиралд хамгийн ахицтай урагшилдаг вэ?
-Ялгаагүй. Зундаа бол судалгааны ажлаа түлхүү хийнэ. Интернетээс мэдээлэл аваад түүнийгээ кино зохиол болгоно гэдэг хэцүү. Болж өгвөл хууччуултай ярилцах, аль эсвэл залуучуудтай хамт шөнийн цэнгээний газар хамт ороход өөр шүү дээ. Залуучууд өнөөдөр юу өмсч, юуг мөрөөдөж явдгийг харж, аль эсвэл хөгшчүүдтэй хамт ирээдүйдээ санаа зовж байж зохиолчид, уран бүтээлчид уран бүтээлээ хийх ёстой. Би 30, 40 жилийн турш аавтайгаа хамт байгаа мөртлөө тэр хүний үзэж туулсан бүхэн одоо хүртэл шавхагдашгүй баялаг байдаг. Намайг очих бүрт шинэ санаа, шинэ зүйлийн тухай ярьдаг. Амьдралын хар ухаан, ахуйн философиуд нь ундарч л байдаг. Ганц манай аав ч биш маш олон ахмад ийм л байдаг.
-Таны хамгийн “урт настай” зохиол хэдэн жилийн настай бэ?
-“Зэрэгцээ ертөнцийн тухай” гэх юм уу “Цаг хугацааны нүх” гэж нэрлэмээр ч юм уу нэг тийм зохиолыг 2007 оноос хойш одоог хүртэл бичиж байна. “Жаалхүү” гээд кино зохиолыг 2012 оноос хойш бичиж байна. Бэлэн болохыг найруулагч нар нь хүлээж байгаа кино зохиолууд юм.
-Хүн болж төлөвшихөд нөлөөлсөн тоостой гудамжнуудынхаа тухай бичих юмсан гэж боддог-
-Мэдрэмж гэж юу вэ. Зөвхөн авьяастай хүнд л байх ёстой зүйл үү?
-Тайлбарлахад их л хэцүү юм. Авьяас гэдэг чинь санскрит хэлээр дадал гэсэн үг. Нүдээ аниад сонгино хэрчих гэдэг бол авьяас. Энэ нь өөрөө дадлаас бий болсон шүү дээ. Үүнийгээ дагаад бас мэдрэмж явж байдаг. Мэдрэмж гэдэг эзэмшсэн мэргэжилдээ дадаж сурахыг хэлнэ байх.
-Зохиолчоор ажиллахаа больё доо гэсэн бодол төрж байсан үе бий юу?
-Мэдээж байсан. Одоо бол “Монгол кино үздэггүй шүү дээ” гэж хэлдэг хүмүүсийг маш цөөхөн болтол нь өөрийн гэсэн өнгө аястай, тийм кино зохиолч болох юмсан, илүү олуулаа болох юмсан гэж боддог. Бас маш олон залуучууд кино зохиол бичдэг болоосой, энэ нь өөрөө маш том зах зээл болон хувираасай, энэ хэрээр дэлхий нийт монголын кино зохиолчдыг үнэлдэг, таньдаг байгаасай гэж боддог. Энэ л миний хамгийн том мөрөөдөл. Миний амьдралын хамгийн том утга учрын нэг нь кино зохиол. Магадгүй зарим үед гэр бүлээс минь урд тавигддаг.
-Түүхэн сэдвээр кино хийх боломж олдвол Монголын түүхийн аль нэг цаг үеэр кино хийх вэ?
-Ардчилсан хувьсгал. 1980-1990-ээд оны үеийн хүн болж төлөвшихөд минь нөлөөлсөн тоостой гудамжнуудынхаа тухай, саарал байшин, ширүүн дориун залуучуудынхаа тухай, цус нөжөө гартал зодолдоод явдаг байсан ч бие биендээ туслаад явдаг байсан жинхэнэ эрчүүдийн тухай бичих юмсан гэж боддог. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын тухай бас хийнэ.
-Гэр бүлийн хоёр бие биенийгээ дагаж гунддаг бас сэргэдэг-
-Гэр бүлийн хүн тань урлагийн хүн. Тиймээс таны хамгийн сайн зөвлөгч, дэмжигч, туслагч болдог байх?
-Эр хүн хүчтэй явахын үндэс суурь нь эмэгтэй хүн. Эр хүн хүчтэй байхад айлын гэргий өнгө засаад л байдаг. Бие биенийгээ дагаж гунддаг, сэргэдэг шиг санагддаг. Уран бүтээлийн хувьд ахиц дэвшилгүй байх үед дагаад гунддаг, олз омогтой уран бүтээлийн онгодтой байхад дагаад сэргэдэг. Манай гэр бүлийн хүнийг Т.Мөнхсарнай гэдэг. Дизайнер мэргэжилтэй. “Хүдэн” киноны ерөнхий зураачаар ажилласан. “Логик фильм”-ийн найруулагч Х.Баяраагийн найруулсан “Диваажингийн нулимс” киноны хувцасны зураач, стилистээр ажилласан.
Монголын кино урлагийн түүхэнд тасалдаад алга болсон нэг зүйл бол хувцасны зураач. Манай зарим уран бүтээлчид кинондоо юу таарснаа өмсдөг. Киноны дүрийг тодорхойлоход хувцас гадаад үзэмж асар их нөлөөтэй. Өрөнд орсон хүн брэндийн костюм өмсөөд залуучуудын хүсэл мөрөөдөл болсон байшинд амьдраад байж болохгүй. Ийм кинонуудыг манайхан хийсэн л байдаг. Энэ бүхэн зураачдын шийдэл, дутаж байгаагийн илрэл л дээ.
-Таны зохиолч, ерөнхий найруулагчаар нь ажилласан “Хүдэн” киногоор “Улаанбаатар 2014” олон улсын кино наадам” нээлтээ хийж байсан. Энэ кинон дээр гол дүрийн залуу аав болж байгаа хэсэг их гоё санагддаг. Эрэгтэй хүн аав болсноор хэр их өөрчлөгддөг вэ?
-Тэс ондоо болно. Амьдралд хандах хандлага нь өөр болно. Өмнөхөөсөө илүү буурь суурьтай, үг цөөтэй болно. Хэлэх үгээ тунгаадаг, үйлдэл бүрээ цэгнэдэг болно. Ирээдүйн амьдралдаа өмнөхөөсөө илүү санаа зовдог болно. “За яах вэ чи. Өөрөө аав болоод ойлгоно оо” гэсэн аав, ээжийн үгийг утгаар нь ойлгодог болно. Бас аав ээжийгээ илүү их хайрлана.
-Уран бүтээлчдэд ялангуяа зохиол найруулагч нарт ганцаараа баймаар санагддаг үе их олон гардаг байх. Таны хувьд ямар үед ганцаараа баймаар санагддаг вэ?
-Ганцаараа байх дуртай. Илүү чөлөөтөй болно. Ганцаараа ярина. Шинэ уран бүтээл рүү орох, уран бүтээлийн санаа олоод түүнийгээ боловсруулах үедээ ганцаараа байдаг. Кофегоо уугаад, тамхиа татаад сууж байхад толгойд байгаа бодлууд төвлөрч, эмх замбараагүй олон бодол цэгцэндээ ордог.
-Сүүлийн үед залуус артхаус кино сонирхох болсон. Энэ талаарх таны бодол?
-Маш зөв хандлага. Киноны хамгийн цаад мөн чанарыг танихын төлөө тэмүүлж байна. Рок хөгжим сонсдог бол хамгийн хүнд төрлийг нь сонсохыг хүсдэг шиг кино урлаг сонирхож байгаа бол жинхэнэ хүний сэтгэлд хүрэх увидастай бүтээл гэж юу юм бэ гэдгийг сонирхох хэрэгтэй. Оргилд нь байдаг бүтээлүүд арт чиглэлийн бүтээл байдаг. Оргил руу нь тэмүүлэхгүйгээр аливаа юмыг сонирхож, өөрт нааж шингээнэ гэж байхгүй.